Шинэ сайдуудын анхны шийдвэр юу байв?

Хуучирсан мэдээ: 2017.10.23-нд нийтлэгдсэн

Шинэ сайдуудын анхны шийдвэр юу байв?

Япон улс 2013 оны зуны эцсээр сансрын шинэ “Эпсилон” пуужин хөөргөхөөр төлөвлөж байна гэж японы сансрын агентлаг уламжлав.

Засгийн газрын шинэ сайд нар өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт /2017.10.20/ тамга тэмдгээ хүлээж авсан юм. Тэдний ихэнх нь амралтын өдөр ажиллаж, газар хэлтсийн дарга нартайгаа уулзсан байна. Ингээд шинэ сайд нарын анхны шийдвэрийг түүвэрлэн хүргэж байна. 


Ө.Энхтүвшин Завхан аймгийг зорив

Отгонтэнгэр хайрханд сураггүй болсон 17 хүний эрлийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Улсын Онцгой комиссын орлогч, ОБЕГ-ын дарга Т.Бадрал нар гар бие оролцохоор өчигдөр /2017.10.23/ Завхан аймгийг зорив.

Эмч нарын цалинг нэмэх боломжтой эсэхийг судална

УИХ-ын гишүүн Эрүүл Мэндийн сайд Д.Сарангэрэл яамны удирдлагуудтай уулзаж тулгамдсан асуудлаар уулзаж санал солилцов. Мөн 2018 оны төсөв хэлэлцэж эмч нарын цалинг нэмэх боломжуудыг судлах ажлыг даалгажээ. 

Тэгвэл энэ долоо хоногийн эхэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган”-д оролцов. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган”-д оролцохдоо “Нийслэлийн эмнэлгүүдэд эмчлүүлж байгаа нийт хүүхдийн 90 гаруй хувийг амьсгалын тогтолцооны эмгэгтэй хүүхэд эзэлж байна. Ганцхан жилийн дотор тав хүртэлх насны 2000 гаруй хүүхэд эндэж байгаагийн дотор 14.5 хувь нь амьсгалын тогтолцооны эмгэгтэй байна. Энэ нь агаарын бохирдолтой ихээхэн холбоотой” гэж тодотгожээ. Эндээс Эрүүл мэндийн сайд эхний ээлжинд агаарын бохирдол, хүүхдийн эрүүл мэндийн асуудалд анхаарлаа хандуулав бололтой.

Ирэх онд 21 мянган өрх халаалтаа цахилгаанаар шийднэ 

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган”-д илтгэл тавьсан бөгөөд “Ирэх онд нийслэлийн гэр хорооллын зарим айлыг 4.0 кВт чадалтай цахилгаан халаагуураар халаана. Ингэхдээ Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 23 хорооны нийт 21362 айл өрхийг хамруулахаар төлөвлөсөн. Гэхдээ нийслэлийг 100 хувь эрчим хүчээр хангаад агаарын бохирдол бүрэн шийдэгдэхгүй. Шөнийн тарифыг хөнгөвчлөх аргаар утааг бууруулах нь зөв ч өдөр нь сэргээгдэх эрчим хүчийг ашиглах байдлаар хослуулж шийдвэл агаарын бохирдлоос ангижрах боломжтой” гэв. 

Багш, эмч нартай хэлэлцээр байгуулах оролдлого бүтэлгүйтсэн үү?

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг багш, эмч нарын цалингаа нэмэгдүүлэх шаардлагыг гудамжинд жагсаж биш ширээний ард сууж шийдвэрлэх нь зөв гэж үзэв. Ингээд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран байгуулах гэсэн боловч хэлэлцээр тодорхойгүй шалтгаанаар хойшлов.

Ч.Хүрэлбаатар амрах завгүй ажиллаж байна

УИХ-ын гишүүн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахаар ажиллаж байгаа юм. Хуулийн хугацаанд багтаж ирэх оны төсвийг батлахын тулд Сангийн сайд болон түүний баг амралтын өдрүүдэд ч ажиллаж байгаа аж. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Барилга хот байгууллалтын сайд Х.Баделхан болон Барилга хот байгуулалтын яамны албаны хүмүүстэй төсвийн асуудлаар уулзалт хийжээ.

Х.Баделхан Төв цэвэрлэх байгууламжтай болгох уу?

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан үүрэгт ажлаа хүлээж авсан эхний өдөр буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт /2017.10.20/ Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Ёланда Фернандэз Ломмэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Азийн хөгжлийн банк 1997 оноос хойш өнөөдрийг хүртэл 303.9 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Уулзалтын үеэр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан “Намайг сайд болоход хамгийн олон хүний захисан зүйл бол цэвэрлэх байгууламжийн асуудал. Энэ талаар танай байгууллага олон үр дүнтэй ажил хийж байгаад тун таатай байна. Мөн эдийн засгийн нөхцөл амаргүй байгаа энэ цаг үед эдийн засгийн төрөлжилт, бүс нутгийн уялдаатай холбоотой хөтөлбөрийг Засгийн газар, манай яамтай хамтран хэрэгжүүлж байгаа нь үнэлж баршгүй ач холбогдолтой юм” гэв. 

Д.Сумъяабазар “Эрдэнэт” ХХК-ын захирал Х.Бадамсүрэнтэй уулзлаа

Ул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнгөрсөн амралтын хагас, бүтэн сайд өдрүүдээр ажиллажээ. Тэрбээр яамны удирдлагуудтай өвөлжилтийн бэлтгэлийг хангах асуудлаар хуралдсан байна. Мөн шударга ёс, хариуцлагын тогтолцоог бүрэн хангасан салбарын хамт олон байх үүргийг өгсөн аж. Үүний дараа “Оюутолгой” ХХК-ын Монгол талын удирдлагууд, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ын захирал Х.Бадамсүрэн нартай уулзсан байна.

Д.Цогтбаатар бэлтгэл ажлаа хангав

УИХ-ын гишүүн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, Консулын газрын захирал Я.Ариунболд, Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Н.Анхбаяр нар амралтын өдөр уулзав. Тэд салбартаа тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, цаашид хийх ажлын бэлтгэлийг хангажээ. УИХ-аар энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаатай холбогдуулаад төсвийн асуудлаар мэдээлэл солилцон, зөвлөлдсөн байна.

Асуудлыг эрэмбэ дарааллаар нь шийдэхээ амлажээ

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайд Ц.Цогзолмаа өнгөрсөн амралтын өдөр яамныхаа газар, хэлтсийн дарга нартай уулзсан билээ. Энэ үеэр боловсролын салбарт тулгамдаж буй бүхий л асуудалтай танилцсан байна. Тус салбарт шийдвэрлэх ёстой олон асуудал бий. Тиймээс бүх асуудлаа нээлттэй, ил тод явуулж, үүсээд байгаа асуудлаа олон нийтэд танилцуулахаар болжээ. Ингээд тулгарч буй бэрхшээлтэй асуудлыг эрэмбэ дарааллаар нь шийдвэрлэхээр болжээ.

Н.Цэрэнбат аялал жуулчлалаас САЯ  АМ.ДОЛЛАР олНо

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өчигдөр /2017.10.23/ бүх аймгийн БОАЖГ-ын дарга нартай уулзаж, үүрэг чиглэл өгчээ. Тэрбээр Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. Шинэхэн сайд Монгол Улсад аялаж буй жуулчдын тоог жилийн нэг сая, орлогыг нэг сая ам.долларт  хүргэх зорилт тавьжээ. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үйлчилгээ болон жуулчдыг сэтгэл ханамжтай буцаах тал дээр анхаарч ажиллаарай гэж уулзалтад онцолсон байна.

С.Зоригийн хэргийг нууцаас гаргана

Хууль зүй, дотоод хэргийн /ХЗДХ/ сайд Ц.Нямдорж өнгөрсөн баасан гаригт /2017.10.20/ ЦЕГ-ын удирдлагуудтай уулзаж үүрэг чиглэл өгсөн юм.

Тэрбээр Эрүү, Зөрчлийн хуультай холбоотой засч залруулах санал байвал яаралтай өгөхийг сануулав. Мөн С.Зоригийн хэргийн захиалагчийг зарлах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хэлэхдээ “Ц.Амгаланбаатар энэ хэргийг өөрөө үйлдсэн гэж мэдүүлэг өгөөд энэ дагуу хэрэг өөр тийшээ явсан байдаг. Найм, есөн хүний амь нас хохироосон гэж худлаа ярьж байсан хүний мэдүүлгээр л энэ бүх зүйл явлаа. Хэргийг захиалсан юм бол төлбөртэй байж таараа. Хэн, хэнд хэдэн төгрөг өгч хүний амь нас бүрэлгэх ажлыг зохион байгуулсан юм. Баримтгүй шийтгэчихсэн юм бол хилсээр шийтгэсэн хүмүүсийг цайруулах арга хэмжээг нэн яаралтай авах хэрэгтэй. Одоо энэ хүн амины хэргийг улсаас нуух шалтгаан байхгүй. Мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд энэ хэргийг нууцаас гаргах санал танилцуул. Түүнийг нь би Засгийн газарт оруулна” гэв.

Өвөлжилтийн бэлтгэлийг шуурхай хангахаас ажлаа эхлэв

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт /2017.10.20/ үүрэгт ажлаа авсан даруйдаа холбогдох албаныхан, газар хэлтсийн дарга нартай шуурхай хуралдаж, салбарын хүрээнд хийсэн ажилтай танилцсан билээ. Тэрээр “Төрийн алба сэтгэл, итгэл, зүтгэл, ёс суртахуун дээр тогтдог, хуулинд захирагддаг алба6 Тиймээс хариуцлагатай ажилла” хэмээн сануулжээ. Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл ажлыг шуурхай хангаж ажиллахаар болжээ.

Мөн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг яаравчилж, хуулийн төсөл батлагдсанаар импортоор оруулж байгаа ХАА-н зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг татвараас чөлөөлөх эрх зүйн орчин бүрдэх аж. 

Цаашид нэлээн олон хуулийг шинэчлэх шаардлагатай талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг дурджээ. Тухайлбал, 

  • Жижиг, дунд үйлдвэрийн тухай
  • Худалдааны тухай;
  • Хоршооны тухай /шинэчилсэн найруулга/;
  • Бэлчээрийг хамгаалах тухай ;
  • Хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүний үнийн зохицуулалтын тухай;
  • Тамхины хяналтын тухай.
  • Хүнс баяжуулах тухай

Шинээр боловсруулж байгаа үндэсний хөтөлбөрүүдийг батлуулах.

  • “Малын эрүүл мэнд” хөтөлбөр
  • “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих” хөтөлбөр
  • “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” хөтөлбөр
  • “Хүнсний аюулгүй байдал” хөтөлбөр
  • “Малын эмийн үлдэгдлийг хянах” хөтөлбөр
  • “Монгол малчин” хөтөлбөр
  • “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөр
  • “Ноолуур” хөтөлбөр юм байна. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж