Хөшөөг буулгуулахаар сайд нарт хандав

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Хөшөөг буулгуулахаар сайд нарт хандав

”Монгол ньюс “ мэдээллийн төвд өнөөдөр нэгэн өвөрмөц сонин хэвлэлийн бага хурал боллоо. Өвөрхангай аймагт төвтэй “Хөгжлийн өлгий-Миний нутаг” ТББ-аас зохион байгуулсан уг хэвлэлийн хурлаар 2010 оны наймдугаар сард Өвөрхангай аймгийн Хорхорин суманд Эрдэнэзуу хийдийн өмнө шинээр бий болсон “Боов хөшөө”-г буулгуулахаар Хууль зүй дотоод хэргийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарт хандаж байгаагаа мэдээлэв.

Бий болсон цагаасаа эхлэн Өвөрхангайчуудын нүүрийг улалзуулж, хол ойр явагсдын хэл амны үзүүр болсон дээрх хөшөөг одоо хэр нь хэн хэзээ аваачиж тавьсан нь эзэн нь олддоггүй аж. Хархоринчууд нэг өглөө сэрэхэд л Эрдэнэзуугийн өмнөх дэнж дээр энэ хөшөө боссон байсан гэнэ. Нутгийн залуус үүний “эзэн холбогдогчийг” тодруулахаар Хархорин сумын засаг дарга н.Нямдуламаас лавлахад “Оргодол дарга л жуулчдын нүдийг хужирлаж, сонирхлыг татах гэж өөрийнхөө хөрөнгөөр босгосон гэсэн. Манайх лав хамаагүй, орон нутгаас ч зөвшөөрөл өгөөгүй” гэж хариулсан байна. Нутгийнхан ч энэ гэнэтийн бэлэг, “ид шид”-ний цаад эзнийг тодруулахаар өөр хоорондоо нэлээд эрэл сурал болсны эцэст “Монгол 3000” компанийн захирал н.Соёмбо, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын газрын дарга н.Оргодол гэсэн хоёр хүн үүнийг байгуулсан гэдэг сэжиг таамгаас өөр зүйл олж мэдээгүй байна. Харамсалтай нь 30 гаруй сая төгрөгөөр бүтсэн гэх уг хөшөө нь аялан жуулчлагчдын сонирхлыг татаж, орон нутгийн төсөвт орлого оруулах онцгой үзмэр болохоосоо илүү тус аймгийнхныг гадна дотныхны өмнө нүүрийг нь түлж, эвгүй байдалд оруулах нь элбэг тухай “Хөгжлийн өлгий-Миний нутаг” ТББ-ын залуус ярьж байна. Учир нь уг хөшөө Хархорин сумын яг урд, төв зам дээр байрладаг тул баруун чиглэлд явдаг бүх машинууд дайрч өнгөрдөг аж. Мөн гадаадын жуулчид ч энд саатаж, баахан инээлдэж, зураг хөргийг нь дарж аваад явдаг байна.

Уг нь хөшөөний анхны эх загвар болох Эрдэнэзуу хийдтэй бараг чацуу настай хуучин хөшөө үүнээс холгүй, уулын аманд бий. Ард түмний дунд “Боов хад” хэмээн нэрлэгдсэн уг хөшөөн дээр орон нутгийнхан, хол ойрын мөргөлчид очиж үр хүүхэд, эмэгтэйчүүд хань ижил гуйн мөргөдөг. Харин өнгөрсөн зун гэнэт бий болсон шинэ хөшөөний суурин дээр “Чингисийн монгол эрчүүддээ зориулав” хэмээн бичсэн байдаг нь хуучин хөшөөнөөс огт өөр билэгдэл, утга агуулгатай бололтой. Өвөрхангайчууд ч үг хөшөөнөөс зовохдоо ядаж замаас зайлуулах гэж олонтаа оролдсон ч дөрвөн метр өндөр боржин чулууг өргөж даах техник орон нутагт олдоогүй байна. Тиймээс “Хөгжлийн өлгий-Миний нутаг” ТББ-ынхан уг хөшөөг авчирч байрлуулсан эзэд нь өөрсдөө энэ хөшөөгөө буулгахгүй бол орон нутгийнхныг доромжилсон, садар самууныг сурталчилсан хэмээн үзэж, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хандана гэв. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад ч бас хандаж, уг хөшөө нь аялал жуулчлалд зориулсан хөшөө дурсгал мөн эсэх, тийм бол хэн хэзээ зөвшөөрөл өгсөн талаар тодруулахаа мэдэгдлээ.

Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж