Цэвэрлэх байгууламжийн тендерийг дахин зарлана

Хуучирсан мэдээ: 2017.10.24-нд нийтлэгдсэн

Цэвэрлэх байгууламжийн тендерийг дахин зарлана

Дуулиан шуугиантай үйл явдлын өрнөлөөр дүүрэн нэг долоо хоног ард хоцорлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2017.10.24/ албаны хүмүүсийн хамт Төв цэвэрлэх байгууламжид ажиллалаа.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан болон нийслэлийн болон УСУГын удирдлагууд, донор байгууллагууд болох ЖАЙКА, АНУ-ын Мянганы сорилтын сангийн төлөөллүүд Ерөнхий сайдыг дагалдан Цэвэрлэх байгууламжид ажилласан юм. Тэд цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал тулгамдаж буй асуудлыг нүдээр үзэж танилцах, цаашид хийх ажлуудыг тодорхой болгох шаардлагатай юм.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх төв цэвэрлэх байгууламжтай танилцаж, шинэ төв цэвэрлэх байгууламжийг нэн яаралтай  барих шаардлагатайг дурдаад ажлын хэсэг гаргахыг  Барилга хот байгуулалтын сайд  Х.Баделханд үүрэг болголоо.

У.Хүрэлсүх “Бид нийслэлийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, барих талаар их удаан ярилцлаа. Олон ч жил  улстөржлөө. Одоо бид ярих биш,  хийх цаг болсон. Ажлын хэсэг ажлаа хийж чадахгүй бол хариуцлага тооцно. Сайд ажлаа хийж чадахгүй бол чаддаг хүнийг нь оронд нь томилно. Энэ л зарчмаар бид ажиллана. Надад ажил хийдэг асуудлыг шийддэг сайдууд хэрэгтэй. Түүнээс биш ажлаа хийдэггүй, амаараа ярьдаг хүмүүс хэрэггүй” гэв

Х.Баделхан сайд захирамж гарган, ажлыг хэсэг байгуулж, цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг хурдавчлах даалгаврыг Засгийн газрын тэргүүнээс ийнхүү  авлаа.

Төв цэвэрлэх байгууламжийн сүүлийн жилүүдэд хүлээн авч байгаа бохир усны хэмжээ нэмэгдэж, бохир усны шугам элэгдэлд орох, бетон байгууламжууд муудаж, эвдрэх, лаг бүрэн боловсруулах технологийн дамжлагагүйгээс задгай талбайд хатааснаас их хэмжээний үнэр ялгаруулаад байгаа юм. 

“Өнөөдрийн байдлаар лаг дээгүүр үртэс, хлораминтай ус  хольж цацаж байгаа. Сая ерөнхий сайд У.Хүрэлсүх 50 жил болсон лагийг  зөөх, хотоос гаргах асуудлыг ярьсан.  Лагийг  зөөж аюулгүй газар булах, доорх үлдсэн лагийг хучиж дээр нь ногоон байгууламж хийнэ”  хэмээн Ус суваг удирдах газрын дарга Ц.Төрхүү  хэлж байлаа.

Улаанбаатарт үүсээд байгаа лагийн үнэрийг дарахын тулд  урьдчилан цэвэрлэх байгууламж буюу Харгиаг  төв цэвэрлэх байгууламжтай  харилцан уялдаа холбоотой ажиллуулснаар  багасна. Урьдчилан цэвэрлэх байгууламжийг сайжруулахгүй бол хэчнээн шинэ үйлдвэр бариад үр дүнд хүрэхгүй гэсэн санал ч гарч байсан юм.

Цэвэрлэх байгууламжийн дарга Ц.Болд “Лаг шахаж байгаа 15 га газар, шахсан лагаа хатахаар нь зөөгөөд буулгадаг 10 орчим га газар  байна. Ямар нэгэн технологи хэрэглэгддэггүй байгалиар нь хатаадаг. Байгалиар нь хатаах аргыг шинэчилнэ гэвэл лаг боловсруулах технологийн дамжлагатайгаар боловсруулах ёстой. Үйлдвэрийн бохирдол цэвэрлэж байгаа бол дахин боловсруулах боломжгүй. Харин ахуйн  бохирдол цэвэрлэж байгаа  үед бордоонд хэрэглэх боломжтой. Зуны улиралд үнэрийг нь дарах гэж үртэс хэрэглэнэ.Өвлийн улиралд хөлдчихдөг учраас үнэр нь арай гайгүй байдаг” гэж байв.

800

Шинэ төв цэвэрлэх байгууламж барихын тулд  Мянганы сорилтын сангаас 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор  шийдвэрлэсэн  байна. Гэвч нэмэлтээр дахиад 350 ам.доллар шаардлагатай юм байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хавар гэхэд  шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажил явагдаж 2021 он гэхэд ашиглалтад орсон байх ёстой. Манай улсын хувьд хөрөнгө мөнгөний асуудал хүнд байгаа ч цэвэрлэх байгууламжид туслахыг хичээнэ” гэв. Мөн арваннэгдүгээр сард Мянганы сорилтын хүмүүстэй хамтраад хөрөнгө мөнгө босгох доноруудын уулзалт хийх гэнэ.

Харин шинэ төв цэвэрлэх байгууламжийг барих тендерийг шинээр зарлахаар болжээ. Шинэ төв цэвэрлэх байгууламжийг бариулахаар хоёр төслийн компани байгаа аж. Японы Жайка, нөгөөх нь Францын “Artella” компани юм.

Францын   Artella компанийн ТЭЗҮ /Техник эдийн засгийн үндэслэл/-г дагавал шинээр  төв цэвэрлэх байгууламж барьж, тулгамдсан бүх асуудлыг   шийдвэрлэх ч сул тал нь  шинэ үйлдвэрээс гарах лагийг боловсруулах технологийг заагаагүй. Харин Японы Жайка  төслөөр гарсан  ТЭЗҮ-г дагавал одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, орж ирж байгаа усыг цэвэршүүлэх давуу талтай аж. Японы Жайка төслөөр 2013 онд ТЭЗҮ хийсэн ч одоогийн нөхцөл байдал өөр түвшинд хүрсэн учир нэмэлт судалгаа хийж, ТЭЗҮ-г дахин шинэчлэх шаардлагатай болжээ.  Өөрөөр хэлбэл дахин тендер явуулах юм байна. Харин үүнд гурван жилийн хугацаа шаардлагатай гэнэ. Хөрөнгө оруулалтаар цэвэрлэх байгууламжид шаардлагатай тоног төхөөрөмжийг оруулж ирнэ. Харин Засгийн газраас шаардлагатай хөрөнгө мөнгийг гаргах ёстой юм байна.

“Тодорхой хэмжээний дүн шинжилгээ гараагүй, иж бүрэн дүгнэлт гараагүй учраас. Анхнаасаа ажиллаж байсан ЖАЙКА-гийн төслийг үргэлжлүүлэх санал тавьсан. Аль  нь ч байсан хамгийн зөв техник технологийн зөв шийдлийг сонгомоор байна” гэж АНУ-ын Мянганы сорилтын сангийн төлөөлөл хэлж байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж