Солонгосын хойг анхаарлын төвд байна

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Солонгосын хойг анхаарлын төвд байна

Төрийн ордонд ажлаа үргэлжлүүлж байгаа Ази-Номхон далайн парламентын 19 дүгээр чуулганы төлөөлөгчид одоо Солонгосын хойгийн асуудалд анхаарлаа хандуулан хэлэлцэж байна. Японы төлөөлөгч Такүми Шибата Хойд Солонгосын зүгээс Өмнөд Солонгос руу гал нээсэн, өнгөрсөн оны гуравдугаар сард усан онгоц живсэн зэргээс үүдэн тус хойгт хурцадмал байдал үүссэнд харамсч буйгаа илэрхийллээ. Хойд Солонгост хүний эрх зөрчигдөж, гадаад орнуудаас хүн хулгайлах зэрэг ноцтой асуудал үүсдэгт олон нийт анхаарлаа хандуулах хэрэгтэйг тэрбээр онцолж байв. БНАСАУ-ын тал Япон, БНСУ-аас хүн хулгайлдгийг ноён Такүма Шибата дурдаж байсан юм. Хойд Солонгос цөмийн зэвсгээр хөөцөлдөж байгаа нь олон улсын хамтын нийгэмлэгт сөрөг нөлөө үзүүлж, зургаан талт хэлэлцээрийг үр дүнгүй болгож мэдэхээр байгаад Японы төлөөлөгч сэтгэл түгшиж буйгаа илэрхийллээ. Иймд олон улсын зүгээс БНАСАУ-д дипломат аргаар шахалт үзүүлэх ёстой гэсэн байр суурьтай байдгаа тэрбээр илэрхийлсэн юм.

Индонезийн төлөөлөгч Азбар Абукабар Солонгосын хойгийн асуудал бүс нутгийн төдийгүй дэлхий нийтийн халуун цэг болсоор ирснийг хэлж байв. Хоёр Солонгосын харилцаа хурцадмал байдалд орж хилийн орчимд харилцан цэргийн сүрийг үзүүлсэн хээрийн сургууль хийж байгаа нь хүсүүштэй хэрэг биш хэмээн тэрбээр хэлж байсан юм.

Харин халуун цэгээс ирсэн БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Ким Ён Гу Ази-Номхон далайн орнуудын зүгээс хамтын ажиллагаагаа бэхжүүлж, тунхаглалын бус жинхэнэ энх тайвныг тогтоох хэрэгтэйг чуулганы индрээс уриаллаа. Хойд Солонгост нээлттэй шинэчлэл хийхэд нөлөөлөх, цөмийн зэвсэггүй болгох нь нэн чухал асуудал болохыг тэрбээр хэлж байв. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, АСЕАН-ы орнууд үүнд чухал нөлөөтэй гэж тэрбээр хэллээ.
Канадын төлөөлөгч Брайон Вилфэрт Солонгосын хойгт энх тайван тогтооход зургаан талт хэлэлцээрээс гадна өөр механизм хэрэгтэй. БНХАУ-ын үүрэг, чармайлт үүнд нэн чухал болохыг онцоллоо.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж