Цалин нэмэх бус нөхөн олговор олгохоор ярилцаж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.24-нд нийтлэгдсэн

Цалин нэмэх бус нөхөн олговор олгохоор ярилцаж байна

БШУЯ-наас аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дарга, зарим ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудын хүрээнд өнөөдөр видео хурал зохион байгууллаа.

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2017.10.24/ 2017 оны Төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ. 2017 оны Төсвийн тодотголыг холбогдох бүх байнгын хороодоор хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, байнгын хороодоос гарсан саналуудыг нэгтгэж, санал тус бүр дээр санал хурааж, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Төсвийн тодотголд тусгагдсан хэд хэдэн саналууд дээр УИХ-ын гишүүд саналаа хэлсэн юм. Тухайлбал, Засгийн газарт багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх хэд хэдэн шаардлага ирснийг 2017 оны төсвийн тодотголд тусгасан эсэхийг гишүүд асууж байлаа. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлснээр Засгийн газар багш, эмч нарын цалинг нэмэх асуудлыг судалж байгаа гэлээ. Төсвийн тодотголд төрийн албан хаагчдын цалинг нэмэх бус нэг удаад 300 мянган төгрөгийн нөхөн олговор олгох саналыг байнгын хорооны гишүүд гаргажээ. Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг буюу нийт дөрвөн тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох асуудлыг төсвийн тодотголд тусгана гэдгийг онцоллоо. Тэр дундаа багш, эмч нарт нөхөн олговор олгох асуудлыг тодотголд тусгажээ. Мөн төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар нэмэгдүүлэх саналыг 2018 оны төсөвт тусгах асуудлыг судалж байгаа гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцолсон юм. Гэхдээ 2018 онд цалин нэмэх асуудлыг ОУВС-тай хэлэлцээр хийж байж энэ асуудлыг эцэслэнэ гэлээ. 

Мөн байнгын хорооны хуралдаанаар жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд төвлөрүүлж буй 72 тэрбум 550 сая төгрөгийг хасах саналыг байнгын хорооны гишүүд дэмжсэн байна. Энэ мөнгийг жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих нэрийдлээр УИХ-ын гишүүдэд олгох гэж байсан гэдгийг УИХ-ын гишүүд онцолж байлаа. Тиймээс энэ мөнгийг хасах санал гаргасныг Төсвийн байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Энэхүү мөнгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багцад тусгасан байжээ. 

Мөн 2017 оны Төсвийн тодотголд тусгасан боловсролын сангаас олгож буй оюутны зээлийн хэмжээг бууруулах саналыг гишүүд гаргасан юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Батнасан “Боловсролын сангаас оюутнуудад олгодог зээлийн хэмжээг жилд 90 тэрбум төгрөг байдаг. Гэтэл энэ мөнгө хэдэн банкны хэрэглээ болж үлдэж байна. Тиймээс энэ мөнгийг багасгах, журамд нь өөрчлөлт оруулах ёстой гэдгийг сануулсан юм. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “2017 оны төсөвт нийт 90 тэрбум төгрөгийг оюутнуудад зээл хэлбэрээр олгохоор тусгасан. Гэтэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд 1000 гаруй оюутанд ердөө дөрвөн тэрбум төгрөг олгосон байсан. Харин үлдэгдэл мөнгийг олгохгүй байгаа шалтгааныг банкуудаас зээлдэгч тавьж буй шаардлагатай холбож байгаа юм. Өөрөөр хэлбэл, банкууд төлбөрийн зээл авах гэж байгаа оюутнуудад ээж, аав нь зээлтэй гэсэн шалтгаанаар зээл олгохгүй байгаа юм. Тиймээс цаашид энэ асуудлыг судалж, зээл хэрэгцээтэй байгаа оюутнуудыг бодит тоог гаргаж ирж, Боловсролын зээлийн сангаас шууд олгож байх ёстой гэдэг санал гаргаж байгаа. 2018 оны төсөвт ч 90 тэрбум төгрөгийг 75 тэрбум болгож бууруулж, түүнээс өмнө журамд нь өөрчлөлт оруулахаар болсон” гэдгийг тодотгосон юм. 

Мөн төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд саналаа хүргүүлэхээр болж, өнөөдрийн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж