Ерөнхийлөгчийн эрхийг хумих ёстой юу?

Хуучирсан мэдээ: 2017.10.24-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн эрхийг хумих ёстой юу?

Хөвсгөл аймаг дахь МҮАН, МАХН-ын гишүүд болон бие даагчид аймгийнхаа Сонгуулийн хороог татан буулгахыг шаарджээ.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд  Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлахаар заагаад байгаа.

Энэ өөрчлөлт нь зөв эсэх асуудлыг өнөөдөр /2017.10.25/ МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, ХБНГУ-ын Конрад аденауэр сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас хамтран зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлын үеэр хөндлөө.

Тодруулбал, “Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх” сэдвийн дор Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн доктор, дэд профессор О.Мөнхсайхан нар мэтгэлцлээ.

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн тайлбарласнаар бол Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч эв нэгдлийн билиг тэмдэг. Өөрөөр хэлбэл, парламент дахь улс төрийн намууд нь ойлголцохоо больж, УИХ-ын даргадаа захирагдахгүй болсон нөхцөлд ойлголцуулж, эв нэгдлийг хангах ёстой. Гэтэл улс төрийн зөвшилцлийг хангадаг гэдгээс илүү улстөрчдийг хагаруулдаг, Засгийн газрыг тогтворгүй болгоход нөлөөлдөг, улс төрийн өөр соёл үйлдвэрлэдэг болсон нь бүрэн эрхээр олгогдсон зарчмаа эвдэж эхэлжээ.

Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь Ерөнхийлөгчийн сонгуулиар улс төрийн нам шиг амлалт өгдөг болсон. Амлалтаа хэрэгжүүлэхийн тулд Засгийн газартаа, улстөрчдөдөө шахалт үзүүлдэг. Тэр бүү хэл Ерөнхийлөгч нь хууль хүчний байгууллагын захиалгыг гүйцэтгэгч болж хувирсан. Энэний эсрэг тэмцсэн Засгийн газар огцордог, энэний эсрэг явсан улстөрч нь Авлигатай тэмцэх газарт шалгагддаг болсон. Тиймээс Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт олгох эрх мэдлийн хуваарилалтыг тэнцүүлэх. Ингэхдээ Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг бүрэн хязгаарлах нь учир дутагдалтай. Тухайлсан салбараар хууль санаачлах эрхийг нь хязгаарлаж өгч болно. Жишээлбэл, улсын төсөвтэй холбоотой хуулийн төсөл санаачлах эрхийг хязгаарлаж болно. Энэ хязгаарлалт УИХ-д ч хамаатай гэв.

Харин МУИС-ийн Хууль зүйн сургуулийн доктор, дэд профессор О.Мөнхсайхан “Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлах ёстой” гэж үзэж байна. Судалгаа хийж үзэхэд парламентын засаглалтай оронд Ерөнхийлөгч нь хууль ч санаачилдаг, парламентаас баталдаг хуульд хориг тавьдаг давхар эрх эдэлдэггүй аж.

Гэтэл Монголд өнөөдөр Засгийн газар нь хэрэгжүүлэх боломжгүй асуудлыг Ерөнхийлөгч нь хууль санаачилж УИХ-аар батлуулдаг.

Дээр нь Ерөнхийлөгч нийгмийн шинж чанартай зарлиг гаргадаг. Ерөнхийлөгч чиглэл өгсөн учраас Ерөнхий сайд нь гарын үсэг зурахаас аргагүй болдог. Эцэст нь хэрэгжихгүй болоход хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй. Энэ тухай тухайлан хариуцлага тооцох заалт аль ч хуульд тусаагүй. Иймээс Ерөнхийлөгчийн Засгийн газарт чиглэл өгдөг эрх мэдлийг мөн хасах.

Дээрх эрхүүдийг хязгаарласан байхад Ерөнхийлөгчийн УИХ-д хяналт тавих эрх сулрахгүй, парламентаас баталсан хуульд нь хориг тавих боломжтой гэлээ.  

Харин Монголын Авлигатай тэмцэх онц зөвлөлийн гүйцэтгэх захирал Ц.Нарангэрэл “Монголын ард түмнээс буюу 600 мянга гаруй иргэний саналаар сонгогдсон Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг үгүй хийж болохгүй. Герман улсад Ерөнхийлөгч нь Бундестагаа тараах эрхтэй байна.

Хэрэв Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг байхгүй болговол энэ парламентад тавих хяналт үгүй болно. УИХ-ын дарга нь 60 тэрбумын бичлэгт нэр холбогдсон. Гэтэл өнөөдөр хариуцлагаа хүлээгээгүй байна. Харин ч Ерөнхийлөгч энэ парламентад итгэл үзүүлэх эсэх асуудлаар хууль санаачлах хэрэгтэй байна” гэсэн юм.  

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж