Дэлхий дахины гол дүр болох Хятад арга ухаан

Хуучирсан мэдээ: 2017.10.24-нд нийтлэгдсэн

Дэлхий дахины гол дүр болох Хятад арга ухаан

Хэтэрхий амгалан, тайван бүүр үүлгэр ч юм шиг, гэхдээ бага зэрэг ёжлонгуй ихэмсэг зан цухасхийсэн ч юм шиг үгүй ч юм шиг Г.Аюурзанын хөрөг.

Коммунист намын манлайлал дор БНХАУ сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн өмнө тулгарч буй гарц, шийдэл хайсан, мухардмал, басхүү маргаантай асуудалд тулах багана нь байж, холч мэргэн ухаанаар хандсаар ирсэн.

Саяхан болж өндөрлөсөн Хятадын Коммунист намын 19 дэх удаагийн их хурлын дараа олон улсын шинжээч, судлаачид Хятад улс дэлхий нийтийн энх тайван, хөгжил дэвшил өөд түүчээлэх болно гэж мэдээлж байна.
 

ДЭЛХИЙН ЗАСАГЛАЛЫН ТОГТОЛЦООГ ДЭМЖИХ НЬ

АНУ-ын Брукинг институт судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Дэвид Шамбау “Хятад улс дэлхийн засаглалд амин чухал бөгөөд манлайлах үүрэгтэй” гэж бичжээ.

Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн эрүүл мэнд, олон улсын энх тайвны хэлэлцээ, дэлхий дахины эдийн засгийн засаглал, эрчим хүчний аюулгүй байдал, олон талт харилцаа гээд хэд хэдэн салбарт Хятадын үүрэг оролцоо онцгой нэмэгдэж буйг тэрбээр онцолсон байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрт гарын үсэг зурсан анхны орнуудын нэг нь Хятад байсан, мөн АНУ өнгөрсөн зургадугаар сард энэ хэлэлцээрээс татгалзах тухайгаа зарлахад Хятад дэлхийн дулааралтай тэмцэхээр байр сууриа дахин баталгаажуулсан юм.

Хятадын дарга Си Жиньпин өнгөрсөн лхагва гаригт /2017.10.18/ Хятадын Коммунист намын 19 дүгээр их хурлыг нээж хэлсэн үгэндээ “Хятад улс уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар олон улсын хамтын ажиллагаанд жолоочийн суудалд суулаа. Экологийн соёл иргэншлийн төлөөх дэлхий нийтийн хүчин чармайлтад чухал оролцогч, дэмжигч бөгөөд бамбар баригч болсон”-ыг онцлон тэмдэглэсэн юм.

Тус улс өнгөрсөн жилд нүүрсний утаа багасгах зорилгоо давуулан биелүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны санд 3.1 тэрбум ам.долларын санхүүжилт өгчээ.

“Хятад улс зорилгодоо тууштай байснаар эцэстээ АНУ тэргүүтнийг уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар нэгдсэн нэг санаа зорилгод буцаан авчрах бололтой” гэж АНУ-ын Пенсильванийн их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Авери Голдстейн бичсэн байна.

Хятад улс мөн НҮБ-ын энх тайвныг сахиулах үйл ажиллагааны тууштай дэмжигч төдийгүй олон улсын хүмүүнлэгийн тусламжийн идэвхтэй ханган нийлүүлэгч юм. Энх тайвныг сахиулах үйл ажиллагаанд НҮБ-ын хамгийн том нийлүүлэгч нь Хятад улс. Түүнчлэн энх тайвныг сахиулах чиглэлийн сангуудын хоёр дахь том дэмжигч нь тус улс юм.

Хятад улс бусад томоохон гүрнүүдтэй харьцуулахад нэг хүн амд ногдох үзүүлэлт өндөр биш боловч энхийг сахиулагчдаа илгэх, зохиогчийн эрхийг зөрчихтэй тэмцэх, иргэд нь эрүүл мэндийн тусламж авах боломжгүй, эмнэлгийн тусламжийн хүрэлцээ муутай, ядуу буурай орнуудад эрүүл мэндийн тусламж явуулах зэргээр нийгмийн сайн сайханд идэвхтэй оролцдог болохыг АНУ-ын Иллинойн технологийн институтын Стюартын нэрэмжит бизнесийн сургуулийн багш Хайры Турк онцолжээ.

Түүнчлэн Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашралтай тэмцэх нөлөө бүхий хүчин юм. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтийн 30 гаруй хувийг дангаар хангаж байв. 

Энэ мэт амжилт, ололт амар хялбар олдоогүй. Хятад улс дотооддоо бүх шатны шинэчлэлийг үр дүнтэй явуулах, эдийн засгийн цоорхойг зөв оношилж, тогтвортой өсөлтийг хангах бодлого баримталж байна. Түүнчлэн нээлттэй эдийн засаг, чөлөөт худалдааг дэмжихийг зорилгоо болгожээ.

Наиробийн их сургуулийн олон улсын эдийн засгийн багш Геришон Икиара гэгч “Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаан дахь Хятадын оролцоо, олон улсын худалдааны салбарт чөлөөт, нээлттэй бодлого баримталж байгаа нь Хятадад төдийгүй бусад улс орнуудад үр шимээ өгч байна” гэжээ. Цаашид Хятад улс дэлхий дахины худалдааны интеграцийг шинээр тодорхойлоход голлох үүрэг гүйцэтгэнэ хэмээн бичсэн байна.
 

ХЯТАД АРГА УХААНААР ШИЙДЭЛ ОЛОХ НЬ

“Дэлхийн засаглал, эдийн засгийн өсөлтийг түргэсгэх тал дээр Хятад улс туйлын идэвх санаачилгатай байгаа. Тухайлбал, “Нэг бүс, нэг зам” санаачилгыг дурдаж болно. Маш хүчирхэг санаа” гэж Кунн сангийн тэргүүн Роберт Лоренс Кунн хэлж байна. Тус сан нь АНУ ба Хятадын харилцааг дэмжих төрийн бус байгууллага ажээ.

Си Жиньпиний 2013 онд санаачилсан энэ хөтөлбөр нь Ази тивийн Европ, Африктай холбосон эртний Торгоны зам дагуу олон улсын худалдаа, санхүүгийн интеграц, дэд бүтцийн уялдаа холбоог дэмжих зорилготой юм.

Дэлхийн хүн амын 60 гаруй хувь, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувийг хангаж буй бүс нутгийг нэгтгэн холбосон дээрх санаачилга нь дэлхийн засаглал болоод эдийн засгийн өсөлтийг хангахад хувь нэмрээ оруулж буй Хятад арга ухааны төгс жишээ гэж Кунн тэмдэглэсэн байна.

Түүнчлэн судлаач Дэвид Шамбаугийн үзэж буйгаар “Нэг бүс, нэг зам” санаачилга нь дэлхийн олон улс орон болон дэлхий нийтийн хөгжил дэвшилд чухал нөлөө үзүүлэхүйц чухал гэнэ.

Нэг бүс, нэг зам” санаачилгад багтаж буй орнуудын дийлэнх нь цахилгаан, эрчим хүч, тээврийн дэд бүтэц, мэдээлэл, харилцаа холбоо гээд шат ахиулан хөгжүүлэх шаардлагатай байгаа. Харин Хятад улс үүнд хувь нэмрээ оруулах юм гэж ноён Шамбау тэмдэглэжээ.

Шинэ Зеландын Хөдөлмөрийн намын ерөнхийлөгч Найжел Хаворт 

“Нэг бүс, нэг зам” санаачилга нь Хятад улс Дэлхийн худалдааны байгууллага, Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо зэрэг оршин тогтносоор ирсэн эдийн засгийн интеграцийн тогтолцоог цоо шинэ арга хэлбэрээр төгөлдөржүүлэх арга замыг олсныг илтгэж байна гэжээ.

Түүнчлэн “Нэг бүс, нэг зам” санаачилга нь бүс нутгийн энх тайвныг хангахад түлхэц болж буйг Францын ерөнхий сайд асан Доминик де Вильпен онцлоод, “Харилцан адилгүй засаглал, тогтолцоотой улс орнууд ч хамтран ажиллаж, бүс нутгийн терроризмын эсрэг хамтрах боломжийг олгож байна” гэжээ.

Мөн тэрбээр “Дайн дажингүй, хурцадмал маргаангүй, хямрал, терроризмын аюулгүй тогтвортой байхын давуу талыг зайлшгүй бодож үзэх хэрэгтэй. Энэ л дэлхийн дахины нийтлэг дүр зургийг гаргахад чухал алхам юм” гэсэн байна.

С.ЦЭЛМЭГ

Эх сурвалж: СИНЬХУА
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж