Аврагч, уулчдын хамтарсан багийнхны эрлийн ажиллагаа үргэлжилж 09.43 цагт дахин хоёр иргэнийг цогцсыг оллоо. Үлдсэн таван иргэн амьд байгаасай гэсэн итгэлээр онцгойгийнхон шуурхай ажиллаж байна. Мөн аврагчид осолдсон иргэдийн цогцсыг 3200-3400 метрийн өндрөөс дамнуургаар буулгаж эхэлжээ. Уулын цас дагтаршиж, хунгарласан тул ажиллагааг явуулахад хүндрэлтэй буйгаа Улсын Онцгой комиссын шуурхай бүлгээс мэдээлэв. Эрлийн багийнхан хайрхны бэлээс дээш 2775 метрийн өндөр хээрийн штаб байгуулан байрлан ажиллаж байгаа юм. Мөн Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөрөөр ахлуулсан цагдаагийн алба хаагчид хэргийн газрыг хамгаалалтад авч, хэргийн газрын үзлэгийг хийж байна. Мөн амьд үлдсэн 10 хүн болоод байгаль хамгаалагч зэрэг шаардлагатай хүмүүсээс тайлбар, мэдүүлэг авч байна. Үүнээс гадна өнөөдөр /2017.10.24/ өглөө олсон хоёр цогцсыг таниулах ажиллагааг эхлүүлжээ.
Амьд үлдсэн 10 иргэн болон осолдсон иргэдийн цогцсыг өнөөдөртөө багтааж Зэвсэгт хүчний жанжин штабын МИ-171 нисдэг тэргээр авчрахаар төлөвлөснөө Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Талийгаачдыг өндрөөс унаж осолдсон уу эсвэл нурангид дарагдан хөлдөж нас барсан уу гэдгийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн цогцост задлан хийж шинжлэх юм. Эх сурвалжийн мэдээлснээр олдсон цогцсууд танихын эцэсгүй болжээ.
Хоёр жилийн өмнө Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн Алтай таван богд ууланд авирч яваад сураггүй болсон. Аврагчид уулчдын цогцсыг дөрөв хоногийн дараа олж, нисдэг тэргээр хот руу зөөвөрлөн авчирч байсан юм. Тухайн үед талийгаачид өндрөөс унасан эсвэл хөлдөж нас барсан эсэхийг судлахаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн таван цогцост задлан хийж байв.
Эрлийн багийнхан өчигдөр /2017.10.23/ сураггүй болсон 17 хүний эхний 10-ынх нь цогцсыг Отгонтэнгэр хайрхны зүүн урд тал далайн түвшнээс дээш 3200-3450 метрийн өндөрт байрлах эгц хадан хясаа орчмоос олсон юм. Уулчид “Отгонтэнгэр хайрхан”-д авиралт хийхээр аравдугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос гарч, аравдугаар сарын 21-ний өдөр Отгонтэнгэр хайрхны бэлд очсон бөгөөд тухайн өдрийн 16.30 цагт авиралт хийж, буцаж буух явцдаа цасан нурангид өртжээ. Ингээд араас нь явсан 10 иргэн буюу гуравдугаар багийнхан нь нэг хоногийн дараа буюу аравдугаар сарын 22-ны өдрийн 13.00 цагийн орчимд эсэн мэнд бууж ирснээ хэлжээ.