Авлигатай тэмцэх газар /АТГ/ сар бүрийн 25-нд хяналт, шалгалтын талаар мэдээлэл өгдөг. Энэ удаад төрийн байгууллагуудад илэрсэн зөрчил, нийтийн албанд шинээр ажилд орохоор хөрөнгө орлогоо мэдүүлсэн иргэд болоод албан тушаалтнуудын ашиг сонирхлын зөрчлийг онцоллоо.
АТГ-аас төрийн байгууллагуудад хийсэн шалгалтаар дараах нийтлэг зөрчлүүд их гарчээ.
- Төрийн албан хаагчдыг хууль зөрчиж томилдог,
- Хуульд заасан хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргадаггүй,
- Хуульд заагаагүй төлбөр хураамжийг албан тушаалтнуудын тушаал, шийдвэрээр тогтоодог,
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж худалдан авалт, тендер сонгон шалгаруулалт зохион байгуулдаг,
- Үнэлгээний хорооны үйл ажиллагаа хууль зөрчсөн, зарим албан тушаалтны үзэмжээр худалдан авалт зохион байгуулдаг,
- Төсөвт өртгийг нэмэгдүүлж төсвийн үр ашигтай байх зарчмыг зөрчиж худалдан авалт хийдэг,
- Тодорхой хэдэн компани аж, ахуйн нэгжийг сонгон шалгаруулалтад оролцуулдаг,
- Төсвийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчиж албан хаагчдадаа урамшуулал хавтгайруулан олгодог,
- Үйл ажиллагаандаа дагаж мөрдөж байгаа дүрэм, журам нь холбогдох хуулийн заалт зөрчсөн,
- Үндэслэлгүй төлбөр хураамж тогтоосон болоод аливаа зөвшөөрөл олгохдоо хуульд заагаагүй бичиг баримт нэхдэг, хүнд суртал үүсгэдэг,
- Дотоод хяналтын үйл ажиллагааг хангалттай хэрэгжүүлдэггүй, албан хаагчдадаа хариуцлага тооцдоггүй нь илэрчээ.
Тухайлбал, “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компани 2015 онд 2,2 тэрбум, 2016 онд 2,7 тэрбум, 2017 оны нэгдүгээр улиралд 381 сая төгрөгийн ажилчдаа урамшуулахад зарцуулсан байна. Урамшуулалд зарцуулсан төсөв нь зарим байгууллагын бүтэн жилийн төсөвтэй тэнцэж буй юм.
НЕТГ-т Хувьдаа зураг төслийн компанитай иргэн архитектороор ажилд орохоор зэхэж байжээ
Өнгөрсөн нэг сарын хугацаанд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1029 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ хүлээн авч шалгажээ. Тэдгээрээс 821 иргэний мэдүүлгийг хянаж дууссан байна. Цагдаагийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас хамгийн олон мэдүүлэг хянуулахаар ирүүлснээс илт зөрчилтэй хоёр хүн байжээ.
Тодруулбал, нийслэлийн Хот төлөвлөлт Ерөнхий төлөвлөгөөний газрын ерөнхий архитекторын ажлын албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэн Б нь илт ашиг сонирхлын зөрчилтэй нь тогтоогджээ. Иргэн Б нь ажлын байрны тодорхойлолтын ерөнхий шаардлагыг хангаагүйгээс гадна хувьдаа барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанитай байжээ. Энэ нь эрхлэх асуудлын хүрээнд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй гэж АТГ үзсэн байна.
Хоёр дахь зөрчил нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгчээр томилогдохоор нэр дэвшсэн иргэн Д-тэй холбоотой. Тэрбээр Улс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр ажилладаг нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн үйлдэл болжээ. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д төрийн жинхэнэ албан хаагч ‘аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэх’-ийг хориглоно гэж заасныг зөрчсөн гэж иргэн Д-г АТГ буруутгажээ.
- Албан тушаалтны ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 100 гомдол АТГ-т иржээ.
- Албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгосон,
- Албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчил гаргаж, албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн,
- Ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус томилгоо, шийдвэр гаргасан гэх өргөдөл гомдол олон байсан аж. Ялангуяа Орхон, Баянхонгор, Дундговь аймагт ажилладаг төрийн албан хаагчидтай холбоотой өргөдөл их иржээ.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн … дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д нь хууль бус төлбөр хураамж аваад зогсохгүй хамаатнаа ажилд авсан гэх гомдлыг АТГ шалгажээ. Ингэхэд Д нь албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт, хязгаарыг зөрчсөн болох нь тогтоогдсон байна. Тиймээс эрхлэгч Д-д хариуцлага тооцож, зөрчлийг нь арилгуулахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод үүрэг болгожээ.
Өөр нэг ноцтой гомдол нь Өмнөговь аймгийн …. сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал А нь өөрт ойрхон хүндээ ашигтайгаар шийдвэр гаргасан тухай байсан юм. АТГ гомдлыг авч шалгахад хууль зөрчсөн нь тогтоогджээ. Улмаар захирал А-г нэг сарын цалингийн 30 хувиар торгон хариуцлага тооцсон гэв.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