“Залуучуудын үнэн” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргын албыг олон жил хашсан, манай нэртэй ахмад сэтгүүлч Д.Хатанбаатар 1980-аад онд “Ээждээ захидал бичээрэй” ном гаргаж, Эхийн тухай баяр хөөр гэгэлзүүлсэн агшин, бас элэг эмтрэм сануулга зэргийг амтархан уншиж байсан ч хорин хэдэн насны ааг омгоор “өөртөө” юу ч үлдээж, ухаарч чадаагүйдээ би харамсдаг билээ. Ээжийн сайхан сэтгэл байнга биш ч гэлээ хааяахан зүүд нойронд тод үзэгддэг. Энэ намрын нэгэн сайхан өдөр ЭЭЖ-ээ зүүдэлсний маргааш өглөө нь өөрөөсөө дүү бүх хүмүүсэд хандаж доорх бяцхан дурсамжийг зориулахыг хичээв.
ЭЭЖ, ЭХ хэмээх энэ үг өөрөө өр зөөлөн дулаан дуудлагатай, хайр энэрэлийн гүн утга илэрхийлдэг. Эх хүн хүүхэд төрүүлэхдээ ихээхэн зовж шаналдгийг тэднээс өөр хэн ч ойлгохгүй. Хуучны хөгшчүүл ямартаа, “ашгүйдээ амьд мэнд хоёр эс салав” гэж байхав дээ. Энэ зовлонг эх хүнээс өөр хэн мэдэх билээ. Би хахир хатуу өвлийн сүүл сард төрсөн. Намайг төрүүлсэн оройгоо л ээжийг минь малын хашаан дотроо гүйж явсан гэж, бага байхад айлын эмээ хуучлахыг сонссон юм. Дөнгөж нярайлсан эх шүү дээ. Ганц миний ээж ч биш тэр үеийн хөдөөний эхчүүд бүгд л тийм байсан даа. Өнөөдрийн нийгмийн хамгааллын өнцгөөс харахад хатуу л санагдана. Ээжийнхээ ачийг хариулсан хүн хорвоод ер нь л байдаггүй болов уу.
Монголчууд “шүүдэр” (өвс)-ийн дусал (ус) хурааж цай чанаж өгвөл эхийнхээ ачийг нэгхэн удаа ч хариулсантай адил гэсэн зүйрлэл хэлдэг. Юуны өмнө шүүдрийн дусал гэдгийг дулаан цагийн өглөө эртийн эрт босдог хүн л мэднэ. “Их унтагч, Ээжээ төдийлөн анхаардаггүй” хүмүүс бол мэдрэх ч үгүй л дээ. Нар туссаны дараа л тэр дусал уусан алга болдог. Эндээс ургуулан бодохул өглөө эрт босож чадвал ЭЭЖ-ээ баярлуулна гэсэн холын санааг илэрхийлж байна. Эрт боссон хүүхэд зөвхөн ээждээ төдийгүй, гэрийнхээ ажилд ихийг амжуулна. Түүнээс “шүүдрийн ус” хуримтлуулж цай чанаад л “тэрэнд” ээж нь баярлаад байна гэсэн шууд утга биш юм шигээ.
“Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд” гэдгээр ээж хүн үе дамжин үр хүүхэд, ач, зээ, гучийнхаа төлөө өөрийн жаргалыг золин байж, хамаг бүхнээ зориулдгийг ихэд оройтож мэдэрдэг нь харамсалтай юмаа. Намайг овоо болсон хойно хамгийн бага дүүг минь сургуульд ороход энийг л арав төгсөхийг нь үзчих юмсан гээд хоолой зангируулан үнэн голоосоо хэлж суусныг тод санаж байна.
Олон он жил өнгөрлөө. Дүү минь эхнэр аваад хүүтэй болсон. Гэтэл энэ муу бага ачаа сургуульд орохыг нь харчих минь гээд инээд алдана. Эхийн санаа үрд гэж энэ л байх даа. Даанч би ээжээ амьдад нь баярлуулж чадаагүйдээ харамсах ч харин сэтгэлийг нь зовоож, чихийг нь халууцуулаагүй дээ “өег” суух юм даа.
НЭГЭН ЗҮЙЛ, ЗУН
Социализмын үед үнээний ферм гэж зуны улирлын нүсэр их ажлын ихэнхийг ээж нар нугалдаг сааль сүүний бүх л өдөржингийн дуусдаггүй ажил байсан юм. Өглөө бүр үүр цүүрээр босно. Энэ нь 04-05 цагийн хавьд гэсэн үг. Фермийн нэг саальчин нэгдлийн 25-30 үнээ, бас өөрийн 10-20 үнээгээ саана. Сүүний машин яг 07 цагт ирэх ёстой. Нэгдлийн болоод хувийн үнээ бүрт сүү тушаах хатуу төлөвлөгөөтэй. Цөөн үнээтэй айл зун сүүний төлөвлөгөө биелүүлэхийн тулд хар цайтай байх нь жирийн үзэгдэл. Тийм айлын эмээ, өвөө нар л зуны халуунд хар цайтай суух нь тун ч хэцүү байсандаа, хөөрхийс.
Ээж минь өглөөний сүү саалийн ажлаа дуусгаад гэрт ирэхэд дараагийн их ажил зэхээстэй. Аяганы амсар зуух, тайван суух завгүй л галаа өрдөн идээ цагаандаа орно. Сүү хөөрүүлнэ, аарц буцалгана, ээзгий ширгээнэ, тараг бүрнэ, ааруул хурууд хийнэ, айраг исгэнэ, хажуугаар нь “тогоо” тавьж нэрнэ.
Оёх юм нь ямар дуусах биш дээ. Ингэж тэгсээр байтал оройны саам болно. Үдэш бүүр орой болсон хойно амарна. Зуны цаг урт ч хөдөөний бүсгүйн ажил үргэлжлэн хөвөрсөөр өдөр бүр ээлж дараалан давтагдана.
Хамгийн хачирхалтай нь зуны гурван сард өдөр бүр бараг 20 цаг шахуу нуруу бөгтийлгүй ажиллаад өвөл хөдөлмөр өдөр (цалин) бодоход саальчин хэмээх бүсгүйчүүд хамгийн бага хөлс авах нь дэндүү өрөөсгөл байв. Тэгээд болоогүй ээ жилд гурванхан сар ажилласнаар тооцож, дөрвөн жилийн зүтгэл, хөлс хүчийг нь арай гэж бүтэн нэг жилээр хөдөлмөрийн дэвтрийг нь бөглөж өгдөг.
“Ардын зориг” нэгдэлд 16 настай саальчин болсон ээж минь 55 нас хүрээд тэтгэврээ тогтоолгов. Дөрвөн аргын тоо мэдэх хэнд ч 39 жил хөдөлмөрлөсөн нь ойлгомжтой. Гэтэл сумын захиргаа арван жил ажилласнаар бодож, хамгийн бага тэтгэвэр олгов. Энэ бол эмэгтэйчүүд түүний дотроос нэгдлийн гишүүд, саальчидаа доромжилж байсан тухайн үеийн нам, засгийн туйлын харалган бодлогын гай байлаа.
Жилийн дөрвөн улиралд, зуны аагим халуун, өвлийн хахир хүйтэн, хаврын хатуу хавсарга шуурганд цаг наргүй зүтгэсэн малчны хөдөлмөрийн үнэлэмж ийм л байв. Бүх малыг нь нийгэмчлэх нэрээр сүрдүүлэн үнэгүй хураагаад авчихсан. Дээр нь мах, сүү, ноос, ноолуурын дааж давшгүй төлөвлөгөөг биелүүлэх, хот дүүрэн хоньтой ч хүүхэд төрүүлсэн эхэд шөлний хонь гаргаад өгөх мэдэлгүй, нэгдлийн даргын царай хардаг. Дарга нар хөдөө айлаар бууж мордохдоо эрдэнэт малчин хүнээ бус, мал сайнуу гэж хэнэггүй мэндлэх хүйтэн цэвдэг сэтгэлээс эхлэлтэй байсан юм.
Нэгдлийн мал хорогдолгүй байвал хүүхэд, хөгшид өвдөхийг юман чинээнд үл тооно. Малчин ээж минь ийм л замыг туулсан. Нас нь ч нилээд ахив. Хүний өөрийнгүй гэж явсаар түүнд сайхан сэтгэл л үлдсэн. Эцэст нь биегүй болов. Ингэж явахад нь ээжийгээ баярлуулж чадлуу бид, хоосон л өрөвдөх юм даа.
НЭГЭН ЗҮЙЛ, НАМАР
Зуны улирал дуусч намрын ажил ундарна. Хөдөөд наадмын маргааш намар гэдэг нь туйлын үнэн байв. Аав том болсон ах нарыг аваад хадлан бордоо, түлээ түлш, ерөнхийдөө өвлийн бэлтгэлээ базаахаар гараад явна. Намар урт болж, мал тарга хүчээ авч, аав гэрийн гадаах ажлаа амжуулж, үндсэндээ өвөлд бэлэн болно. Намар хичээл сургууль эхэлсэн цагаас бид гэрийн ажилд туслах нь хомсдоно. Аавын эзгүйд гэрийн бүх л ажил урьдын адил ээжийн нуруун дээр л үлдэнэ. Ёстой гэрт орж эм, гадаа гарч эр болсоор хамаг “юм”-аа амжуулсан ээжийн сэтгэл хангалуун байгаа нь түүний нүүрнээс тод харагдаг байж билээ. Ээжийн сэтгэл ийм л агуу гэрт гэрэл гэгээг бий болгодог. Гэвч өөрийн биеийн ядаргааг үл тооно. Энэ мөчид нь баярлалаа, Ээжээ гэж хэллүү, өнгөрсөн хойно дэмий л сэтгэл гонсойх юм даа.
НЭГЭН ЗҮЙЛ, ӨВӨЛ
Намрын улирал урт сайхан налгар бол цагийн аясаа дагаад сэтгэл тэнүүн өвөлтэй золгох нь нэн аятайхан бөлгөө. Өвөлжөөндөө бууж, идэш хоолоо төхөөрсний дараа л хөдөөгийнхний нуруу нэг хэсэгтээ л “тэнийдэг” юм. Орой малаа хотолж, хооллочихоод нэгнийдээ цуглаж, үндэсний наадгай (шагай, даалуу, хорол, үүчүүр, шатар гээд ер нь юм юмаар л)-гаар шөнө дөл болтол тоглох нь нэгэн ёсны амралт гэлтэй. Хааяадаа хууч хөөрнө. Гадаа хүйтний эрч чангаравч, хөдөөгийн хүмүүст ер нь амс хийдэг цаг нь энэ л мөч дөө.
Манай орны өвөл -30-40 хэмийн хүйтэн байх нь олонтоо, цас их унана. Сарлагийн үхэр уулын царамд гарч, орой бүхэнд тууж ирэхээс нааш доошлоно гэж үгүй. Ээж өглөө эрт босдгоороо босож, цай ундаагаа бэлтгэж, аргал түлээгээ зөөж, хашаа хороогоо цэвэрлэсээр өдрийг барах нь жирийн ажил шүү дээ. За тэгээд цагаан сарын өмнө хүн бүрийн тоогоор дээл хийнэ, гутал уллана. Өвлийн хахир цаг ч гэсэн харин ээж минь жаахан ч болов сэтгэлийн жаргал эдэлж амждаг байсан юм болов уу, хөөрхий дөө.
Хот газар дулаан байранд тухлан суудаг холын хамаатан нар өвөл эхлэхтэй зэрэгцэн идэш хоолоо санан хөдөөг зорин ирдэг байж билээ. Одоо ч тийм байгаа юм. Хот суурин газар ирж, оюутан болоод ээждээ тун бага тусалж байснаа хааяа санах, тэр мөчдөө захиа бичих ухаан байгаагүй нь даанч харамсалтай.
НЭГЭН ЗҮЙЛ, ХАВАР
Тэр үед малчдын цагаан сар гэж нэрлэн, түүний бэлтгэлийг хангах нь мундахгүй их ажил болдог. За тэгээд мал төллөж эхэлснээр хаврын нөр их ажил ундарна. Төл бүрийг мал болгох нь айл бүрт ээж ямар байхаас ихээхэн шалтгаалдаг байсан гэж болно. Бод мал (үнээ, гүү, ингэ) ихэвчлэн өдөр төлөө гаргадаг бол бог мал (хонь, ямаа) ер нь шөнөдөө, үүрээр төллөх нь элбэг л дээ.
Шөнө нойрон дунд хонь майллаа шинэ хургаа авнаа хөө гээд ээж л хөнгөн нойр, сэрэмжээрээ мэдэрч, санаа нь зовоод гарах, тэгээд хөөрхий шинэ төлөө барьсаар энэ хурга хар халзан хониных, тэр ишиг сэлмэн эвэртэй хөх ямааных гээд өхөөрдөж суух. Ээж дуудчихвийдээ гээд, би сэрсэн ч сэрээгүй юм шиг муу санаалан хөнжилдөө шургахад, аав ээж хоёр аль хэдийн галаа өрдөн хууч хөөрөөд тайван айван сууж байдаг сан.
Хавар удаан үргэлжлэх нь өвлөөс хатуу гэдэг үнэн юмаа. Ямар сайндаа л “урт шар дээлтэй хүн” мөдгүйнээ гэж байхав. Мал төллөх үеэр ээж минь гэртээ орох нь нэн ховордоно. Хааяадаа биднийг дуудна. Тэгсэнгүй ингэсэнгүй гэсэн мөртлөө миний хүү даарч байна уу, гэртээ орж дулаац даа гэх.
Хавар ээжийн ажил улам л ихэснэ. Ёстой борви бохисхийлгүй зүтгэдэгсэн. Төл мал гэж явахдаа олигтойхон ч дулаан хувцсаа өмсчихгүй ээ. Хаврын шуурга хавирга нэвт гэдэг үнэн шүү. Хавар цаг хүн, малын чадлыг сорьдог. Иймд үед ээжийгээ хийл өрөвдөхөөс цааш хэтрэхгүй, том болоод тусалнаа гэж дотроо л боддог байв. Тусалсан нь хэд билээ.
НЭГЭН ЗҮЙЛ, ЭЭЖИЙН ХАЙР
Та нарын ээж мөн сайхан бүсгүй байсандаа, ажил төрөлд хөнгөн шаламгай, хэнтэй ч эвтэй, хөгшид, хүүхдэд халамжтай манай жалгын дөмөг нь, хүний хайлан явсан юм. Хөөрхийдөө нэгдэл нийгмийн төлөө гэж явсаар өөрийгөө хайхралгүй, зөнд нь хаяснаас ихээхэн өвчин эмгэгтэй болждээ гэх нутгийн өвөөгийн үг “хатуухан” ч үнэн байжээ.
Ээж минь өвдлөө гэж хэлэхгүй ч дотроо их л зовуртай байх болсон. Ээж нь ямар төлгөн хонины настай бишдээ, эм тарианд энэ их мөнгө зарж яах гээв, хэдэн хүүхдээ их зовоолгүй нүд аних юмсан гэх үгийг сонсохоос хий л сэтгэл эмтэрнэ.
Ээж минь бусдыгаа хошуучлан ажлаа хамгийн сайн хийж байсны нотолгоо нь баярын бичиг хэмээх өнгөтэй олон хэвлэмэл цааснууд болой.
Хааяахан ач, зээ нараа тойруулчихаад хэдэн баярын бичгээ үзүүлэн ихэд сэтгэл өег суудагсан. Нэгдэл нийгмийн төлөө нэг насаа зориулсан ээж минь хүний өөрийн олон хүүхдийг хайраар татаж чадсан нь гайхалтай.
Миний ээж хүний хайлан, хүүхдийн бурхан байсан нь үнэн билээ. Ээждээ хэлж чадаагүй үгээ энэхүү захидлаар хүргэе. Дээд тэнгэрээс харж суугаадаа биднийгээ.
Хүмүүсээ, ээждээ захидал бичиж, амьд байхад нь ойр ойрхон очиж, сэтгэлийн амгалан эдлүүлж, битгий зовоож байгаарай. Чи л өвдөхгүй, гунихгүй, элдэв хэл аманд өртөхгүй, архи дарс хэрэглэхгүй байвал ЭЭЖ чинь “зовлон”-гүй байдаг юм билээ гэж бүгдэд захия даа. Ээждээ захидал бичиж байгаарай.
Сайн байна уу, ЭЭЖЭЭ хүү чинь таныгаа ойрд их зүүдлэх юмаа. Та хүрээд ирсэн бидэнтэйгээ ярьж суулаа. Миний бичсэн бүх захиаг хадгалжээ. Миний хүү л ээждээ дандаа захиа бичдэг байсан юм. Хаа холын Оросоос ч бичнэ. Хол ч гэлээ сураг ажиг сонсохоор санаа амардаг юм.
Энэ золиг л цэргийн гурван жилд хоёрхон удаа захиа бичиж, намайг их зовоосондоо гээд хамгийн бага дүүгийн толгойг элнэ. Нөгөөдөх нь амьд байгаа л юм чинь захиа бичсэн бичээгүй хүрээд л ирэх байсан юм чинь гэж зөрүүдлэх. Хөөрхий дөө, миний муу бор банди, одоо эхнэр хүүхэдтэй болоод ээжийнхээ хажууд овоо л байгаа юм гээд дахиад л толгойг нь үнэрлэнэ. Өнөөдөх нь эхнэрээсээ зовсон янзтай, за за ээж ингээд зөнөглөөд гэхэд нь ээж гомдох ч үгүй, эвий эвий жаахан юм гээл дахин өхөөрдөнө.
Ээжээ, Та … гэж дуу алдахад эхнэр хажуугаас нудраад сэрээчихлээ.
Ээжийн сэтгэл дандаа үр хүүхдийнхээ төлөө байх юм даа гэсэн гүн бодолд нойр хулжаад дахин унтаж чадсангүй, олныг эргэцүүлэн орондоо жаал хөлбөрөв.
Тэгээд ээждээ нэгэн “матаас” хүргэхийг хичээвээ.
Ээжээ та “байсан” бол ямар сайхан билээ, бид бүгдээрээ очоод л, хууч яриа өрнүүлээд л, таныгаа аваад нутаг руугаа яваад л, та үеийнхээ хөгшидтэйгөө уулзаад л гэхээр хоолой зангираад хэлэх үг олдохгүй болно.
Харин одоо таны ач, зээ нар ээж, аавдаа захиа бичихгүй юм. Хотод байгаа нэг хэсэг нь ээж, аав дээрээ очихгүй юм. Нөгөөдүүл нь байнга л харуулдаад энэ хагас бүтэн сайнд ирэх байх гээд цай хоол бэлдээд гэтэл нөгөө хэд нь ажил толгойтой үснээс их, юун та руу явж байх ямар зав байхав гэдэг гэнэ. Тэгээд “толгойтой үснээс их ажил гэж байдаг л юм байхдаа” гэж асуудаг болсоон.
За тэгээд хааяа тэд охид, хүүгээ явуулж, ойр зуурын юм өгүүлдэг гэнэ. Нэг л их гоёж гоодсон охид, ач, зээ нар нь орж ирээд, энийг танд өгүүлсэн гэчихээд цай өгсөн ч уухгүй, хоол хийгээд өгсөн ч идэхгүй, гар утсаа тавихгүй “мээсэж” гэнүү бичээд л суугаад байх юм. Энэ янзаараа бол энэ хүүхдүүд ХҮН БОЛОХ нь өнгөрлөө гэж аман дотроо үглэн сууна.
Та нар дуугараад өгөөчээ, яадаг золигнууд вэ, тэр аав, ээж нар чинь бас завгүй юу, хэзээ ирэх юм болоо гэж асуухаар, та утасдаад өөрөөс нь асуулдаа гээд угийн зөрөөгүй гараад явчихдаг гэнэ.
Ээжээ та ирээд энэ их завгүй хүмүүсийг нэг сайн “байлгаад” (ЗАГНААД) шалд нь буулгаад өгөөчээ гэсэн бодол толгойд замхран одов.
Шинэ цагийн хүмүүсээ гэж ийм л байдаг юм байхдаа, ээждээ захиа бичихээ байг гэхэд ойр ойрхон очиж, очоод сэтгэлийг нь тайвшруулан удаан ярьж байгаарай хүмүүс ээ. Тэгвэл ээж, аав нь баярлана. Хэдэн бор цаас, дэлгүүрийн аахаар шаахаар юм тэдэнд ерөөс хэрэггүй ээ, сэтгэлийг нь тайван байлгаарай. Цагаан сүү шиг Эхийн сэтгэл аугаа шүү. Сэтгэлээсээ хандаарай Та нараа!
Сэтгүүлч Гончигийн СУМЪЯА