Хятадын дарга Си Жиньпин ирэх таван жилд их гүрнийг удирдах эрх дархаа баталгаажуулсны дараа Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүдийг томилсноо зарлалаа.
Долоон хүний бүрэлдэхүүнтэй тус хороонд шинээр таван эрхэм харьяалагдах болжээ. Ирэх таван жилд Си Жиньпин болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян нараас гадна ЛИ ЖАНЬШҮ, ВАН ЯН, ВАН ХУНИН, ЖАО ЛӨЖИ, ХАН ЖЕН нар Улс төрийн товчооны байнгын хороог бүрдүүлэх аж.
Байнгын хорооны шинэ гишүүдийг олон нийтэд албан ёсоор танилцуулсны дараа БНХАУ-ын дарга Си Жиньпин хэлсэн үгэндээ “Өнгөрсөн таван жилд бид өргөн хүрээг хамарсан тойм зураглал бий болгосон. Зарим үүрэг даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн. Одоо дахиад хийх ажил их бий” хэмээжээ.
Мөн “Олон арван жилийн хүчин чармайлтын үр дүнд Хятад маягийн социализм шинэ эрин үед шилжиж байна” гэж Си онцолсон байна.
ЗАЛГАМЖЛАГЧГҮЙ УДИРДАГЧ
Улс төрийн товчооны байнгын хорооны шинэ бүрэлдэхүүнд Сигийн залгамжлагч гэх хүн байхгүй. Уламжлалыг эвдсэн энэ хэрэг 2022 онд Си хоёр дахь бүрэн эрхийн хугацаа нь дууссан ч үргэлжлүүлэн улсаа удирдана гэх мессежийг дэлхий нийтэд өгсөн юм.
Байнгын хорооны шинэ гишүүд бүгд 60-аас дээш настай. Хамгийн залуу нь болох Жао Лөжи энэ жил 60 настай аж. Харин Си Жиньпин 2007 онд Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн болохдоо 54 настай байжээ.
Жао овогт Хятадын улс төрийн хамгийн хүчирхэг албыг хашна. Тэрбээр Сигийн баруун гар гэгддэг Ван Цишаний оронд ХКН-ын авлигатай тэмцэх үйл хэргийг удирдан ажиллах юм. Ван төрийн өндөр дээд алба хаших насны дээд хязгаарыг давсан тул ажлаа хүлээлгэн өгчээ.
С.ЦЭЛМЭГ