Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр ууланд 27 иргэн авираад буцах замдаа осолдож, 17 уулчин амь насаа алдсан харамсалтай осол энэ сарын 22-нд гарсан. Монголын уулын спортод авиралт, олон нийтийн аяллыг ямар дүрэм, журмаар зохицуулдаг, зөвшөөрөл авч, даатгуулдаг эсэх талаар энэ салбарт туршлагатайд тооцогддог “Монголиан эскспедишн” компанийн захирал С.Алдархишигтэй ярилцлаа.
-Отгонтэнгэр ууланд олон уулчин осолдож, харамсалтайгаар амь насаа алдлаа. Энэ золгүй явдал уулчдад харуусал, нөгөө талаар бас сургамж авчирлаа?
-Маш харамсалтай осол боллоо. Том осол. Өмнө нь 2015 онд Алтай таванбогд ууланд таван уулчин осолдон, амь эрсдэж байсан. Тухайн үед хүмүүс бие биеэсээ буруу хайж, нэг нэгэн рүүгээ дайрсан байдал олонтаа гаргаж байсан. Харамсалтай нь, өнөөдөр ч бас тийм дүр зураг харагдаж байна. Сургамж авч, холбогдох салбарын зүгээс уул, аялалын салбарт чиглэсэн арга хэмжээ авсан зүйл гарсангүй.
-Ууланд авирахад заавал авч явах багаж хэрэгслээ хэрхэн базаах ёстой вэ. Хорь гаруй уулчин гурван олсонд буух нь хэвийн үзэгдэл үү?
–Уулын спорт бол бүх нийтийн спорт. Тийм учраас хэн ч ууланд авирч болно. “Чи мэргэжлийн бус учир авирч болохгүй” гэдэггүй. Хүн ууланд авирах явцдаа туршлагажиж чадваржин, өндрийн зэргээ ахиулж байдаг. Хатуу сонсогдож магадгүй. Уулын дүрэм, журам цусаар бичигдсэн байдаг. Учир нь, хүний амь нас, энэ айхтар ослоос бид сургамж авдаг. Сайхан ч гэлээ хатуу спорт.
Уулын спортын багаж хэрэгслийг багийн, хувь хүний гэж хоёр ангилдаг. Багийн тоног хэрэгсэлд олс, хамгаалалтын шруп зэрэг ордог бол хувийн хэрэгсэлд мөсний сүх, хувцас хэрэгсэл, нүдний шил, дуулга малгай зэрэг багтана. Мэргэжлийн компаниуд олон улсын стандартаар нэг олсыг 4-6 хүнд өгдөг. Энэ удаагийн ослын тохиолдолд 27 хүнд гурван олстой байсан нь стандарт алдагдсан байна гэж харагдахаар. Гэхдээ ослын эцсийн дүгнэлт, шалтгаан тодорхойгүй байгаа учраас тэднийгээ буруутгах, стандарт, дүрэм зэргийг одоо ярих нь бидэнд эмзэг байгааг ойлгоорой.
-Хэвлэлээр тахилгатай ууланд авиралт хийсэн тухай мэдээлж байна. Ер нь ууланд авирахад зөвшөөрөл авдаг болов уу?
-Отгонтэнгэр уулыг монгол түмний шүтээн Очирваань хайрхан гэж ярьдаг. Хүмүүс энэ ууланд авирах “ёсгүй”, “ёстой” гэж ярьцгааж байна. Зарим нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Отгонтэнгэр ууланд авирахыг хориглосон гэж ч бичиж байна. Уулын спорт өөрөө уулын оргил өөд тэмүүлж байдаг төрөл учраас хүн хүссэн ууландаа авирах нь байж болох асуудал. Үнэхээр тахилгатай ууланд авирч болохгүй гэж хориглосон бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байх шаардлагатай. Ийм осол болсны дараагаар гэнэт л тушаал гарсан байдаг гэж танилцуулах нь учир дутагдалтай.
Отгонтэнгэр ууланд Монголын уулчид анх 1953 онд авирч, Энхтайваны оргил гэж нэрлэсэн түүхтэй. Тэр цагаас хойш 60 гаруй жил Отгонтэнгэр хайрхандаа Монголын уулчид авирсаар ирсэн. Өмнө Отгонтэнгэрт уулчид осолдож, амь эрсэдсэн тохиолдол гарч байгаагүй. 1963 онд Отгонтэнгэр ууланд осолдсон онгоцны сэгийг манай уулчид л цэвэрлэж байсан. Ер нь уулчид, аялагчид энгийн хаа явсан газраа энгийн иргэдийн тарьсан хог, хаягдлыг үргэлж цэвэрлэж явдаг, уул ус, байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалж явдгийг би зориуд энэ дашрамд хэлэхийг хүсч байна.
-Уулын спорт нийтийн спорт гэлээ. Мэдээж уулчин хүн авирах уулаа судална. Авиралтын үндсэн дүрэм гэж байдаг байх?
–Ууланд авирахын өмнө тухайн уулаа, цаг агаараа судална. Цаг агаарын нөхцөл байдал, салхины хурд ямар байх вэ гэх мэтээр бүгдийг тооцдог. Ямар замаар явах, яаж авирахаа тооцоолж, багийн гишүүдийг үнэлэх нь хамгийн чухал.
Хэдий уулын спорт нийтийн спорт гэлээ ч нэг олс нэг амь гэдгийг хатуу анхаарах нь чухал. Тэгэхээр хүн бүр өөрөөсөө гадна багийн гишүүдээ хамгаалах дадал, чадварт суралцсан байх ёстой.
Авиралт эхлэх, дуусах цагтай. Монголын ихэнх өндөр ууланд авирахад ихэвчлэн нэг өдөр зарцуулдаг. Уулын авиралт дөрвөн улирлын нөхцөл байдлаа дагаад өөр, өөрийн онцлогтой. Авирах явцад маш жижигхэн дүрмийг зөрчихөд л амь насанд эрсдэл үүсдэг. Уулчид өглөө нар мандах үеэр буюу 04.00-05.00 цагт авиралтаа эхэлж, оргилд 10.00 цагт гарсан байна. Буцаад өдрийн 13.00 цагт бааз дээрээ буусан байх гэхчлэн шаардлага, дүрмийг манайхан мөрддөг. Монголын өндөр оргилтой газар нутгуудад ихэвчлэн үдээс хойш салхи ихтэй болж, нар шардаг учраас цасны гулсалт үүсэх эрсдэлтэй байдаг. Энэ бүхнийг тооцоолно.
-Тэгвэл уулчид ууланд авирахад хаанаас зөвшөөрөл авдаг юм бэ?
–Өдийг хүртэл ууланд авирах зөвшөөрөл хэнээс авах нь тодорхойгүй байсаар ирсэн. Дэлхий нийтийн жишгээр бол сүүлийн жилүүдэд уулын спорт арилжааны чиглэлээр илүү хөгжиж байна. Тиймээс бид энэ асуудалд ултай суурьтай анхаарал тавих цаг нь болсон.
Өнөөдөр бол Монголын хувьд уулын спортод баримталдаг тийм дүрэм, журам байхгүй. Монголын аялал жуулчлалын салбар 50-иад жилийн түүхтэй ч нүүдлийн соёл иргэншлээ л яриад сууж байна. Төр засгаас энэ салбарт бодлогоор анхаарч, стандарт бий болгох нь зөв. Өнөөдөр зарим хүн осолдсон уулчдыг сайн дураараа явж, амь насаа алдсан юм шиг зүйл ярьж байна. Ингэж ярьж болохгүй. Уул, аяллын спортыг сонирхож байгаа залуус өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Сайн дураараа, хүсэл сонирхлоороо нэгдсэн тэр хүмүүс харин ч энэ төрлийг эрүүл мэнд, аялал жуулчлал, хувь хүний хөгжил талаас нь эерэгээр ойлгуулж, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа. Бодлогын түвшний зохицуулалт үгүйлэгдэж байгаа нь бол үнэн.
-Уулчид өндөр оргилд хийх авиралтын өмнө даатгалд хамрагдах боломж хэр байдаг бол? Жишээ нь, тэдэн мянган метрийн өндөртэй ууланд авирахдаа заавал даатгуулсан байна гэсэн албан ёсны шаардлага гэж зүйл бас л байхгүй юу?
–Монголын уулчдын хувьд эх орныхоо ууланд авирах нөхцөлийг хангахад зориулагдсан даатгалын бүтээгдэхүүн байхгүй. Манай компанийн хувьд гадаадын уулчдад үйлчлэхдээ “Тухайн улсдаа аяллынхаа даатгалыг өөрсдөө хийлгэж ирээрэй” гэсэн шаардлага тавьж, зохицуулдаг. Бидний зүгээс аяллын хөтөч, тогооч, жолооч орчуулагч зэрэг хүмүүстээ гэнэтийн ослын даатгал хийлгэдэг. Уулчдад зориулсан өөр даатгалын цогц үйлчилгээ гэхээр зүйл үнэндээ байхгүй. Уулын спорт үнэхээр эрсдэл өндөртэй. Монголд “Ууланд авирах гэсэн юм” гэдэг зорилгоо хэлээд даатгуулах гэхээр “Өндөр эрсдэлтэй” гэж үзээд, даатгадаггүй. Ер нь л сонирхол багатай. Энэ бас л тогтолцооны алдаа. Сүүлийн жилүүдэд хүмүүс уулын аялалд олноороо явдаг болсон. Нийслэлчүүдийн хувьд амралтын өдрүүдэд Богд ууланд аялах нь хэвийн үзэгдэл болж эхэлж байна.
Зарим мэргэжлийн уулчдын хувьд гадны ууланд авирахдаа Монголынхоо даатгалын компаниудтай тохиролцох байдлаар буюу ивээн тэтгэлгийн шугамаар даатгал хийлгэдэг. Дотоодын ууланд авирч буй клубууд даатгал хийлгэдэг эсэх нь ер нь эргэлзээтэй. Уг нь өнөө цаг үед автомашины албан журмын даатгалыг хүчээр төлүүлж байна шүү дээ. Үүн шиг уулчдын даатгалын асуудлыг шийдэж болох юм. Монголын ийм өргөн уудам газар нутгийн тухайд хаана, юу болж байгааг хянах боломжгүй.
-Манайхан өөр улсын ууланд явахдаа ямархуу байдлаар даатгалд хамрагддаг тухай та боломжит мэдээллийг өгч болох уу?
–Гадны улсууд мэдээж манай уулчдаас зайлшгүй даатгал хийлгэхийг шаарддаг. Дунджаар 25-60 мянган ам.долларын үнэтэй даатгалаас хувь, хэмжээг өөрөө сонгодог. Үйлчлүүлж буй аяллын компанидаа даатгалынхаа бичгийг өгч, гэнэтийн осол болбол ар гэрт нь мэдээлэх зэргийг түүгээр зохицуулдаг. Бид ч бас тэр жишгээр Монголд ирсэн гадаадын жуулчдаас даатгал нэхдэг. Тэгэх нь зүй ёсны хэрэг. Эрсдэлтэй аялалд явж байгаа л бол уг нь зайлшгүй даатгал хийлгэсэн байх ёстой юм.
-Монголд уулын хөтөч хэр олон байдаг бол. Анзаарч байхад уулчид л өөрсдөө хөтөч хийдэг юм шиг харагдсан?
–Уулын хөтчийн асуудал хүндрэлтэй. Манай улсад уулын хөтөч гэж хэнийг хэлэх нь бас л ойлгомжгүй. Ууланд авирдаг хүмүүсийг хөтөч гэх үү. Аялал жуулчлалын сургууль төгссөн хүнийг хэлэх үү, тогтсон зүйл байхгүй. Манайд мэргэжлийн уулчин, хөтөч бэлтгэдэг сургалт ч байхгүй шүү дээ. Жишээлбэл, Монголд уулын аялал хийж байгаа компаниуд 3-4 хөтөчтэй. Клубуудын тухайд ямар журмаар, яаж хөтөчтэй болж байгааг хянах боломж үнэндээ алга байна. Ялангуяа хувь хүмүүс уулын аялал зохион байгуулж, сонирхлоороо нэгдээд ууланд гардаг болсон ийм үед.
Уулын аялал зохион байгуулахад нэг цэгээс нөгөө цэг руу хөдлөх бүрт зардал гардаг. Тэр зардлыг нөхөхийн тулд зайлшгүй хураамж авна. Энэ нь хувь хүний сонголт, сонирхлын л асуудал. Аялагчид тухайн уулаа сайн судалж, хэнтэй явах, аюулгүй байдлаа хэрхэн хангах, явж байгаагаа мэддэг байх ёстой. Гадны уулчид сансрын утас, байршил тогтоогч зэрэг цогц тоног төхөөрөмжтэй ууланд авирдаг. Манайд ч бас сүүлийн үед аялагчид төхөөрөмж, багаж хэрэгсэл бэлтгэх тал дээр суралцаж л байгаа. Гэхдээ энэ нь тухайн хүний сонголтын асуудал. Би чадна, болно. Хөтөч шаардлагагүй гэж үзэх хүмүүс ч бий. Гэсэн ч явж явж өндөр эрсдэлтэй аяллыг зайлшгүй мэргэжлийн компаниудаар үйлчлүүлэх нь эрсдлийг багасгах талтай. Ингээд ярихаар санхүүгийн асуудлууд бас гарч ирдэг.
Ер нь яриад л байвал асуудал их бий. Аялал жуулчлал, уулын спорт гээд энгийн иргэдээс авахуулаад мэргэжлийн, бүр дэлхийн топ уулчдын сонирхлыг татаж байхад Монгол Улс маань харамсалтай нь тодорхой дүрэм, журамгүй, ийм л байдалтай байна. Өнөөдөр энэ тухай ярьж байгаа цаг хугацаа осол, уй гашуу тохиолдсон, хүнд хэцүү үетэй таарч байгаа ч энэ салбарт бараг зохицуулалт байхгүй байгаа нь гол үнэн шүү.
Гэрэл зургийг Н.Батмөнх