Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах уу?

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

VS

Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах уу?

Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах уу?

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасахаар заасан нь олон нийтийн дунд маргаан дагуулаад байна.

Нэг хэсэг нь “Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлах нь бүрэн эрхийг нь боомилсон, ардчилалгүй үйлдэл” гэж үзэж буй бол нөгөө хэсэг нь “Парламентын засаглалтай оронд Ерөнхийлөгч нь хууль санаачилдаггүй. Монгол Улсын Ерөнхийлөгчид энэ эрхийг олгосон нь гүйцэтгэх засаглалын хэрэгжүүлэх боломжгүй хуулийн төслийг санаачлан, УИХ-аар батлуулж эцсийн дүндээ системээ нурааж байна” хэмээн тайлбарлаж буй юм.

Иймээс “VS” буландаа энэ асуудлыг хөндөж, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн доктор, дэд профессор О.Мөнхсайхан нарын байр суурийг онцоллоо.

Х.Тэмүүжин

О.Мөнхсайхан

Би хувьдаа Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг алга болгох нь бүр арга ядсан эцсийн арга гэж харж байгаа. Энэ эрх мэдлийг зохистойгоор ашиглаж болох боломж байгааг үгүйсгэхгүй. Хоёр жишээ хэлье. Эхнийх нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа шүүхийг татан буулгах болон шинээр шүүх байгуулахтай холбоотой эрх мэдлийг Ерөнхийлөгчид хууль санаачлах эрхийн хүрээнд хэрэгжүүлэх нь шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангах баталгаа болох маш том шалгуур нь болно гэдгийг би хувьдаа маш сайн харж байгаа. Яагаад гэвэл энэ эрх мэдэл УИХ-ын 76 гишүүнд байх юм бол тойрог болгон дээрээ өөрийн гэсэн шүүхтэй болох гээд шүүх байгуулна гээд хуулийн төсөл санаачлах магадлалтай. Эсвэл өөрийнх нь эсрэг шийдвэр гаргасан шүүхийг алга болгохын тулд хууль санаачлах эрсдэлтэй.

Нөгөө талаар Засгийн газар зардал ихтэй байгаа учраас зарим шүүхийг татан буулгая гэдэг санаачилга гаргахыг ч үгүйсгэх аргагүй.

Тэгэхээр шүүхийн бие даасан хараат бус байдлын улс төрийн баталгааг хангахын тулд шүүхийг татан буулгах уу, байгуулах уу гэдэг хуулийн төслийг Ерөнхийлөгчөөр дамжуулж УИХ-д өргөн барих нь зохистой гэж харж байгаа.

Хоёр дахь жишээ. Захиргааны ерөнхий хуулийг Засгийн газраас өргөн барихаар Хууль зүйн яам төслийг нь боловсруулсан ч Засгийн газрын хуралдаанаар зургаан удаа хэлэлцүүлж байсныг би тод санаж байна. Тав нь надтай хамаатай.

Засгийн газар яагаад энэ хуулийн төслийг дэмжихгүй, эсрэг байр суурь барьсан бэ гэхээр “Засгийн газрыг, захиргааны байгууллагуудыг хянах, үйл ажиллагааг нь хүндрүүлэх хууль учраас энийг дэмжиж болохгүй” гэх уур амьсгал маш хүчтэй байсан. Арга ядаад энэ хуулийн төслийг Ерөнхийлөгчөөр дамжуулж, УИХ-д өргөн барьж, батлуулж байсан. Тийм учраас өөрсдөө хянагдах дургүй, хүсэл эрмэлзэлтэй байгаа үед Ерөнхийлөгчийн институтээр дамжуулж, хуулийн төслөө УИХ-д өргөн барьж батлуулах тактик ашиглаж байсан тохиолдлууд бий. Энэ утгаараа Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг бүрэн хязгаарлах нь зохисгүй байгаа юм.

Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиар хагас Ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон. 2000 онд хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламентын засаглалтай болсон. Парламентын засаглалын гол шинж бол Засгийн газар оршин байхын тулд парламентын итгэлээс хамаардаг. Парламент итгэхгүй бол Засгийн газар огцорно.

Хагас ерөнхийлөгчийн засаглал бол парламентын итгэлээс гадна Ерөнхийлөгчийн итгэлийг Засгийн газар хадгалж байж, оршин тогтнодог.

Монгол Улсын Ерөнхийлөгчид бусад парламентын засаглалтай улсад байдаггүй хууль санаачлах эрх маш хүчтэй байгаа.

Жишээ татъя, Польш улсыг эс тооцвол хагас ерөнхийлөгчийн засаглалтай Франц, Австри зэрэг орны ерөнхийлөгч нь хууль санаачлах эрхгүй. Мөн парламентын засаглалтай оронд ерөнхийлөгч нь хууль санаачлах эрхгүй.

Харин Монгол Улс парламентын засаглалтай атлаа Ерөнхийлөгч нь хууль санаачлах эрхтэй. Үүнийгээ Монголын ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй байх ёстой гэж зөвтгөдөг. Гэтэл УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, олонх болсон нам Засгийн газраараа дамжуулаад хуулиа санаачлаад явж байтал Ерөнхийлөгч тэс өөр бодлого оруулж ирээд парламентаар батлуулдаг нь нэгдмэл байх бодлогыг алдагдуулж байгаа. Ерөнхийлөгчийн санаачилсан хууль батлагдсан бол хэрэгжих бүрэн боломжтой байх ёстой. Тийм тулгуурын хэрэгжилтийг Засгийн газар хангаж байх ёстой. Гэтэл Ерөнхийлөгч ийм баталгаагүй хуулийг өргөн барьдаг.

Захиргааны тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчөөр дамжуулж УИХ-аар батлуулсан гэлээ. УИХ-ын гишүүд өөрсдөө өргөн барьчих боломжтой. Ийм учраас Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасахыг дэмжиж байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчид УИХ-аас баталсан хуульд хориг тавих маш хүчтэй эрх бий. Ихэнх парламентын засаглалтай улсын ерөнхийлөгч нь хориг тавих эрхгүй, харин ёсчлох эрх байдаг. Манайх шиг Ерөнхийлөгч нь хүчтэй хориг тавих эрх байхгүй.

Ерөнхийлөгчийн хуульд хориг тавих эрхийг парламенттай эн дүйцэхүйц хүчтэй эрх гэж үздэг. Ийм том эрх мэдэл байгаа нөхцөлд Ерөнхийлөгчид хууль санаачлах эрх өгөх хэрэггүй шүү дээ.

Г.ДАРЬ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж