БОАЖЯ оны ажлаа тайлагнав

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

БОАЖЯ оны ажлаа тайлагнав

Байгаль орчин, Аялал жуулчлалын яамнаас өнгөрөгч онд хийсэн ажлынхаа үр дүнг танилцуулж, хэвлэлийн хурал хийлгэлээ. 

Уг хуралд яамны сайд Л.Гансүх болон албад хэлтсийн дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон байна.

Сайд Л.Гансүх хэлэхдээ “Өнгөрөгч онд яамнаас салбарын хэмжээндээ Ойн менежментийг боловсронгуй болгох жил болгон зарласан. Энэхүү жилийн хүрээнд менежментийн чиг хандлагаа тодорхойллоо. Бодлогын хувьд ашиглагч нь хамгаалагч байх, бохирдуулагч нь  төлбөр төлөгч байх зарчмыг хуульчилсан.

Тухайлбал, Агаарын тухай болон Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдох найман багц хууль батлуулав. Энэ нь агаар орчныг хамгаалахад төр, ТББ, иргэн, аж ахуйн нэгжийн хүлээх үүрэг, хариуцлага, эдлэх эрхийн хэм хэмжээг тодорхойлсон юм. Мөн Засгийн газрын 2010 оны 273 дугаар тогтоолоор агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэх тусгай сан /Цэвэр агаарын сан/-тай боллоо. Түүхий нүүрс, органик уусгагчийн импорт, автотээврийн хэрэгсэл болон агаарын бохирдлын эх үүсвэрт төлбөр ногдуулж, орлогыг Цэвэр агаарын санд төвлөрүүлнэ. Улмаар утаагүй цэвэр түлшний үйлдвэрлэлд болон цэвэр түлшний үнийг түүхий нүүрсний үнэтэй нэг төвшинд барих, технологийн шинэчлэл, сургалт сурталчилгаа болон агаарын бохирдлыг багасгах цогц үйл ажиллагаанд төлбөрийн орлогыг зарцуулна.

Ийнхүү төлбөрийн орлого хуримтлуулах, түүнийг агаар хамгаалах үйл ажиллагаанд үр ашигтай, олон талын оролцоог хангаж зарцуулах эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалт бүрдсэн.

Мөн зургаан аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж, нөхөн сэргээлт хийлгүй орхигдсон газрын тооллого хийв. Урьдчилсан дүнгээр дээрх 6 аймгийн 14 сумын 51 нэгж талбарт 690.3 га талбай, Төв, Булган, Сэлэнгэ аймагт 7 сумын 30 нэгж талбарт 1422.15 га талбай, нийт есөн аймгийн 21 сумын 81 нэгж талбарт 2112.45 га эвдрэлд орж нөхөн сэргээгдэлгүй орхигдсоныг тогтоолоо.

Уул уурхайн аж ахуйн нэгж, байгууллагын 2009 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын биелэлтийг нэгтгэлээ. 106 аж ахуйн нэгж, байгууллагын мэдээгээр 322.7 га техникийн нөхөн сэргээлт хийсэн байна.

2010 онд баталсан “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт утаа тортгийн ялгаралтыг бууруулах, түүхий нүүрсний хэрэглээг багасгах, тоосыг шингээн саармагжуулагч гол арга хэрэгсэл болох мод, зүлэг, ногоон байгууламжийн нэг хүнд ногдох хэмжээг 20 м2 хүртэл нэмэгдүүлэх, нийтийн зорчигч тээврийн шинэ төрлийг үйлчилгээнд нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийг хийн түлшинд шилжүүлэх гэх мэт зорилт тусгалаа. Түүнчлэн, гэр хорооллын айл өрхийн зуух-яндан-түлшний бүтэц, шаталтын технологийг өөрчлөх, нам даралтын уурын зууханд технологийн шинэчлэл хийх, гэр, орон сууцны дулаалгыг сайжруулах төлөвлөгөөг багтаалаа. Хөтөлбөр хэрэгжсэнээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 2012 онд 30 хувь, 2016 онд 50 хувь хүртэл бууруулах болно” гэсэн байна.

Б.Манд
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж