Баавгайд хавдрын мэс засал хийжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.24-нд нийтлэгдсэн

Баавгайд хавдрын мэс засал хийжээ

Мьянмарын мэс засалчид Азийн хар баавгайн хэлэн дээрх гурван кг орчим хавдрыг мэс заслын аргаар авчээ. Мэс засал дөрвөн цаг орчим үргэлжилсний эцэст амжилттай болсон байна. Хар баавгайн хэлэн дээрх хавдар ихэд томорсон  учраас хөөрхий амьтан хэлээ унжуулан, газраар чирж  явдаг байжээ. Мэс заслыг амжилттай явуулсан Эдинбургийн их сургуулийн мал эмнэлгийн сургуулийн эмч Хитер Бэкон хэлэхдээ “Би 10 гаруй жил амьтдыг эмчлэхдээ ийм зүйл харж байгаагүй” гэжээ. Энэхүү Азийн хар баавгайг Мьянмарын хулгайн наймаачид эхээс нь салгаж Хятад руу худалдах гэж байхад нь буддын лам нар аварсан гэнэ. Хар баавгайн төмсгийг ардын уламжлалт эмчилгээнд хэрэглэдэг учраас Хятадад эрэлт ихтэй байдаг.

Баавгайн хэлэн дээр хавдар байгааг ажигласан лам нар орон нутгийн малын эмчид хандсанаар тэд Эдинбургийн их сургуулийн докторыг олж уулзжээ. Эмч нар хар баавгайг хоёр нас орчимтой байхдаа шумуулаар дамждаг паразитийн халдвар авсан гэж таамаглажээ. Гэвч өмнө нь ийм тохиолдол огт бүртгэгдэж байгаагүй юм. Мэс засалчид өнгөрсөн жил баавгайн хэлэн дээрх хавдрыг авах гэж оролдсон боловч хавдар нэлээн нэвчсэн байсан учраас илүү нарийн мэс засал хийх шаардлага тулгарсан байна.

Мэс заслын өмнө эмч нар удаан хэлэлцсэний дүнд хөөрхий баавгайг урьдын хэвэнд нь оруулахаар шийджээ. Хөөрхий баавгай гурван кг болтол томорсон хэлээ чирж явах гэж нэлээн зүдэрдэг байснаас гадна амаа байнга ангайлгахаас аргагүй байсан гэнэ. Мэс засал амжилттай дууссаны дараа хөөрхий баавгай хоол идэж сурч байгаа ажээ. Мэс заслын дараах нөхцөл байдалдаа дасахад хугацаа орно хэмээн эмч нар ярьсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж