М.Энхболдыг хэн залгамжлах вэ?

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

М.Энхболдыг хэн залгамжлах вэ?

М.Энхболдыг хэн залгамжлах вэ?

Өнгөрсөн долоо хоногт УИХ бүтэн хоёр өдрийн чуулганы хуралдаанаа шинэ сайдуудын томилгоонд зарцуулснаар У.Хүрэлсүхийн танхим бүрдэж, ажилдаа орцгоосон. Гэвч, үнэмлэхүй олонхийн түмэн зовлон үүгээр дуусгавар болохгүй нь ойлгомжтой, Ж.Эрдэнэбатаас засгаа булааж авсан У.Хүрэлсүх намын тамгаа М.Энхболдоос авах нь өдрийн бодол, шөнийн зүүд болоод удаж буй юм. Үүнийгээ ч нуулгүй, хоёр сарын өмнө намын даргад итгэл төгс өрсөлдөхөө хэвлэлээр ил тод зарласан билээ.

210 мянган гишүүнтэй эрх баригч намын 28 дугаар Их хурал ирэх сарын 20-21-ны өдрүүдэд болж, намын шинэ даргаа тодруулна. Энэ үйл явдалд МАН-ынхан болоод Монголын улс төрийнхөн, мөн АН-ынхан онцгой ач холбогдол өгч буй. Улс төрд шинэ холбоотон болсноо нуухаа больж, ил цагаандаа гарцгаасан У.Хүрэлсүхийг урьдын адил Ерөнхийлөгч Х.Баттулга байдгаараа балиашиглах нь ч тодорхой.

М.Энхболд Их хурлаараа тамгаа өгөхөө зарласан. Харин түүнд Их хурлын даргын суудал нь үлдэнэ. Хүнд хэцүү өнгөрсөн өдрүүдэд ханцуй дотроо хутга нуугаад хажуу хавиргаас нь хатгаж, түлхсэн хүний, өөрийн нөхдөө таньж авсан нь М.Энхболдын хувьд илүү том боломж ч байж мэдэх. Учир нь, намын тамгаа өгсөн ч энэ нь тэр улс төрөөс явна гэсэн үг биш.

Их хуралд оролцох төлөөлөгчдийг сонгох ажлыг энэ сарын 27-ноос эхлүүлж, ирэх сарын 6 хүртэл үргэлжлүүлэхээр, ингэхдээ нам хамт олны итгэл хүлээсэн, удаа дараагийн сонгуульд идэвхтэй оролцсон 1309 хүнийг сонгох журмыг МАН-ынхан Бага хурлаараа боловсруулжээ. Гэхдээ С.Эрдэнийг гаргаж ирсэн Ардчилсан намын дотоод сонгуулийг харахад “Хаана их мөнгө байна, түүнд хүн бүхэн үйлчилдэг” нь бичигдээгүй хууль болсон. Иймээс ч Их хурлын 1309 хүнийг хайрцаглахын тулд У.Хүрэлсүхийн талынхан эртнээс бэлтгэж, аймгийн Засаг дарга нарыг гадаад, дотоодод аялуулах, тойглох тал дээр анхаарч ажиллаж буйг Тусгаар тогтнолын ордны ‘ажиглагчид’ нь  жиргээд удаж байгаа юм.

Жилийн өмнө М.Энхболдоос сайн хүнгүй байсан тус намд өнөөдөр М.Энхболд шиг “муу” хүн алга болжээ.

Гэвч, өнгөрсөн дөрвөн жил тугал хариулж явцгаасан МАН-ын нялх сэнгүмүүд өнөөдөр туг бариад явж байгаа нь М.Энхболдтой холбоотой. Ямартаа ч намаа болон төрөө удирдах боломжийг залуустаа олгож ирсэн, тиймдээ ч жилийн өмнө АН-ын зарим залуус “МАН залуустаа боломж олгодог, манай нам залуусаа хавчиж, түлхдэг” гэж ирээд жиргэхэв дээ.

Ийнхүү эрх баригч нам даргаа солих уу, намаа шинэчлэх үү гэсэн том сорилтын өмнө иржээ. Шинэ засгийн тэргүүн болсон У.Хүрэлсүхэд чимэг болгож намын даргын сэтэр зүүлгэх үү. МАН-д өмнө нь ч ийм үйл явдал тохиолдож байсан бөгөөд С.Баяр эмийн чөлөө авч, Ерөнхий сайдын албан тушаалаа С.Батболдод шилжүүлснээр түүнд МАН/МАХН/-ын даргын тамгыг “дайвар” болгон өгч байсан юм. Энэ удаад У.Хүрэлсүх энэ үйл явдлыг давтах уу, эсвэл намын дарга, Ерөнхий сайдыг хоёр хүн хийж ирсэн З.Энхболд, Ч.Сайханбилэг нарын жишгийг дагах уу.

Хэрэвзээ У.Хүрэлсүх эрх мэдэлд хэт яараагүйсэн бол Их хурлаасаа намын даргаа албан ёсоор авч, дараа нь Ерөнхий сайдын тамгаа гардах боломж байсан. М.Энхболд Их хурлаа хийнэ, намын дарга өгнө гээд байхад шүү дээ. Гэвч, яарвал даарна гэгчээр сөрөг хүчинтэйгээ нийлж засгаа унагаасан  нь  У.Хүрэлсүхийн хувьд нэг нэрээ хоёр хочтой болгосон. Тэр сая засгаа арай л гэж бүрдүүлсэн, харин намын жирийн гишүүд нь засгаа унагаасан түүнийг даргаар сонгох эсэх нь сонирхол татаж байна.

Монголын улс төрийн намуудад, тэр тусмаа МАН-д шинэчлэл хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ шинэчлэл нэрийн дор МАН-ын тамга М.Энхболдоос У.Хүрэлсүхэд шилжвэл энэ нь шинэ хуваарилалт болно. Яг л Ардчилсан намын эрх мэдэл ‘Алтангадас’-аас ‘Шонхор’-т шилжсэнтэй адилхан гэсэн үг.

Тиймээс МАН-д шинэчлэл явагдах уу, эсвэл шинэ хуваарилалт өрнөх үү гэдгийг яг нэг сарын дараа харах үлдэж байна. Өнгөнөөс өөрөөр ялгарал үгүй, эрх ашгаараа нэгдсэн Монголын намуудыг өөрчлөхийн тулд МАН эхлээд өөрийгөө өөрчлөх хэрэгтэй болжээ. Энэ нь мэдээж М.Энхболд руу бүхий л муу, муухайгаа чихээд өөрсдөө уснаас хурай гарсан МАН-ын өнгөрснө үйл явдлыг хэлэхгүй. Өөрийгөө өөрчлөх нь М.Энхболдоос намын тамгыг нь У.Хүрэлсүх авахын нэр биш бөгөөд угтаа улс төрд реформ хийе гэвэл эрх баригч нам эхлээд үзэл баримтлал, үнэт зүйлээ олж авах хэрэгтэй болжээ.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж