Хуулийн төсөлд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндсэн зарчим, агаарын бохирдлыг бууруулах талаар УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, нийслэлийн ИТХ-ын хэрэгжүүлэх бүрэн эрх, нийслэлийн байгууллага, аж ахуйн нэгж, оршин суугчдын хүлээх үүргийг тодорхой болгож, шат шатандаа санаачлагатай, хуулийн хүрээнд ажиллаж байх харилцааг зохицуулахаар тусгажээ. Мөн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах хязгаарлалтын бүсийг тогтоох, түүний хүрээ хязгаарт хориглох үйл ажиллагаа, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг тусгасан байна. Хязгаарлалтын бүсийн нутаг дэвсгэрийг нийслэлийн ИТХ тогтоож, энэ бүсэд амьдарч байгаа айл өрхийн цахилгаан эрчим хүчний хангамж, цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээг сайжруулж даац, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн бусад хойшлуулшгүй арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэхээр заажээ.
Түүнчлэн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах шат дараатай арга хэмжээг төлөвлөж, уг хуулийн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдсон УИХ-ын тогтоолын төслийг хамтад нь боловсруулсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.