С.Чинзориг: Бодлогын дорвитой өөрчлөлт хийхгүйгээр урагшлахгүй

Хуучирсан мэдээ: 2017.10.24-нд нийтлэгдсэн

С.Чинзориг: Бодлогын дорвитой өөрчлөлт хийхгүйгээр урагшлахгүй

Цэргийн зориулалттайгаар зохион байгуулагдах энэ нэгдсэн эмнэлэг Батлан хамгаалах яамны харъяанд ажиллах аж.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнгөрсөн баасан гаригт ажлаа хүлээж авснаас хойш Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээг явуулах бэлтгэл ажлыг хангах яриа хэлцлүүдийг хийж амралтын өдрүүдэд ч албаны уулзалт олонтой ачаалал ихтэй ажиллалаа. Тэрбээр шинэ долоо хоногийн ажлаа яамныхаа аппаратын ажилтнуудтай уулзахаас эхэлсэн юм.

Шүүх эмнэлэгт хандсан хүүхдийн төлбөрийг ЭМДС-гаас гаргах боломжтой
С.Чинзориг сайд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хариуцдаг салбар бүрт нэн даруй хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар тодорхой үүрэг даалгавар өглөө. Гэр бүлийн хүрээнд гарч байгаа хүчирхийлэл тэр дундаа бага насны хүүхдэд учруулсан бэлгийн дарамт буурахгүй байгаад дүгнэлт хийж хууль эрх зүйн болон бодлогын ямар өөрчлөлт шинэчлэлт хийх шаардлагатай байгааг онцолсон. Үүний тулд гэр бүл төвтэй нийгмийн хамгааллын бодлого барьж ажиллах нь зөв хэмээсэн бөгөөд энэ чиглэлд бодлогын тодорхой саналуудыг боловсруулж ажил хэрэг болгох тал дээр хурдтай ажиллахыг анхаарууллаа. Түүнчлэн Ерөнхий сайд гурван сайдын хамтарсан тушаалыг хүчингүй болгох чиглэл өгснөөр 0-16 насны хүүхдийг шүүх эмнэлгийн үзлэг оношлогоонд оруулахад төлбөр авдгийг зогсоохоор болсонтой холбоотойгоор энэ төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах боломжийг судалж төсвийн тодотголд тусгуулахыг үүрэг болгов.

Сайн дурын даатгалын шимтгэлийг 50 хувь бууруулна
С.Чинзориг сайд “Хөдөөгүүр явахад иргэд эрүүл мэндийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудлыг байнга тавьж байгаа. Шимтгэл нэмэгдсэн нь тогтмол орлогогүй хөдөөгийнхний хувьд хүндрэл учруулж байна” гээд 2018 оны төсвийн тухай хуулийн төсөлд сайн дурын даатгалд шимтгэл төлж байгаа иргэдийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулах заалт оруулахаар ажиллаж байгааг дуулгав. Энэ асуудлыг шийдэхэд айхавтар их хөрөнгө зараад, үг хэл гаргаад байхааргүйгээр зохицуулчих боломж бий бөгөөд ОУВС-тай байгуулсан гэрээний дагуу иргэдийн цалин тэтгэврийг нэмэгдүүлэх боломж хомс байгаа ч эрүүл мэндийн даатгалд төлж буй шимтгэлийг бууруулах, эрүүл мэндийн үйлчилгээний зардлыг багасгах замаар орлогыг бууруулахгүй, амьжиргааны чанарыг муутгахгүй байхад чиглэсэн тодорхой зүйл хийх хэрэгтэй байгааг анхааруулсан. Тэрбээр мөн “Өнгөрсөн хугацаанд бидний гаргасан нэг том алдаа бол ОУВС-тай эдийн засгийн хямралын үед орлого багатай иргэдийн амьжиргааны түвшинг дордуулахгүй, амьдралын чанарыг нь муутгахгүй байхад анхаарсан арга хэмжээ аваагүйтэй холбоотой. Тиймээс энэ хэсгийн иргэдийг хямралыг хохирол багатай давахад туслах, амьжиргааны чанарыг дордуулахгүй байхад чиглэсэн нийгмийн хамгааллын тодорхой бодлогыг хэрэгжүүлэх, зарим бодлогыг зөөллөх арга хэмжээ авах ёстой” гэсэн юм.

Хөдөлмөр эрхлэлтийн бодлогодоо дорвитой шинэчлэл хийнэ
Улсын хэмжээнд ажилгүйдэл 9,6 хувьтай байгаа. Энэ үзүүлэлтийг бууруулж чадахгүй бол өнгөрсөн жилийн хэмжээнд хүрэх эрсдэл байгааг сайд онцлон дурдаад хөдөлмөр эрхлэлтийн бодлогодоо дорвитой өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатайг хэллээ. Ажилгүй байгаа иргэдийг хөдөлмөрийн биржээр дамжуулаад бүгдийг нь ажлын байранд зуучилж ажилтай болгож чадахгүй, манай зах зээлд ч тийм багтаамж байхгүй. Нийт ажил олгогчийн 85 хувь нь ес хүртэлх ажилтантай жижиг аж ахуйн нэгж. Нийт ажиллагсдын 53 хувь нь тогтмол биш орлоготой малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид. Хөдөлмөрийн зах зээл ийм багтаамж муутай учраас хөдөлмөрийн биржээр дамжуулан зуучилж ажилтай болгох замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ гэдэг үр дүн муутай ажил. Тиймээс өөрт байгаа ур чадвараа ашиглан өөрөө өөртөө ажлын байр бий болгож байгаа хүмүүс, өрхийн үйлдвэрлэл, хувиараа эрхлэх аж ахуйг сайтар дэмжих замаар үр дүн гаргахын төлөө ажиллах ёстойг сайд хэллээ. Мөн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд ажлын байрыг хадгалахтай холбоотой бодлого арга хэмжээ зайлшгүй шаардлагатайг ч онцолсон.

Ажилгүйдлийн даатгалын сангаас олгодог тэтгэмжийг өөрчлөх ёстой
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө гадаадаас авч байгаа ажиллах хүчний ажлын байрны төлбөрөөр бүрддэг. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралаас үүдээд гаднаас авдаг ажиллах хүчний тоо багассан. Үүнийг дагаад санд төвлөрөх хөрөнгө ч буурсан. Тиймээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд төр засгаас хөрөнгийн дэмжлэг үзүүлдэг байх тал дээр Засгийн газарт тодорхой санал тавина гэдгээ С.Чинзориг сайд дуулгасан.

Уулзалтын үеэр сайдын онцлон өөр нэг зүйл нь Ажилгүйдлийн даатгалын сангаас олгодог тэтгэмжтэй холбоотой байсан юм. Уг сангийн хөрөнгөөс шимтгэл төлж байсан иргэн ажилгүй болсон тохиолдолд тэтгэмж олгохоос илүүтэй шинэ ур чадвар эзэмших, хөрвөж ажиллах боломж олгох урт хугацааны сургалтад хамруулахад зарцуулдаг, ур чадвар дээрээ түшиглэн хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэхэд зарцуулдаг байвал илүү үр дүнтэй гэж үздэгээ хэлээд энэ чиглэлд тодорхой санал боловсруулахыг ажил хариуцсан хүмүүст даалгалаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар хамгийн нээлттэй ажиллана
Ирэх оноос хэрэгжиж эхлэх ээжүүдийн ажилласан жилийг төрүүлж өсгөсөн хүүхдийн тоогоор нэмэгдүүлэн тооцох, малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах зэрэг хуулиудтай холбоотой журам дүрмийг боловсруулах үүргийг холбогдох албан тушаалтнууддаа өгсөн сайд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар ард түмэнд хамгийн ойр, хамгийн нээлттэй ажиллах ёстой гээд албан тушаалтнууд, ажил хариуцсан хүмүүсийн ажлыг дарга биш олон нийт өгдөг байх зарчмыг баримталж ажиллана гэлээ. Үүний тулд салбартаа сахилга хариуцлагыг нэгдүгээрт тавьж ажиллахаа ч дуулгасан. Мөн чадвартай, зүтгэлтэй, сэтгэлтэй хүмүүстэй хамтарч ажиллахаас хэзээ ч татгалзахгүй гэдгээ хэлсэн.

Эх сурвалж: ХНХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж