Монгол үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа

Хуучирсан мэдээ: 2017.10.24-нд нийтлэгдсэн

Монгол үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа

Цаг агаар хүйтэрч буй энэ үед Сэнди хар салхинд өртөж, орон гэргүй болсон олон мянган айл өрхүүдэд нэн даруй орогнох газар хэрэгтэй байгаа тухай Нью-Йорк хотын удирдлагууд мэдэгджээ.

Монгол Улс НҮБ-д элссэний 56 жилийн энэ сарын 27-нд тохионо. Ойн өдрийг тохиолдуулан ахмад дипломатч, “Цэнхэр сүлд” ТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Энхсайхантай ярилцлаа.

Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, "Цэнхэр Сүлд" ТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Энхсайхан

-Монгол Улс 1961 онд НҮБ-д элссэн. НҮБ гэж чухам ямар зорилго, бодлого, онцлогтой байгууллага вэ гэсэн танин мэдэхгүйн асуултаар ярилцлагаа эхэлье?

-Болж байна. НҮБ дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд байгуулагдсан. Гол зорилго нь ХХ зуунд хүн төрөлхтөнд хоёр удаа асар их хэмжээний гай зовлон учруулсны адил дайны гамшгаас хойч үеийнхнийг ангижруулж, шударга ёсыг тогтоох, мөн эрх чөлөөтэй байдалд нийгмийн дэвшлийг урагшлуулж, улс түмнүүдийн амьдралын түвшнийг сайжруулахад дөхөм үзүүлэх зорилготой байгуулагдсан. Анх байгуулагдаж байхад 51 гишүүнтэй байсан бол өнөөдөр 193 гишүүнтэй, хамгийн их нэр хүндтэй байгууллага болоод байна. Орчин үеийн олон улсын харилцааны үндсийг тодорхойлсон зарчмуудыг тусгасан НҮБ-ын Дүрмийн заалтуудыг гишүүн орнууд дагаж мөрдөх үүрэг авсан байдаг. НҮБ-ын Дүрэмд тусгагдсан эрхэм зорилтууд бол 1945 оны байдлаарх улс үндэстний хүсэл, тэмүүллийг илэрхийлсэн байдаг. Гэхдээ НҮБ бол олон улсын хэмжээний супер байгууллага биш юм.  Түүний үйл ажиллагаа тэрхүү хүсэл тэмүүлэлд хүрэхэд гарч байгаа ололт амжилт, бодит хүндрэл бэрхшээл, саад зэргийг харуулсан толь гэж хэлж болно.  Мөн нэгэнт олон асуудлыг хэлэлцэн тохиролцож шийдвэрлэдэг учраас түүнийг улс төрийн хамгийн том зах буюу бирж ч гэдэг.  

НҮБ нь зургаан гол байгууллага болон тэдэнд үйлчлэх олон тооны байнгын болон тодорхой үүрэг бүхий салбар байгууллагаас гадна Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Цаг уурын байгууллага, Олон Улсын Валютын Сан зэрэг 15 төрөлжсөн байгууллагаас бүрддэг.

Эдгээр зургаан байгууллага гэвэл юуны өмнө бүх гишүүдээс бүрдсэн, бүрэн тэгш эрхт байдлын зарчимд үндэслэсэн Ерөнхий Ассамблей байна. Ассамблей нь жил бүрийн намар хуралдаж олон улсын харилцааны холбогдолтой асуудлуудыг хэлэлцэж зөвлөмж, шийдвэр гаргадаг. Монгол Улс 1961 оны аравдугаар сард гишүүнээр элсээд хууль ёсныхоо суудлыг Ерөнхий Ассамблейд эзэлснээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан.

Хоёр дахь чухал байгууллага бол Аюулгүйн зөвлөл юм. Анх байгуулагдаж байхад 11 гишүүнтэй байсан, түүний тав нь болох АНУ, ЗХУ (хуучин нэрээр), Хятад, Англи болон Франц НҮБ-ын Дүрэмд зааснаар байнгын гишүүнээр томилогдсон байдаг. Тэднийг байнгын тав буюу товчоор Р5 гэж нэрлэдэг. Тэднийг анх байнгын гишүүнээр томилохдоо дэлхийн хоёрдугаар дайнд оруулсан хувь нэмрийг нь зохих ёсоор харгалзсан гэж хэдийгээр тайлбарладаг боловч үнэн хэрэгтээ ялагч гүрнүүдийн улс төрийн тохиролцооны үр дүн байв. Хөгжиж байгаа орнуудын шаардлагаар 1965 онд Аюулгүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөж 15 болгосон. Түүнээс хойш НҮБ-ын гишүүнчлэл бараг хоёр дахин нэмэгдсэн тул түүний бүрэлдэхүүнийг өргөтгөх саналыг аль 1980-аад оноос хөгжиж байгаа орнууд тавьж  ирсэн. Гэвч НҮБ-ын Дүрэмд заасан ёсоор аливаа засвар өөрчлөлт нь бүх гишүүдийн 2/3-ын дэмжлэгийг авсны дотор Р5-ын саналыг авсан байх учиртай. Гэвч өнөөдрийг хүртэл Р5 Дүрэмд ямар нэгэн өөрчлөлт оруулахыг дэмжихгүй байгаа. Аюулгүйн зөвлөл  нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулах гол үүргийг  хүлээдэг. Тиймээс ч НҮБ-ын бараг хамгийн чухал байгууллага гэж үздэг. Р5 олон талаар давуу эрхтэй байдаг. Тухайлбал, хэлэлцэж буй чухал асуудлаар санал нийлэхгүй бол асуудлыг шийдвэрлэхэд аль нь ч хориг тавих эрхтэй. Тэд тэрхүү эрхээ алдахгүйн тулд НҮБ-ын Дүрэмд ямар нэгэн өөрчлөл оруулахаас зайлсхийсээр ирсэн. НҮБ-ын Дүрмийн 25 дугаар зүйлд заасан ёсоор байгууллагын гишүүд зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч дагаж мөрдөх үүрэг хүлээсэн байдаг. Мөн түүнээс гадна Аюулгүйн зөвлөл нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, энхийг сахиулах хүчнийг томилон илгээх, гишүүнийг элсүүлэх зэрэгт чухал үүрэгтэй байдаг. Тиймээс ч НҮБ-ын гишүүн орнууд энэ чухал байгууллагад хоёр жилийн хугацаагаар сонгогдон ажиллах нь нэр төрийн хэрэг болдгоос гадна олон улсын аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргахад оролцохыг хичээдэг. Манай Улс  НҮБ-ын гишүүн болсноосоо хойш Аюулгүйн зөвлөлд сонгогдохоор хэд хэдэн удаа өрсөлдсөн боловч чадаагүй. Тухайлбал, хүйтэн дайны ид үед 1984 онд өрсөлдөхөд манай улсыг ЗХУ-аас хараат улс гэж олонх нь үзэж дэмжээгүй. 2021 онд болох сонгуульд манай улс нэрээ дэвшүүлсэн тул сонгогдохын тулд онцгой хүч чармайлт гаргаж тууштай, идэвхтэй ажиллах хэрэгтэй юм. Энэхүү бололцоог алдахгүй, ашиглах хэрэгтэй. Том гүрэнд хоёр дахь удаагаа найр тавьж өгч болохгүй.

Гурав дахь байгууллага бол Эдийн засаг, нийгмийн зөвлөл юм. 54 гишүүнтэй энэ байгууллага нь олон улсын эдийн засаг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд болон тэдгээртэй холбогдох асуудлуудыг хэлэлцэх, судалгаа хийх, тэдгээр асуудалтай холбогдуулж асуудал санаачлах, Ерөнхий Ассамблей, гишүүн орнууд болон холбогдох төрөлжсөн байгууллагад чиглэл буюу зөвлөмж өгөх эрхтэй. Энэхүү чухал байгууллагад гишүүн орнууд сонгогдон ажиллах сонирхолтой байдаг боловч өрсөлдөөн нь Аюулгүй зөвлөлийнхөөс хавьгүй бага байдаг.  Хэдхэн жилийн өмнө манай улс уг зөвлөлд сонгогдон ажилласан.

Дөрөв дэх байгууллага бол Асрамжийн зөвлөл юм. НҮБ-ыг анх байгуулагдаж байхад, өөрөөр хэлбэл 1945 онд, олон улс түмэн эрх чөлөөгөө олж аваагүй байсан бөгөөд эзэнт гүрэн нь байсан улсуудынхаа асрамжид байсан. Асрамжид байсан хамгийн сүүлийн улс түмэн болох Палау арлынхан 1994 онд тусгаар улс болсноос хойш Асрамжийн зөвлөлийг татан буулгах асуудал яригддаг боловч тэгэх нь НҮБ-ын Дүрэмд өөрчлөлт оруулах үүд хаалгыг нээх аюултай гэж их гүрнүүд үзэж зөвлөлийг татан буулгахын оронд үйл ажиллагааг нь “царцаасан” байгаа.

Тав дахь байгууллага бол Олон Улсын Шүүх юм. Энэ байгууллага хэдийгээр НҮБ байгуулагдахад хамт байгуулагдсан боловч олон улсын аливаа маргаантай асуудлыг гагцхүү маргаанд оролцогч талуудын зөвшөөрснөөр хэлэлцэж зөвлөмж шийдвэр гаргахаар заасан байдаг нь үйл ажиллагааг нь тун явцуу болгож байгаа юм. Шүүх нь 15 гишүүнтэй бөгөөд түүнд өрнөдийн болон тэдний нөлөө бүхий орнуудын үзэл бодол давамгайлдаг гэж хөгжиж байгаа орнууд үздэг тул өөрт ашиггүй шийдвэр гаргуулахаас зайлсхийдэг тал ажиглагддаг.

Зургаа дахь гол байгууллага бол Нарийн бичгийн дарга нарын газар (НБДГ) юм. НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагад 40 гаруй мянган хүн ажилладаг. Түүний 60 орчим хувь нь орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Тэд аливаа засгийн газраас заавар чиглэл авах учиргүй, НҮБ-д тангараг өргөсөн буюу гэрээ байгуулсан хүмүүс байдаг. Хэдийгээр бичигдсэн хууль байдаггүй боловч НҮБ-ын төсөвт оруулж буй хөрөнгийн хэмжээг нь харгалзан ажилд авдаг. Тухайлбал АНУ НҮБ-ын төсвийн 22 хувийг бүрдүүлдэг тул хамгийн их ажилчдаа ажиллуулдаг. Манайхаас 20 гаруй хүн ажилладаг. Мөн НҮБ-ын Төв байр Нью Йоркд байдаг тул техник ажилчдын дийлэнх нь америкчууд байдаг нь зардалд нь хэмнэлттэй байдаг. Япон улс төсвийн 10 гаруй хувийг бүрдүүлдэг тул мөн олон тооны ажилчдаа ажиллуулдаг. Манай хоёр хөрш ОХУ, Хятад төсөвт 2.4 болон 5.1 хувийг тус тус нэмэрлэдэг, мөн НҮБ-ын албан ёсны хэлтэй улсууд учраас олон тооны орчуулагчдыг НБДГ-т ажиллуулдаг. Р5 болон төсөвт үлэмж хэмжээний хандив оруулдаг улсуудын иргэд өндөр болон чухал албан тушаалд томилогдон ажилладаг нь ч нууц биш юм. Монгол Улс НҮБ-ын төсвийн 0.003 хувийг бүрдүүлдэг. Энэ мэтээр яривал ярих зүйл их байдаг.

-Монгол Улс НҮБ-д элсэж байх үед улс төрийн нөхцөл байдал ямар байв. НҮБ-д элссэний ач холбогдол юунд оршдог вэ?

-Монгол улс дэлхийн хоёрдугаар дайнд холбоотнуудын талд тууштай зогсож, ОХУ-д их хэмжээний материаллаг тусламж болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байсан. Мөн 1945 онд Алс Дорнодод дайн дуусгавар болгоход шууд оролцож байсан учраас НҮБ-ыг байгуулагдаж байхад түүний бүрэн эрхт гишүүн болох эрхтэй байсан. Гэвч хүйтэн дайны уур амьсгал, нэн ялангуяа ЗХУ, АНУ-ын хоорондын үзэл суртлын болон улс төрийн зөрөлдөөн сөргөлдөөнөөс болж АНУ тэргүүтэй өрнөдийн гүрнүүд Монгол улсыг 1-2-хон улстай дипломат харилцаатай, олон улсын харилцаанд туршлагагүй, танигдаагүй, бие даасан бодлого явуулах боломжгүй  улс гэж нэрлэж гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэхэд саад хийж хориг тавьж байсан. Манай улс 15 жил уйгагүй хөөцөлдөж ажиллаж, хөгжиж байгаа орнуудын дэмжлэгийг авсны дүнд, мөн ЗХУ болон АНУ-ын улс төрийн тохиролцооны дүнд 1961 онд НҮБ-д хууль ёсныхоо суудлыг эзэлсэн. Энд би юуг хэлэх гээд байна вэ гэвэл НҮБ-д бичигдсэн хууль, заавраас гадна мөн бичигдээгүй хууль ч үйлчилдэг. Түүнийг сайтар мэдэж байвал НҮБ-ын үйл ажиллагааг өөрт илүү ашигтай, үр бүтээлтэй болгох боломж байдаг. 

ХХ зууны эхний хагаст манай улс өөрийгөө бүрэн эрхт улс гэдгээ бусдаар хүлээн зөвшөөрүүлэх  гэж маш их анхаарал тавьж ажилласан. Манай гадаад харилцааны нэг гол зорилго бол  энэ байсан. Тэгвэл 1961 оны 10 сард НҮБ-ын гишүүн болсноор тэрхүү зорилтоо биелүүлсэн гэж хэлж болно. Тэр цагаас хойш манай улс дэлхийн бараг бүх улс оронтой харилцаа тогтоогоод байна. НҮБ-ын гишүүнийхээ хувьд аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар бэхжүүлэх, нэр хүндээ өсгөх, гишүүнийхээ хувьд төрөл бүрийн эрх, хөнгөлөлтийг эдлэхэд анхаарч ажилладаг. 

-Өнөөдөр НҮБ ямар зорилго, бодлогыг баримталж байна вэ?

-НҮБ-ын үндсэн зорилго, үүрэг  өөрчлөгдөөгүй. Хэдийгээр дэлхийн дайн гараагүй боловч бүс нутгийн болон орон нутгийн чанартай дайн, мөргөлдөөн гарсаар байна. Мөн иргэний дайн ч гарсаар байна. Одоо дийлэнх нь дотоодын чанартай, шашин шүтлэг, нийгмийн шударга бус байдал, баян ядуугийн асар их ялгаанаас үүдэлтэй болж байна. Тиймээс ч НҮБ одоо эдгээр асуудалд чухал ач холбогдол өгч байна. Түүний зэрэгцээ зэвсгээр хөөцөлдөх, түүний дотор цөмийн зэвсгээр хөөцөлдөх, цаг агаарын өөрчлөлтийг зогсоон барих гээд олон асуудал улс орнуудын санааг зовоож байгаа тул анхаарлын төвд мөн байсаар байна.

-НҮБ-ээс авсан тусламж, хамтран ажиллаж буй талаар та юу хэлэх вэ?

-Манай улс хөгжиж байгаа орныхоо хувьд НҮБ-ын шугамаар багагүй хэмжээний тусламжийг хүртэж ирсэн. Түүнийг зохион байгуулах, зохицуулах, зөвлөгөө өгөх зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн байгууллага Монголд байнгын үйл ажиллагаа явуулдгийг хэн бүхэн мэднэ. Мөн манайд байгаль орчны гай гамшиг гарахад НҮБ болон түүний холбогдох байгууллагууд тусламж үзүүлдгийг ч бид бүхэн сайн мэднэ. Анх НҮБ-ын гишүүн болохдоо төсвийн нь 0.001 хувьтай тэнцэх хандивыг төлж байв. Одоо манай нэг хүнд оногдох орлого болон зарим бусад үзүүлэлтийг харгалзаад 0.003 хувийг төлдөг болсон. Тиймээс Монгол Улс дандаа тусламж авдаг байсан улсынхаа статусаас гарч, зарим тохиолдолд Монголтой холбоотой зарим төсөл дээр мөн өөрийн талаас ч хандив оруулж хэрэгжүүлэх хандлагатай болж байна. Одоо НҮБ-ын төсөвт манай төлөх  жилийн хэмжээ нэмэгдээд барагцаалбал 124.000 доллар болсон хэдий ч түүнийг олон дахин нугалсан буцалтгүй тусламжийг авсаар байна.

-Монгол Улс НҮБ-д элсээд 56 жилийг үдлээ. Энэ хугацаанд Монгол Улс ямар оролцоотой байв?

-Товчоор хэлбэл Монгол Улс гишүүнийхээ үүргийг, нэн ялангуяа хүйтэн дайнаас хойших хугацаанд нэр төртэй гүйцэтгэж ирсэн.

-Та яагаад хүйтэн дайнаас хойш  гэж хэлж байгаа юм бэ?

Хүйтэн дайны үед ЗХУ болон социалист бусад орны “уялдуулан зохицуулсан” гэсэн тодотголтой гадаад бодлого явуулж байсан. Өөрөөр хэлбэл, үзэл суртлын улмаас НҮБ-ын үйл ажиллагаанд манай улс тодорхой хэмжээнд зарим үйл ажиллагаанд нь оролцдоггүй байв. Тухайлбал НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг дэмждэггүй байсны дээр энхийг сахиулах ажиллагаанд өөрт ноогдох хандивыг төлөхөөс ЗХУ болон социалист бусад орны адил татгалзаж их хэмжээний өртэй болж байв. Мөн Кампучид Улаан Хмерүүд гэж алдаршсан Пол Потын дэглэм асар их хэмжээний аллага хядлага хийж байхад манай улс түүнийг нь Кампучийн дотоод хэрэг мөн гэж ЗХУ-ын адил хамгаалах аястай үг хэлдэг байв. 

Тэгвэл 1990 оны эхээр манайд гарсан ардчилсан хувьсгалын дүнд дотоод, гадаад бодлогод зарчмын өөрчлөлт гарч шинэ Үндсэн хуулиа баталж улмаар бие даасан, өөрийн улсын болон олон улсын хамтын нийгэмлэгийн ашиг сонирхолд нийцсэн гадаад бодлого  явуулдаг болсон. Дээр дурдсан хоёр жишээтэй холбогдуулж хэлэхэд  1999 он гэхэд энхийг сахиулах өрөө бүрэн барагдуулж 2000 оноос НҮБ-ын Дүрмийн дагуу үүргээ биелүүлж энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож гишүүн орнуудын талархлыг зүй ёсоор хүлээж байна.  Энэ хугацаанд давхардсан тоогоор манай 10.000 цэргийн албан хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцсон байдаг. Одоо 1000 орчим албан хаагч Өмнөд Суданд алба хааж байна. Мөн тэнд Монголын бригадын генерал НҮБ-ын энхийг сахиулах цэргийн командлагчаар ажиллаж Монгол Улсын нэр хүндийг өргөж байна.

Мөн хүний эрхийн чиглэлээр гэхэд л идэвхтэй бодлого явуулж 2003-2006 онд Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын хурлыг даргалж, 2013 онд Ардчиллын хамтын нийгэмлэгийг тэргүүлснийг гишүүн орнууд сайшаан тэмдэглэж байдаг.

Мөн олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлд ч тодорхой хандиваа оруулж ирлээ. Тухайлбал, 1992 онд манай улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсгээс ангид бүс болгон зарлаж энэ талаар сүүлийн 25 жилд тууштай ажилласан. Энэ асуудлаар Р5-ын төлөөлөгчидтэй давхардсан тоогоор 80 гаруй удаа уулзаж хэлэлцээ хийсэн байдаг. Тэр бүхний үр дүнд 2015 онд Р5 манай өвөрмөц статусыг хүлээн зөвшөөрч, түүнийг зөрчих аливаа үйлдэлд оролцохгүй байхаа хамтарсан тунхаглал гаргаж нотолсон. Үүнийг олон улсын хамтын нийгэмлэг тус улсаас бүс нутгийн аюулгүй байдал, итгэлцлийг бэхжүүлэхэд оруулж буй чухал хувь нэмэр гэж үздэг. Тиймээс ч НҮБ-ын ЕНБД А.Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад  есдүгээр сарын 25-нд ирүүлсэн илгээлтдээ “цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх чиглэлээр гаргаж ирсэн Монгол Улсын Засгийн газар, ард түмний ололт амжилтыг НҮБ гүнээ талархан дэмжиж байна” гэж цохон тэмдэглэсэн. Иймэрхүү үнэлгээ Аюулгүйн зөвлөлд сонгогдох кампанит ажилд нэмэр болно.

Дээр дурдсан чиглэлүүдээс гадна нийгмийн чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байна. Тухайлбал НҮБ-аас зарласан Мянганы Хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож, эх нялхсын эндэгдлийг бууруулсан есөн улсын тоонд орж магтагдаж байсан. Одоо Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөн идэвхтэй оролцож байна. Энэ асуудлаар Улсын Их Хурлаас ноднин жил тусгайлан үзэл баримтлал боловсруулж хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрт заасан 17 зорилтуудын дотроос сайн засаглалыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин болон ядуурлыг бууруулах зэрэг асуудалд тусгайлан анхаарч байгаа. Мөн нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүрэг, хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах, ардчиллын боловсролыг хөгжүүлэх, бичиг үсгийн боловсролыг дэмжих зэрэг асуудалд тусгайлан анхаарч, тогтоол шийдвэр гаргуулан ажиллаж НҮБ-ын гишүүдийн дэмжлэг, талархлыг хүлээж байгаа гэж хэлж болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж