Магадлан итгэмжлэлийн талаар хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Магадлан итгэмжлэлийн талаар хэлэлцэж байна

"Чингис" зочид буудлын хурлын зааланд өнөөдөр дээд боловсролын чанарыг сайжруулах ажлын хүрээнд хийж байгаа "Олон улсын магадлан итгэмжлэл" сэдэвт олон улсын уулзалт семинарын нээлт болж байна. Уг уулзалтанд Америк, Герман,Орос, Солонгос, Казахстан зэрэг улсын олон улсын дээд боловсролын салбарын төлөөлөгчид оролцоно. Дээд боловсролыг  шинэчлэх асуудлын хүрээнд Монгол Улсын Боловсрол, Соёл Шинжлэх ухааны яамны ивээл дор олон улсын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн семинарыг Улаанбаатар хотноо  анх удаа зохион байгуулж байгаа аж. Олон улсын магадлан итгэмжлэлийн семинарыг Америкийн Бизнесийн сургууль, Хөтөлбөрүүдийн Нэгдсэн Холбоо (Association of Collegaiate Business Schools and Programs), Монгол Улсын Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний зөвлөл, Монгол улсын Санхүү эдийн засгийн дээд сургууль хамтран монголын их дээд сургуулийн удирдлагуудад зориулан зохион байгуулна. Уг семинараар Монголын дээд боловсролын стандартыг Олон улсын стандартад хэрхэн хүргэх, дотоодын сургуулиудыг олон улсад хүлээн зөвшөөрөгдөж магадлан итгэмжлүүлэх зэрэг дээд боловсролын чанарын тулгамдсан асуудлыг хэлэлцэх юм байна.
Семинарт БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр, АНУ-ын Дээд боловсролын Магадлан Итгэмжлэлийн Зөвлөл (Council for Higher Education Accreditation)-ийн тэргүүн, хатагтай  Жудит Ийтэн, Америкийн Бизнесийн сургууль, Хөтөлбөрүүдийн Нэгдсэн Холбооны Гүйцэтгэх  захирал, ноён Дуглас Виеланд, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирал Д.Батжаргал болон гадаад орны их дээд сургуулийн төлөөлөгчид  оролцож, олон улсын магадлан итгэмжлэлийн ач холбогдол, стандарт шалгуурууд, туршлагаасаа хуваалцаж, Монголын дээд боловсролын чанарыг дээшлүүлэх асуудлаар харилцан санал солилцоно. Мөн семинарын үеэр Америкийн Бизнесийн сургууль, Хөтөлбөрүүдийн Нэгдсэн Холбооноос СЭЗДС-д олон улсын магадлан итгэмжлэлийн нэр дэвшигчийн сертификатыг гардуулан өгч, олон улсын магадлан итгэмжлэлийн эхний шалгуурыг ханган, гишүүнээр элссэнийг албан ёсоор зарлах юм байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж