"АТГ-ын асуудлыг шийдэхгүй бол авлига зогсохгүй"

Хуучирсан мэдээ: 2017.10.23-нд нийтлэгдсэн

"АТГ-ын асуудлыг шийдэхгүй бол авлига зогсохгүй"

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангаас 60 тэрбум наймаалцсаныг гэрчилсэн Г.Доржзодовын хэргийн талаар тодрууллаа. 


-Та ажлаа аваад сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна вэ?

-Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл нь авлигын асуудлыг хэрхэн илчлэх вэ, илчилсэн авлигыг хэдий хугацаанд зогсоож чадаж байна, дахин авлига авах нөхцөл бүрэлдэхээр байна уу, үгүй юу гэдгийг хянадаг. Авлигыг илчлэхийн тулд улсын төсвөөс хөрөнгө мөнгө баталж, АТГ-т 172 хүн ажиллаж байна. Энэ хүмүүст Олон нийтийн зөвлөл хөндлөнгөөс хяналт тавина. Бид ажлаа аваад 22 хонолоо. Энэ хугацаанд нийт 40 гомдол ирсний наймаас бусдад нь судалгаа хийж, гомдлыг нь нягтлаад, дамжуулах газар руу нь өгсөн. 

Бид анхны хэвлэлийн бага хурлаараа төмөр зам болон Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайдын эрх ашгийн асуудлыг, Хөвсгөл аймагт хууль бус давхар томилгоо явуулж буй зэргийг дэлгэн тавьсан. Үүнээс хойш төмөр замын асуудлыг Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Мөрдөн шалгах хэлтэс анхааралдаа авч, хэрэг үүсгэн шалгаад эхэлсэн. Бас Зорчигч тээврийн нэгтгэлийн Г.Төмөрбаатар даргын Хөвсгөл аймгийн асуудлыг шалгаж эхэлсэн. Мөн Авлигатай тэмцэх газраас өмнө нь гарсан хууль бус үйлдлийг таслан зогсоох ёстой шийдвэрүүд өнөөдрийг хүртэл нэр төдий байсаар байна. Тийм учраас Авлигатай тэмцэх газраас өмнөх шийдвэрийнхээ хэрэгжилтийг шуурхайлахыг шаардсан. Авлигатай тэмцэх газрын асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол авлигын асуудал зогсоно гэж байхгүй шүү дээ. Бид ажлынхаа цагийн 60 хувьд иргэдийн гомдол, өргөдлийг хүлээн авч байгаа. Тун удахгүй бид ээлжит хэвлэлийн бага хурлаа хийх болно. 

-Олон нийтийн зөвлөлөөс эхний хэвлэлийн хурлаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Гэвч Авлигатай тэмцэх газрын хэвлэл мэдээллийн албанаас таны мэдээллийг үгүйсгэсэн ярилцлага хэвлэлд өгсөн байсан?

-Монгол Улсын Авлигын эсрэг хуульд 2012 оны нэгдүгээр сарын 19-ны өдөр шинээр нэг нэмэлт заалт орсон. Үүнд 32.1.3 зүйлд  “Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл нь тус газрын гүйцэтгэх алба, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтаас бусад албаны ажилд хяналт тавина” гэж заасан байдаг. Ер нь мэргэжлийн хяналтын газар гэж хэлэхээс “Мэргэжлийн шалгалтын газар” гэж хэлдэггүй биз дээ. “Хянана” гэдэг  чинь харж, үзэж, шалгаж, мэдээлэл авахыг хэлнэ. Гэхдээ бид шалгалт хийгээгүй шүү дээ. Энэ бол өөр асуудал. Бид зөвхөн хянаж байгаа. Жишээлбэл, Авлигатай тэмцэх газрын 2017 оны батлагдсан төсөв хэд вэ, зарцуулалт нь ямар байна, аудитын тайланг хянах гэх мэт асуудлыг хянана. Саяхан биднийг эхний хэвлэлийн бага хурал хийхэд Авлигатай тэмцэх газрын хэвлэл мэдээллийн албанаас Олон нийтийн зөвлөлийг үгүйсгэсэн, дургүйцсэн хандлагаар хэвлэлд ярилцлага өгсөн байсан.

Олон нийтийн зөвлөлийн мэдээлэлд ‘Авлигатай тэмцэх газраас төмөр замд итгэмжлэгдсэн төлөөлөгч ажилладаг’ хэмээн дурдсан. Гэтэл тэр итгэмжлэгдсэн төлөөлөгч гэдэг нь нэр томъёоны хувьд буруу юм байна. Эрх бүхий албан тушаалтан ажилладаг юм байна. Би тэгж хэлэх ёстой байсан юм билээ. Итгэмжлэгдсэн төлөөлөгч гэдэг чинь эрх бүхий албан тушаалтнаас хамаагүй доогуур статус шүү дээ. Тэгэхээр Авлигатай тэмцэх газраас төмөр замд эрх бүхий албан тушаалтан ажиллаж байна гэсэн үг. Бид Авлигатай тэмцэх газрын Хяналт, шалгалт дүн шинжилгээний хэлтсээс төрийн 109 байгууллагад ажиллаж, 40 хувь хүртэлх цалин авдаг эрх бүхий албан тушаалтныхаа нэрсийг гаргаад ир. Улсын хэмжээнд 21 аймаг, нийслэл, дүүрэгт ажилладаг албан тушаалтныхаа нэр, хаягийг гаргаж өгөхийг шаардах нь хяналт мөн үү мөн. 

-Та 60 тэрбум найцаалцсаныг гэрчилсэн Г.Доржзодовын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Иргэн Г.Доржзодов одоо хаана байгаа вэ?

-Г.Доржзодов гэдэг хүний асуудал өнөөдөр маш хүнд байгаа. Тийм учраас би аюулгүй байдлыг хангах үүднээс хаана, хэрхэн амьдарч байгааг нууцалж байна. Тэр хүн бидний аюулгүй байдлыг хангасан боломжит газар амьдарч байгаа. Мэдээж хэрэг 60 тэрбумын асуудал төрийн анхаарлын төвд байна. Сая Хууль зүй, дотоод хэргийн яамны шинэхэн сайд маань энэ асуудлыг анхааралдаа авч ажиллана гэсэн. Бид маш баяртайгаар хүлээн авч байгаа. Тэгэхээр 60 тэрбумын асуудлыг шийдвэрлэхээр шүүхийн танхимд очиход хамгийн гол нь гэрч амьд байх хэрэгтэй. 

-Өнгөрсөн хугацаанд Г.Доржзодовт аюул заналхийлсэн тохиолдол бий юу?

-Одоо Монголд хууль ягштал шийдэгддэгсэн бол аливаа нэгэн хууль бус хэргийн гэрч, хохирогч аюулгүй байх бүрэн боломжтой. Харин манай улсад хууль хэрэгждэггүй учраас ирвэс хамгаалдаг Т.Лхагвасүмбэрэл хүү шиг амь насаа алдах магадлал асар өндөр шүү дээ. Тийм учраас бид тэр айхтар аюулыг амсуулахгүй тулд чадлынхаа хэрээр болгоомжилж байна. Гэр бүлийнхнийх  тухай мэдээлэх  ч эрхгүй. 

Өнгөрсөн зургадугаар сарын 5-нд Г.Доржзодовыг хамгаалах нэрээр халдсан. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн орон байранд халдлага гарсан. Тэр бол гэмт хэрэг. Бид хоёрыг мөрдөж мөшгиж  байсан. Тэр бас гэмт хэрэг. Хэрвээ бид тэр үед сонор соргогоор хамгаалаагүй бол өнөөдөр Г.Доржзодовын амь насанд аюул үүсэх байсан. Тэгэхээр хууль хяналтын байгууллагын нэрийн дор эрх мэдлээ урвуулан ашиглаж, халдлага үйлдсэн тохиолдол нэг биш гарсан. 

-Хууль хяналтын байгууллагад дахин мэдүүлэг өгсөн болов уу?

-Энэ хэргийг гацаах гэж оролдож байгаа боловч бид зүтгэж л байна. Бид хоёр тухайн үед цагдаагийн байгууллагад гурван удаа мэдүүлэг өгсөн. Тэрнээс хойш мэдүүлэг өгөөгүй.  

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж