Илүүдсэн амь гэж үгүй | News.MN

Илүүдсэн амь гэж үгүй

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

Илүүдсэн амь гэж үгүй

Япон улс 2013 оноос эхлэн газрын ховор элеметыг Казахстанаас импортлож эхэлнэ гэж Yomiuri сонинд өгүүлжээ.

Отгонтэнгэр хайрханд авиралт хийгээд буух замдаа 17 уулчин цасан нурангид осолдсон харамсалтай хэрэг гарлаа. Төрөөс хүн хүч, техникийн багагүй зардал гаргаж, богино хугацаанд эрэн хайх ажиллагааг явуулсны үр дүнд өчигдөр оройн байдлаар 14 уулчны цогцсыг олоод байна. Үйл ажиллагааны зардлыг тооцож болох хэдий ч, эрдэнэт хүний амь насны гарз хохирлыг тооцож хэрхэн чадахсан билээ. Мөнгөөр хэмжиж үл чадах үнэ цэнэтэй зүйл бол энэ. Хэрэг явдалтай холбогдуулж иргэдийн харууссан, харамссан гунигаас гадна “хохь нь”, “өөрсдийнхөө амийг золиослогч” энэ тэрээр эрсдэгсдийг буруутгасан, тавласан дэндүү увайгүй үзэл бодол сошиал ертөнцөөр нэг тархаж байх юм. Монгол хүн яагаад амь насандаа ийм хайхрамжгүй, бие биенийхээ үхэл, хагацал, зовлон гунигт хатуу балмадаар ханддаг болоо вэ?

Бидний цөөхөн бас ядуу монголчууд биеэ, тэр тусмаа бие биесээ үл хайхрах юм бол өөр хэн хайрлах юм. Монголд илүүдэл хүн гэж үгүй. Ид хийж бүтээх насны энэ олон залуусын халуун амь нэг дор өнгөрчихлөө. Юутай хайран. Юутай харамсалтай. Дэндүү болгоомжгүй, салан задгай хэт хайхрамжгүй, дураараа байдал маань эргээд ямар их эрсдэл аюулыг дагуулж байна вэ?

Үйлдвэр, зам тээврийн осол, өвчин зовлонгоос гадна ийм байдлаар монгол хүний амь үрэгдээд байхыг цаашид тэвчээд байж боломгүй ээ. Хорвоо ертөнцийн жамаараа бус, золгүй шалтгаанаар эндэгсдийн статистик өссөөр байгаад дор бүрнээ нэгийг бодож, хоёрыг тунгаах цаг нэгэнт иржээ. Нийгмийн болоод хувь хүний зүгээс хүлээх хариуцлага ямар ихээр сулраа вэ.

Хариуцлагагүй, хайхрамжгүй зоргоор явдал даамжирсаар амь насаараа ийн төлөөс төлөх нь хэрээс хэтэрлээ. Болоод өнгөрсөн эмгэнэлт осолд хэн нэгнийг буруутгахаасаа илүү алив нэгэн дүрэм заавар, хууль гаргасан юм бол түүнийгээ ягштал дагаж мөрдөж хэвших нь бидэнд туйлаас эрхэм болохыг ухамсарлах ёстой юм. Хэрэвзээ, БОАЖ-ын сайдын 2015 онд гаргасан Отгонтэнгэр хайрханд авирахыг хориглосон шийдвэрийг уулчид тоомсорлосон бол… байгаль хамгаалагчийн үгэнд ороод буцсан бол…аюулгүй байдлаа чухалчилж ядаж л олсонд олууллаа холбогдоогүй бол гэсэн хэт хэнэггүй зоргоор араншингаас үүдсэн харамсалтай алдаа дахиад хэзээ ч давтагдахгүй байхыг энэ ослоос сургамжлан үлдэх нь чухал юм даа.

Зөвхөн уулын спортод төдий бус монголчууд бид хэтэрхий дураар авир байдлаасаа болж ямар их хохирол амсаж байгаа билээ. 2017 оны эхний улиралд гэхэд л зам тээврийн ослоор 147 хүн, үйлдвэрийн ослоор 18, гал түймэрт 25, үер усны аюулаар 18, уурхайн ослоор 13 хүний амь эрсэдсэн гэх хэрдхиймээр тоо баримт байна. Энд эмч, эмнэлгийн ажилтнуудын алдаанаас болж эндсэн иргэдийн тоо орсонгүй гээд бодохоор монгол хүн амь нас юутай үнэ цэнэгүй үрэгдэнэ вэ? Ямар дайн дажин болж байгаа биш, гагцхүү бидний хариуцлагаас хамааралтай гээд бодохоор даанч харамсалтай. Бид гаргасан хууль дүрмээ дага даг биелүүлдэг, аливаад дэг тэй журамтай, хариуцлагатай үндэстэн байхынхаа чухлыг ухаарахад хэчнээн хүний амь насны золио шаардлагатай юм бол.

Эх сурвалж: ‘Засгийн газрын мэдээ’ сонин

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-25 202.21.125.130

Нойр хүрэхгүй түгшүүртэй хэцүүү байна. Бид хэдүүлээ билээ монголчууд. Хайран сайхан хүмүүс. Гэхдээ энэ дураараа клуб байгуулж байгаа уулчдыг журамлах хэрэгтэй. Хотын ойр орчмын ууланд алхалт хийгээд уулчид гэж нэрлээд мөнгөтэй, зөв чөлөөтэй, хоббиндоо хөтлөгдсөн хүмүүсийг маш ихээр уруу татаж байна. Эртхэн төр анхаарлаа ханудулах хэрэгтэй. Манай хамаатны олон залуус энэ кллубүүдийн гишүүн болжээ. Амралтын өдөр уул хадаар гйүгээд монгол хүний гэрсэг амьсаг, үнэт чанар үгүй болох нь. Ард нь хариуцлага амь нас., мөнгө санхүү гээд тоолж, үнэлж барашгүй их зүйл дагалдаж байна. Ар гэрийн амьдрал үүнээс болж хаягдаж байна. Одоо л анхаарах хэрэгтэй төр засгийн албан тушаалтнуудаа

Avatar

Зочин 2017-10-25 202.9.43.57

Дор зөв бичжээ. Эрсэдсэн хүмүүсийг хохь нь гэлтэй биш. Маш харамсалтай зүйл боллоо. Гэхдээ санаа авах зүйл ихийг бодогдуулахаар юм боллоо доо. Дэндүү бодлогогүй алхам хийжээ. Хайран сайхан залуусын алтан амь.

Avatar

zochin 2017-10-25 203.91.119.102

4 бэрхч цолыг нь БОАЖ сайд өгдөг юм уу

Avatar

Зочин 2017-10-25 103.11.194.254

Маш харамсалтай. Гэхдээ ингээд өнгөрөх биш зохион байгуулсан хүмүүст хариуцлага ярих ёстой. Энэ олон хүний амь насыг эрсдэлд оруулна гэдэг чинь маш том гэмт хэрэг. Алхагч, авирагч хоёр бол тэс өөр. Хотын ойрхон хэдэн ууланд алхалт хийсэн хүмүүс ч явсан байна. Тэднийг уриалан дагуулж явсан, мөнгө төгрөгийг нь авсан зохион байгуулагчдаас гэр орныхон нь хариуцлага нэхэх ёстой. Яахаараа 2015 оноос хорьсон уул руу заавал явдаг юм? Байгаль хамгаалагч хорьсоор байтал яагаад зөрчив? Яагаад цас мөс бэхжээгүй байхад олуулаа нэг олсонд нэг дор явж эрсдэлтэй алхам хийв? Ийм айхтар эрсдэлтэй аялалд хүмүүс авч явахдаа амь даатгал хийлгэсэн үү? Уулчид клубууд нь хамаг зар, пост юмнуудаа устгачихсан байна лээ. Хариуцлагаас айсандаа тэр. Дээрээс нь хүмүүсийн асуултад – Отгонтэнгэррт одоо гарахад гайгүй зүгээр, бид аюулгүй байдал даана хариуцна гээд л хариулж байсан юмнаасаа болж хэрэгт орно гэж айсан байх. Хариуцлага ярих л ёстой. 17 хүн арай л дэндүү олон хүний амиар тоглолоо шүү дээ. HIKING bol ALPINISM bish shuu!!!!!!!!!! Алхагчид бол уулчид, альпинистууд биш гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

Avatar

Журам 2017-10-25 202.70.40.219

Клубуудыг журамлах хэрэгтэй гэдэг санал нийлж байна. Зүгээр харуусал илэрхийлээд өнгөрөх биш. Хариуцлага ярих хэрэгтэй

Avatar

иргэд 2017-10-25

Үнэхээр л анхаармаар ач холбогдол өгмөөр зүйл бичсэн байна,бид яриад шагшаад өнгөрөх бус хэрэгжүүлэх санаж биелүүлэж байх нь чухал юм,байгаа зүйлийг үнэнээр нь,хариуцлагагүй юмыг тэр байдлаар нь хэлсэн бичсэн нөхөдөө элдвээр хочлож,хүн чанаргүй,хатуу цэвдэг сэтгэлтэн энэ тэр гэж гоочлохоо боль,үнэхээр хэнэггүй буруу юм хийсэнийг үнэнээр нь хэлсэн нь юу нь болохгүй билээ,үнэн үг гашуун гэдэг энэ,бид үнийг байгаагаар нь хэлж ярьж ,шүүмжлэж байж л энэ хэнэггүй хариуцлагагүй зангаасаа салах учиртай,харин энэ дутагдлыг давтахгүй байхыг л дор бүрнээ хичээцгээх нь чухал шүүдээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж