Н.Баяртсайхан: Ирэх онд нэг тэрбум доллар орж ирнэ | News.MN

Н.Баяртсайхан: Ирэх онд нэг тэрбум доллар орж ирнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

Н.Баяртсайхан: Ирэх онд нэг тэрбум доллар орж ирнэ

Н.Баяртсайхан: Ирэх онд нэг тэрбум доллар орж ирнэ

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжив. Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 


УИХ-ын гишүүн Н.Баттөмөр

-Ирэх оны төсвийн төсөл тодорхойгүй байхад Мөнгөний бодлого ярьж байгаа нь хэр оновчтой юм бол. Алт цэвэршүүлэх үйлдвэрийг өнгөрсөн 27 жилийн турш ярьж байна. Яагаад энэ үйлдвэрээ барьж болохгүй байна вэ? Олон улсад нэг кг алтыг хэдэн төгрөгөөр цэвэршүүлж байна. Алт авчихаад хадгалаад байх нь эдийн засагт үр өгөөжтэй юу? Орчин үед алтны нөөцийг ашигтай байлгах талын ямар хэрэгжүүлж байна вэ?

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан

Төсөв, Мөнгөний бодлого уялдаа холбоотой боловсруулагдсан. Засгийн газар 2018 оны төсвийг буцаан татсан ч ерөнхий тоон үзүүлэлтээ хоорондоо ярилцаж байж 2018 оны төсвийн төслийг боловсруулсан, ойрын үед өргөн барина.

2018 онд Монголын эдийн засагт тогтворгүй байдал үүсэхгүй гэдэгт итгэлтэй байна. 2016, 2017 он бол амаргүй байсан. Энэ он жилүүдийг бид амжилттай даван туулсан. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хоёрдугаар шатны үнэлгээ явагдаж байна. Үнэлгээ амжилттай явагдах юм бол 2017 онд багтаад 580 сая ам.доллар орж ирнэ. 2018 онд 1 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө орж ирнэ. Энэ боломжийг ашиглаж том төслөө хөдөлгөх цаг болсон. Ингэж байж манай эдийн засаг хурдтай өснө.

Алт цэвэршүүлэх үйлдвэрийг Казахстанд 60 сая орчим ам.доллараар байгуулсан байна лээ. Энэ үйлдвэр жилд 50-60 тонн алт цэвэршүүлэх чадалтай. Үйлдвэр байгуулах ерөнхий ханшийг 60 сая ам.доллар гэж харж байна. Хэрэв хувийн хэвшлээс алт цэвэршүүлэх үйлдвэр барих санал гаргавал бид дэмжинэ. Одоо манай улс алтаа Швейцарийн алт цэвэршүүлэх үйлдвэрт цэвэрлэдэг. Нэг унци алтыг цэвэршүүлэхэд 1,2 ам.долларын зардал гардаг. Монголбанк алт худалдаж аваад, хадгалаад байгаа юм биш. Бид алтаа цэвэршүүлээд худалдаж, валютын нөөцөө нэмэгдүүлдэг.

-УИХ-ын гишүүн Б.Жавхлан

Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх эрсдэл рүү Монгол Улс орчих юм бол эцсийн дүндээ зээлжих зэрэглэл байхгүй болно. Тэгэхээр бүх юм зогсоно. Уг нь хэдэн жилийн өмнө цагаан жагсаалт руу орсон. Гэвч хууль эрх зүйн орчинд хийх нэмэлт өөрчлөлт хугацаа алдаж байгаа тул бид саарал жагсаалт руу орох эрсдэлтэй байна. Хоёрдугаарт, зээлийн хүүгийн бичиг баримт нэлээд үр дүнтэй бүтээлч болоосой гэж хүсч байна. Урьд нь хэд хэдэн удаа УИХ-д оруулсан, хэрэгжээгүй. Энэ удаад бүтээлч хэрэгжээсэй гэж хүсч байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

-Ам.долларын ханшийг бууруулах тал дээр сайн ажиллаарай. Төр валютын ханшийг бууруулах сонирхолгүй байна гэж би заримдаа харддаг. Тэгэхээр валютын ханшийн дээд хязгаар, зээлийн хүүгийн дээд хязгаарыг тавих ёстой байна.

Байнгын хороогоор хэлэлцсэн дараагийн асуудал бол Компанийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. Энэ үед Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Төрийн өмчийн асуудлыг ердийн олонхоор шийдэж болохгүй” гэж үзээд хойшлуулах горимын санал гаргав. Уг саналыг Байнгын хорооны гишүүд дэмжсэн тул Комапнийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Үүний дараа Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүгийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэж эхлэв.

Т.ДАВААНЯМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

БАТ инженер 2017-10-25

Ам долларын ханшийг өндөр байлгах сонирхол төрд байгаа нь үнэн шүү. Та нар харин зөв ажигласан байна шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж