Итгэл найдвар хамгийн сүүлд бөхдөг

Хуучирсан мэдээ: 2017.10.24-нд нийтлэгдсэн

Отгонтэнгэрт уулчид осолдов

Итгэл найдвар хамгийн сүүлд бөхдөг

БШУ-ны сайд Л.Гантөмөр өнөөдөр сургууль, цэцэрлэгийн үдийн цай, хоолны үйл ажиллагаатай танилцлаа.

Дорнын намуухан Отгонтэнгэр, их оргилууд хатуу үедээ хатуу юм байна. Хангайн оргил хайрханыхаа элгэнд хайран залуус үүрд тэврүүлэн нойрслоо. Бидний цөөхөн монголчуудад хүнд гарз тохиолоо.

Хүн энэ хорвоогоос буцахдаа хэнээс ч зөвшөөрөл авдаггүй.

Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханыг зорьсон аялагч, уулчид “Хамтдаа алхацгаая”, “Хоризон” уулчдын клубт хүсэл сонирхлоороо нэгдсэн адал явдалт спорт сонирхогчид байжээ.

Тэдний 10 нь буюу гурав дахь олсонд явсан хүмүүс оргилоос эсэнд мэнд бууж, 10 нь амьсгал хураасан гашуун мэдээг бид хүлээн авлаа. Үлдсэн долоон уулчнаа эсэн мэнд олдоосой гэсэн эцсийн найдлага тасраагүй л байна.

Отгонтэнгэрийг зорьсон залуусын нэг “Бусдад талархаж бүхнийг баярлуулж явахыг л тэжээвэр болгож, өөрийн хүслээрээ амьдрах сайхан. Сайн сууж байгаарай” гэж цахим хуудсандаа бичээд аялалд гарчээ. Бас тэр “Уулзсан хүнээ сайхан үгээр баярлуулахыг хичээ. Магадгүй дахиж уулзахгүй ч байж мэднэ” гэж бичсэн нь саяхны сэтгэгдэл нь.

Тэдний аялал, авиралт, аян зам саадгүй эхэлсэн байжээ. Гурван фургон машин хөлөглөн, хүсэл, зорилгынхоо төлөө явсан аялалаа сүүлчийнх гэж мэдээж хэн нь ч мэдээгүй. Аялалдаа бэлдэж байна, багажаа зэхэж сууна, Баянхонгорт сайн явж ирлээ гэсэн гоё гоё зураг, дурсамжуудаа хуваалцсаныг нь харахаар сэтгэл сэмэрч, үймэрнэ.

Ууланд авирахаас буух нь хэцүү. Ерөөс гол асуудал нь эсэн мэнд бууж ирэх.  Авиралт амины эрсдэлтэй нь гашуун үнэн ч ямар ч мулгуу хүн амьсгалаа хураах зорилго тээж оргил руу явдаггүй. Ууланд л байдаг эрх чөлөө, тэндээс л олж авдаг мэдрэмж гэж бий.

Амь насаа алдсан залуусын гэгээн дурсгалыг хүндэтгэж, тэдэнд тохиолдсон золгүй явдлыг зэмлэн буруушаахгүй байхыг хүсье.  Тэдний хүсэл, сонирхол, болсон явдлыг одоо бид шүүх нь утгагүй.

Ухаантай утасныхаа араас “ухаан муутай” бодлоо бичих амархан. Өөрсдийгөө өндөр уул, хүйтэн цасан дунд үхэлтэй тэмцэж байна гэж бодож ч зүрхлэхгүй зарим хүний үг аав, ээж, ах дүү, найз нөхдөө үүрд алдсан бусдын зүрхийг зүсэхтэй адил санагдаж байна. Бид ер нь бусдын сайн сайхан, хагацал зовлон, туулсан амьдралыг шүүхийн оронд ядаж дэргэдэх хүмүүсээ л хайрлаад сурчих нь чухал. Өнөөдөр уулзсан учрал сүүлийнх байж ч магадгүй.

Уулчдыг ахалж явсан Н.Сүрэнжав бол туршлагатай уулчин.  

Сэнгүүн гэдэг ‘уулын’ нэрээр нь түүнийг аялал, алхалт, авиралт сонирхдог хүмүүс бүгд мэднэ. Олон хүн түүнийг хүндэтгэн хайрладаг. Үргэлж хүнд тусалж явдаг. Уулынхны хувьд Сэнгүүнгүй ажил байхгүй.  Бүх л сайн, мууд гүйж явдаг, зөөлхөн, сайхан сэтгэлтэй. Ёстой л уул, оргилоороо гэр, уулынхнаараа хань хийж ирсэн хүн.

Монголын уулчдын нэр нүүр болж яваа, Гавьяат тамирчин Б.Гангаамаа “Н.Сүрэнжав гэдэг хүний хувьд, Уулын клубуудын нэгдсэн холбоо гэж байдаг юм байна лээ. Тэрнийг тэргүүлдэг хүн гэж ойлгож байгаа. Туршлагын хувьд Монголынхоо ууланд зөндөө л явсан байх. Би сайн мэдэхгүй” гэж телевиз, олон нийтийн өмнө ярьсныг гайхаад өнгөрлөө. Сэнгүүнийг танихгүй уулчин байтугай сонирхогч ч цөөн байх аа.

Багийн ахлагч Н.Сүрэнжавын 2016 онд Gogo.mn сайтад өгсөн ярилцгаас багаханыг ишлэе. 

2016.03.25

…Би 1990-ээд оноос явган аялалд явдаг болсон. Оргил дээр гарахаараа ядарч цуцсан байдал, олсонд ороод явахад хүмүүсийн үл ойлголцол, авирах үеэр бий болсон элдэв асуудлууд бүгд сарниад алга болчихдог. Тэр их гоё мэдрэмж. Хамгийн гол нь баг хамт олноороо гарах нь их сайхан. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө явдаг.

…Уулын спорт нь аялалаас үүссэн. Ууланд авирах, аялалд явах нь өөрийгөө ялах, тэсвэр хатуужилтай болгох, байгалийг танин мэдэх  ач холбогдолтой.  Ууланд явахаар хүн хөл гарын тэнцвэрээ олдог. Биеийн эрүүл мэнд бас эрс өөр болно. Хүчилтөрөгч бага үед амьсгалаа зөв авч хуваарилж чаддаг болно. Далд булчингууд хөгжинө. Элдэв өвчин илааршдаг. Нөгөөтэйгүүр тэсвэр тэвчээртэй болдог. 

…Эхний хүн замаа гаргаж, сайн шалгаж явдаг маш чухал үүрэгтэй. Г.Өсөхбаяр гавьяат хамт явбал замаа гаргаад явдаг. Хэрвээ би өөрөө баг ахлаад явбал яалт ч үгүй түрүүнд нь гардаг даа. Өндөр ууланд хүчилтөрөгч багасахаар ядарч туйлддаг учраас заримдаа нэг хоёр уулчидтай ээлжилнэ.

…Манайхны хувьд уулын спортын босго Асралт хайрханаас эхэлдэг. Би 2810 метрийн өндөртэй Асралт хайрхан дээр гарлаа гэхэд дараа нь тэрнээс өндөр 3000-тай уул хаана байх вэ гэх мэт үргэлж дээш тэмүүлж байдаг. Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр, Очирваань хайрхан 4080 метрийн өндөртэй. Тийшээ хүмүүс өвлийн авиралт хийдэг. Энэ сард явна. Яагаад гэвэл зун айлууд зусландаа буучихаад шүтдэг хайрхан дээр нь хүмүүс гарахад таагүй байдаг. Тиймээс хүн байхгүй үеэр гардаг юм…

Үнэн, Сэнгүүн ах аа. Уулчид үргэлж дээшээ тэмүүлдэг. Уул бол үүлэнд умбаж, эрх чөлөөг мэдэрч, өөрийгөө ялж болох цор ганц газар.

Итгэл найдвар хамгийн сүүлд бөхдөг. Дорнын намуухан Отгонтэнгэр минь долоон амийг бүлээн үлдээж хайрла. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж