Эмч ч гомдолтой, иргэд ч гомдолтой эрүүл мэндийн салбар

Хуучирсан мэдээ: 2017.10.24-нд нийтлэгдсэн

Эмч ч гомдолтой, иргэд ч гомдолтой эрүүл мэндийн салбар

Багаж тоног төхөөрөмжийн хангалт 78,5 хувьтай, 75 хувь нь стандартад заасан нэр төрлөөр хийгдвэл зохих лабораторийн шинжилгээнүүдийг бүрэн хийдэггүй, лабораторийн төхөөрөмжөөр хангагдаагүй зөрчил илэрчээ.

Эмч нар цалингаа нэмүүлэх шаардлагыг өнгөрсөн наймдугаар сараас эхлэн дэвшүүлж, өнөөдрийг хүртэл УИХ, Засгийн газраас нааштай хариу сонсоогүй тул тэмцлээ үргэлжлүүлэх, тэгэхдээ хэлбэрээ хурцатган 11 дүгээр сарын 7-ны өдөр нэг цагийн хугацаатай ажилт хаялт зарлахаар болжээ.

Эмч, эмнэлгийн ажилтнуудын нэгдсэн байр суурийг төлөөлж буй гэх тэмцэгчид цалин, хөлсийг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлэх бололцоо бий эсэхийг судалж үзэхийг шаардах байдлаар эхэлсэн юм. УИХ, Засгийн газрын төлөөлөл “Үгүй” гэсэн хариултыг шулуухан хэлэх гэхээр нүүр улалзах тул өмнөө ямар нэг халхавч барих хэрэгтэй байсан биз. Эмч нар амны хаалттай бол улстөрчид нүүрний багтай. Энэ удаад “ОУВС л зөвшөөрөхгүй байна” гэсэн “баг” зүүж, бусдын гараар могой бариад буй юм. Цалин нэмэхийг шаардаж байгаа эмч нар баганд нь хууртаад ОУВС-гийн гадаа жагсаж, байнаас гадуур сумаа тавьцгаав. Үнэндээ энэ асуудал ОУВС-д шууд хамаатай биш юм.

Монголын эрүүл мэндийн даатгалын тогтолцооны гажуудал олон жил нуугдан бугшиж явсаар одоо эмчилгээ хийхгүй л бол идээ бээр нь ил гарчихаад байгааг эмч нарын ажил хаялт сануулж буй хэрэг. Монгол Улсын иргэд төрснөөсөө эхлээд л эрүүл мэндийн даатгал төлөгч болдог. Зарим нь төрөөр даалгадаг, нөгөө хэсэг нь хувиараа төлдөг, үлдсэн нь цалингаасаа суутгуулдаг. Нэг үгээр бол татвартай яг адил зайлшгүй төлөгддөг зүйлсийн нэг нь эрүүл мэндийн даатгал байсаар ирсэн. Тэгсэн атлаа дүүргийнхээ эрүүл мэндийн төвөөс ч түүгээрээ үйлчилгээ авч чаддаггүй. Тэвдэж сандарсан үед тэнгэр хол, газар хатууг мэдрүүлж, бадар бариулж гуйлга гуйлгана. Иргэд нь ингэдэг юм байж гэтэл нөгөө талдаа эрүүл мэндийн салбар нь ч хөгждөггүй, эмч нарынх нь цалин ч нэмэгддэггүй.

“Төр энэхүү даатгалын тогтолцоог дампууруулж үнэн хэрэгтээ татвар мэт ашиглан тэтгэврийн хэдэн хөгшний эмийг хөнгөлөх төдийгөөр хуурч байдагтай холбоотой” гэж эдийн засагч А.Батпүрэв дүгнэж байна.

