Хуучирсан мэдээ: 2017.10.23-нд нийтлэгдсэн

76:1
Парламентын дууч

‘Ньюс’ агентлаг “76:1” булан өнөөдөр УИХ-ын гишүүн Самандын Жавхланг онцолж байна. Бид энэ буландаа 2016-2020 онд парламентад ажиллаж байгаа гишүүдийг цагаан толгойн үсгийн дарааллаар танилцуулдаг.

Монгол Улсын Их Хурлын сэнтийд түмнээ төлөөлөн суусан түшээдийн дийлэнх олонх нь төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжлээрээ уралдаж гайхуулдаг. Гадаад, дотоодын их дээд сургууль, курс дамжааны жагсаалтгүй эгэл малчин, яруу найрагч, бөхчүүд ч бас түмэн олны төлөөлөл болон УИХ-ын танхимд заларсан нь бий. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Самандын Жавхлан.

Түүнийг  улстөрч гэдгээс нь илүү Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан гэдгээр нь танина, бид.  Зохиолын дууны ханхүү алдрыг хүртсэн, түүнийгээ олон жилийн турш хадгалсаар яваа нэгэн. Тэрбээр эх орондоо алдраа дуудуулаад зогсохгүй Буриад, Тува, Өвөрмонгол, Халимаг гээд монгол туургатны хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч.

2000 оны эхээр дуучин Т.Баясгалантай хамтран дуулж, олонд танигдсан ч өдгөө нийтийн дууны ханхүү болтлоо алдаршсан С.Жавхланг энэ парламентын “хамгийн, хамгийн” тодотголтой эрхэм  гэхэд болно.

Тэр УИХ-ын сонгуулийн сурталчилгаагаа үхэр тэрэг хөллөн, Хужирбулангийн айл болгонд зочилсон бол Төрийн ордноо монгол дээлээ өмсөж, хүлэг морь унан морилсон анхны түшээ. Дуулсаар, дуунд дуртай ард олноо уяраасаар УИХ-ын гишүүн болж чадсан бие даагч үе үеийн парламентад С.Жавхлангаас өөр байхгүй.

2016 оны УИХ-ын сонгуульд 69 бие даагч өрсөлдсөнөөс тэр ганцаараа үнэмлэхүй олонх болсон 65-ын бүлгийн эсрэг сөрж гарч ирсэн  юм.

Улстөрчийн хувьд түүний бүрдүүлж буй имиж ‘Жинхэнэ Монгол’.

С.Жавхлан гишүүн монгол гэрт амьдарч, эхнэрээ араг түшүүлж төрүүлсэн гээд “жинхэнэ” Монгол гэх утга агуулгыг амьдралдаа ч, ажилдаа ч хэрэгжүүлдэг.

Түүнийг УИХ-ын сонгуульд хоёр удаа өвдөг шороодож байсан гэдгийг мэдэх хүн тун цөөхөн.

Анх 2008 онд төрөлх нутаг Увс аймагтаа УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр санаархсан ч нутгийн улстөрч ах нараас зэмлэл хүртэн, нэрээ татсан гэдэг.

2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нартай өрсөлдөж, Чингэлтэй дүүргээс УИХ-д сонгогдсон Ц.Элбэгдорж ялалт байгуулснаар тус тойрогт нөхөн сонгууль зохион байгуулахаар болсон. Чингэлтэйн нөхөн сонгуульд С.Жавхлан бие даан нэр дэвшиж байсан бөгөөд  тус тойргийн сонгогчдын 3,8 хувийн санал авч байж. 2012 оны УИХ-ын сонгуульд С.Жавхлан МАХН-аас Увс аймагт нэр дэвшиж, мөн л өвдөг шороодож явжээ.

Ийн хоёронтаа ялагдал хүлээсэн тэрээр 2016 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж, УИХ-ын гишүүн, улстөрч болох хүсэл нь биеллээ олсон юм.

Анх УИХ-д нэр дэвшихээ илэрхийлж байхад нь түүнээс яагаад улс төрд орохоор шийдсэнийг асуухад “Монголоо гэсэн сэтгэл монгол хүн бүхэнд байгаа. Улс төрөөр чи оролдохгүй ч улс төр чамаар оролдоно гэсэн үнэн үг байдаг. Тэр утгаар ч гэх юмуу даа. Гавьяат жүжигчин гэсэн том шагналыг надад төр засгаас хайрласан тэр үеэс улс орондоо өөрийнхөө бүхий л чаддаг, мэддэг бүхнээ зориулах, нэмэрлэх юмсан гээн бодол төрж байсан” гэж хариулсан байдаг.

С.Жавхлан түшээд дундаа улстөрчийн намтар нимгэнтэй ч анхны чуулгандаа ташуур барьж, үндэсний хувцас өмсч ирсэн төдийгүй чуулгандаа суулгүй өрөөндөө суулт зарлан, өрөөнийхөө үүдэнд эсэргүүцлээ илэрхийлж, элдэв уриа лоозон хадах зэргээр сонин содон санаачилга, илэрхийллээрээ ялгарч амжсан улстөрч. Эрх баригчдыг эсэргүүцэн Төрийн ордонд хоёр хоногийн хугацаатай зарласан  суулт нь парламентын түүхэн дэх сонин содон явдлыг баяжуулаад амжсан.

Монголчууд дуучин С.Жавхланг хайрлаж хүндэлдэг, дууг нь сонсох дуртай.

Улстөрч С.Жавхланд хэр хайртай вэ гэдгийг 2020 оны УИХ-ын сонгуулиар дүгнэнэ.

УИХ-д хамтдаа ‘элссэн’ гишүүд дундаа микрофоноос эмээлгүй үгээ хэлчихдэг, хэнбугайг ч шүүмжилчихдэгийг нь эс тооцвол хууль санаачилж,  тойргийнхоо ард түмнийхээ төлөө хийсэн тодотгох зүйл түүнд одоохондоо алга. Магадгүй өөрийнх нь хэлснээр тэр ганцаардаж байж болох. Гэхдээ баянзүрхчүүдийн төлөө ажиллана, төрд иргэдээ төлөөлнө гэдэг үндсэн үүргээ умартаагүй яваа бол ирэх жилүүдэд уран бүтээлч гэхээсээ төрийн хүн гэдгээ илүү мэдрүүлэх биз.

Намтар

  • 1980 хоёрдугаар сарын 21-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн
  • Эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг

Ажилласан байдал

  • 2003-2016 онд Чөлөөт уран бүтээлч
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Шагнал

  • 2009 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин
  • 2015 онд Тува Улсын Гавьяат жүжигчин

Анхны уран бүтээл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж