“Хамтдаа алхацгаая”, “Хоризон” нэртэй уулчдын клубуудын хамтарсан, уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 хүний бүрэлдэхүүнтэй баг Улаанбаатар хотоос гарчээ. Тэд 3 машинтайгаар Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах Отгонтэнгэр хайрханд авирахаар хотоос хөдөлсөн аж.
Уулчдын баг аравдугаар сарын 21-ний өдөр Отгонтэнгэр хайрханы бэлд очсон бөгөөд тухайн өдрийн 16.30 цагт авиралт хийж, буцаж буух явцдаа цасан нурангид өртсөн байна.
Ням гаригт буюу аравдугаар сарын 22-ны өдрийн 13.00 цагийн орчимд 10 иргэн эсэн мэнд уулнаас бууж ирсэн ч 17 иргэн сураггүй алга болсон.
Тус мэдээллийн дагуу Завхан аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн даргаар ахлуулсан 14 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг аравдугаар сарын 22-ны өдрийн 16.50 цагт ослын газар руу хөдөлж, уулнаас бууж ирсэн 10 хүнтэй уулзан, тайлбар мэдүүлэг авч, Завхан аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газрын 67 алба хаагчийн хамт тухайн газарт эрэн хайх ажиллагаанд хамтран оролцож эхэлсэн.
Отгонтэнгэр хайрхан нь аймгийн төвөөс 200 км, Отгон сумын төвөөс 80 км-ын зайд оршдог бөгөөд цасан нурангид өртөж, сураггүй болсон 17 иргэнийг эрэн хайх ажиллагааг өнөөдөр /2017.10.23/ өглөөний 6:20 цагт эхлүүлж, мөн өдрийн 17.30 цагийн байдлаар 7 эрэгтэй, 3 эмэгтэй, нийт 10 иргэний цогцсыг хайрханы зүүн урд тал, далайн түвшнөөс дээш 3200-3450 метрийн өндөрт байрлах эгц хадан хясаа орчмоос олсон.
Завхан аймгийн онцгой комисс өнөөдөр хуралдаж, Отгон суманд ажиллаж байгаа алба хаагч нарт гэр, машин, бензин, хүнс явуулахаар шийдвэрлэсний дагуу тус аймаг дахь цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батдэлгэрээр ахлуулсан 8 алба хаагч, 3 автомашинтайгаар шаардлагатай гэр, хүнс, шатах тослох материалыг хүргэн ажиллаж байгаа аж.
Осол болсон газарт цагдаагийн байгууллагын 50 гаруй алба хаагч чиг үүргийн дагуу ажиллаж, алба хаагчдыг газар дээр нь Улсын онцгой комиссын гишүүн, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр биечлэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Мөн нэмэгдлээр Баянхонгор, Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газраас алба хаагчдыг татан ажиллуулж байна.