Эрүүл мэндийн даатгалаар төсөвт жилдээ 300 гаруй тэрбум төгрөг төвлөрдөг бол эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсөнд жилдээ мөн ийм хэмжээний хөрөнгө төсөвлөдөг. Өдгөө эмч нарын шаардаж буй цалингийн нэмэгдэлд 155 тэрбум төгрөг шаардагдах тооцоо бий. Дээр дурдсанчлан даатгалын мөнгийг татвар шиг төсвийн орлого болгоод чухам хэдийг нь юунд зарцуулж буй нь мэдэгдэхгүй цацчихдагийг болиод яг эрүүл мэндийн салбарт нь зориулдаг бол байдал өөр байх байсан уу гэх асуулт ч тавьж болох.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нийгмийн бодлогын асуудал хариуцсан Байнгын хорооны даргын хувиар эмч нарын төлөөллийг сарын өмнө хүлээн авч уулзах үеэрээ “Цалингаа нэмэгдүүлэх шаардлага бол нэг талаар эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудлыг хөндөж буй боловч цаанаа улсын эмнэлгээс үйлчилгээ авдаг олон мянган иргэдийн эрүүл мэндийн чанартай үйлчилгээний асуудал хөндөгдөж байна” гэдгийг сануулан хэлж байлаа. Нэг талаар бол энэ нь цалин нэмэгдлээ гэхэд түүнийг дагаж үр дүн нэмэгдэх ёстой. Эсвэл үр дүнг дагуулж, цалинг нэмэх ёстой гэсэн зарчмыг энд хөндөх гэж битүүхэн тойруулсан хэрэг.

Өнөөдөр ажил эрхлэгч эрүүл мэндийн даатгалдаа цалингийнхаа 4 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг суутгуулж байгаа. Төлөх хувь хэмжээ нь бүгдэд адил боловч цалин хөлсний хэмжээнээс хамаараад их, багын ялгаатай нь мэдээж. Өндөр цалинтай, үүнээсээ хамаараад эрүүл мэндийн даатгалдаа их мөнгө төлж байгаа иргэн түүнтэйгээ дүйх өндөр зэрэглэлийн эмч, эмнэлгийн үйлчилгээ авах боломж хэрэв байдаг сан бол эмч нар ч, эмнэлгүүд ч үүний төлөө өрсөлдөх байв. Даатгалаас их мөнгө авч байгаа эмнэлэг эмч нартаа илүү өндөр цалин олгоно, үүний тулд эмч нартаа ур чадварын шаардлагаа илүү өндөрсгөнө. Үүнийг дагаад үйлчилгээ нь сайжирна. Энэ бол зах зээлийн өрсөлдөөний эрүүл зарчим.

Даатгалын тогтолцоогоо ийм бодлогод шилжүүлсэн цагт эмч нар “цалин нэм” гэсэн шаардлагаа сайн муу гэж ялгалгүй хавтгайруулах эрхгүй болно. Цалин нэмэхийн тулд эмч нарын ур чадвар, үйлчилгээний чанарыг харгалзах ёстой гэж учирлаад байгаагийн шалтгаан нь энэ юм.

Эмч нарын ажлын нөхцөл мэдээж амаргүй гэдгийг хэн ч зөвшөөрнө. Тэгэхдээ үйлчлүүлэгчдийнх нь сэтгэл ханамж хэр байгаагаас цалин, урамшуулал нь шууд хамаарах ёстой байх. Энэ дунд үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж хоёрыг уялдуулах нь төрийн бодлого, зохицуулалтаас хамаарна. Эрүүл мэндийн даатгал насаараа төлчихөөд хүссэн эмнэлгээ сонгох эрхгүй, ядаж л дүүргийнхээ эрүүл мэндийн төвөөр ч олигтой үйлчлүүлж чадахгүй гомдолтой байгаа иргэдийн хувьд “эмч нарын цалинг нэмэх нь зөв” гэх сэтгэл дутна. Учир нь тэд л татвараараа эмч, багш нар, төсвийнхний цалин, хөгшдийн тэтгэврийг бүрдүүлж ирсэн. Тэгчихээд тэндээс авдаг үйлчилгээ нь чухам ямар түвшинд байгааг бүгд л мэднэ шүү дээ.

А.Алиман

Эх сурвалж: Өглөөний сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж