Ховд аймгийн засаг ноёноор хоёр удаа сонгогдсон Д.Галсандондогтой холбоотой дуулиан 2016 оноос хойш яригдаж буй. Ховд аймагт намаа ялагдуулсан атлаа АН-тай далдуур сүлбэлдэж аймгийн Засаг ноёны суудалд тухалсан гэх яриа өнөөдрийг хүртэл ховдчуудын дунд яригддаг. Намын нөхөд нь түүнд дургүйцлээ ил тод илэрхийлж, АН-тай нийлж, намаа тонгорсон гэсэн таагүй тодотгол өгч байсан удаатай. Ховдын Мөст сумын уугуул, улс төр судлаач, эрхзүйч мэргэжилтэй гэгддэг Д.Галсандондог Шадар сайд асан У.Хүрэлсүхийн адууг амьдаар нь хил гаргах шийдвэрийн эсрэг сөрж, үл тоосон гэх яриа ч хэвлэл мэдээллээр гарч байв. Тэгвэл эрхэм даргатай холбоотой шинэ дуулиан дэгдлээ. Тодруулбал, Д.Галсандондогийг иргэдээс их хэмжээний авлига авсан байж болзошгүй гэж үзэн АТГ-аас шалгаж буй бололтой. Ийм мэдээлэл гарах болсон нь мэдээллийн хэрэгслээр гарсан иргэн Д.Галбадрахын гомдолтой холбоотой юм. Энэ оны долдугаар сард болсон Аймгийн ИТХ-ын гуравдугаар хуралдааны үеэр иргэн Д.Галбадрах нь Засаг дарга Д.Галсандондогт авлига өгсөн гэж ярьжээ.
Д.Галбадрах нь Ховд аймгийн Манхан сумын харьяат. Тэрбээр, барилгын салбарт бизнес эрхэлдэг бөгөөд Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогтой ярилцаж тохиролцсоны хүрээнд Дөргөн суманд нөхөн сэргээлт хийхээр нутгаа зорьжээ. Улаанбаатар хотоос явахдаа найзуудаасаа зээлсэн 100 гаруй сая төгрөгөөр техник тоног төхөөрөмж түрээсэлж очсон ч ажлаа хийж чадаагүй байна. Асуудлыг нь шийдэж өгнө гэсэн Засаг даргын амлалтад хууртаж явсаар ажлаа ч хийж чадахгүй, 120 сая төгрөгийн өрөнд орж, шүүхэд дуудагдан, залилангийн хэргээр ачигдахад хүрээд байгаагаа хурлын үеэр уйлан ярьсан бичлэг өдгөө ч цахим хуудсанд байна. Д.Галбадрах ярихдаа “Би Ховд аймгийн Манхан сумын харьяат. Намайг Д.Галбадрах гэдэг, хувиараа бизнес эрхэлдэг. Барилгын салбарт ажилладаг. Би Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогтой байгуулсан гэрээний дагуу нөхөн сэргээлтийн ажил хийхээр ирсэн ч өрөнд ороод буцлаа. Би хэн нэгнийг хуурч мэхлээгүй. Эхнэр минь 100 гаруй сая төгрөгийн эмчилгээтэй. Гэтэл би энд ирээд өрөнд орчихлоо. Уйлахад ч багадаж байна. Миний ажлыг дэмжинэ гэсэн Д.Галсандондог даргад би авлига өгсөн. 2016 оны арванхоёрдугаар сард нэг сая, 2017 оны нэгдүгээр сард 4 сая бэлнээр, хоёрдугаар сард 1.5 сая, гуравдугаар сард хоёр сая нийт 8.5 сая төгрөгийг өгсөн. Энэ хугацаанд болж бүтнэ гэж ярьсаар өнөөдрийг хүрлээ. Мөн түүнд авлига өгсөн, өөрөө нэхэж авсан жишээ олон байгаа. Зөвхөн нэг жишээ дурьдахад манай найзаас эд материалын авлига авч байсан. Би энэ бүхнийг АТГ-д өгнө. ИТХ-ын дарга Г.Пүрэвгандид энэ өргөдлийг өгмөөр байна. Та бүхэн бүгд харлаа, сонслоо. АТГ-т шалгуулж үнэнийг тогтоож өгнө гэж найдаж байна. Хариуцлагаа би өөрөө үүрнэ” хэмээн ярьсан юм. Тэгвэл энэ асуудлыг яг одоо АТГ-т шалгаж байгаа тухай албан бус эх сурвалжийн мэдээлэл ирэв. Аймгийн Засаг даргаа гүтгээд, тэр тусмаа ИТХ-ын үеэр зорьж очоод гүтгэж сууна гэдэг байж боломгүй асуудал. Үндэслэлтэй учраас л энэ асуудлыг сөхсөн нь тодорхой билээ. Д.Галсандондог даргыг гүтгэсэн, энэ мэдээлэл худлаа байж магадгүй гэж бодсон учраас гүүглийн хайлтаар энэ мэдээллийг няцаасан эсэхийг шүүрдэж үзэв. Гэтэл мэдээллийг үгүйсгэх бус харин ч бичлэгийг нь тавьсан сайтуудын мэдээллийн сангаас устгасан байсан нь сонирхол татав. Гэм зэмгүй бол ингэтлээ ач холбогдол өгч устгах байсан уу гэдэг нь сонин. Нөгөөтэйгүүр, өөрөө мэдээллийг үгүйсгээгүй өнөөдрийг хүртэл дуугүй яваа нь эрхэм даргад ямар нэг “но” байгааг илчлээд байгаа юм. Хурган дарга нарын авлигын асуудлыг АТГ-т дуулиан болгож шалгадаг ч тэгсхийгээд намжиж орхидог. Нөгөөтэйгүүр, АН, МАН ээлжилж төр барихдаа нөгөө намаа муухай харагдуулах гэж зохион байгуулалттай ийм мэдээлэл түгээх нь бий. Харин энэ удаад МАН-ыг төр барьж байх үед МАН-аас томилогдсон Засаг даргыг шалгаж байгаа нь сонирхолтой байгаа юм. Хэрвээ энэ асуудал үнэн болж, Засаг даргын авлигын асуудал сөхөгдөж гэмээнэ өөр ноцтой баримтууд ч илчлэгдэх биз ээ.
Т.ОД