С.Ганбаатар: Цалин, тэтгэврийг нэг дахин нэмэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

С.Ганбаатар: Цалин, тэтгэврийг нэг дахин нэмэх боломжтой

Монголын Үйлдвэрчний эвлэлийн
холбоо /МҮЭХ/ -ны ерөнхийлөгч С.Ганбаатар дөнгөж сая сэтгүүлчдийг дуудан
цуглуулж нэгэн мэдэгдэл хийлээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг
нэмэгдүүлэх, цалин болоод тэтгэвэр тэтгэмжийг өсгөх боломж бололцоо
байгааг тус холбооноос хийсэн мониторинг судалгааны дүн харуулжээ. Иймд
С.Ганбаатар ерөнхийлөгч Засгийн газар ойрын үед МҮЭХ болон ажил олгогч
эздийн холбоо зэрэг мэргэжлийн байгууллагуудтай яаралтай хэлэлцээрийн
ширээнд сууж зөвшилцөл хийж, цалин тэтгэврийг нэмэгдүүлэхийг шаардаж
байгаагаа мэдэгдэв. Тэрбээр хэлэхдээ:

-Өнөөдөр Монгол Улсын нийт
хүн амын 60 хувийнх нь зарлага орлогоосоо давсан буюу ядуу ангилалд
багтаж байна. Статистикт дурдсан 35,2 хувийн ядуурал бодит үзүүлэлт биш
юм. Өрхийн орлогын 70 гаруй хувийг цалин, тэтгэвэр бүрдүүлж байгаагаас
үзэхэд цалин, тэтгэвэр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд өөрчлөлт
оруулах замаар иргэдийн амьдралыг сайжруулах шаардлага зайлшгүй тулгарч
байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сүүлийн гурван жилийн турш огт
өөрчилсөнгүй. Энэ нь Засгийн газар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг жилд
нэгээс доошгүй удаа шинэчлэн тогтооно гэсэн хуулийн заалтыг
биелүүлээгүй хэрэг юм. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг
дахин нэмэгдүүлж 216 мянган төгрөг болгох бүрэн боломжтой гэж үзэж
байна.

-Засгийн газар амласан 1,5 сая төгрөгөө ямар нэг
хэлбэрээр өгөхөөр шийдэхтэй зэрэгцэн инфляци зохиомлоор өсөх нь гэсэн
яриа гарч эхэллээ. Тэгтэл та бүхэн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх талаар
мөн хөндөн тавьж байна. Энэ бүхэн инфляцийг  үндэслэлгүйгээр хөөрөгдөх
юм биш үү. Инфляци өсчихвөл цалин нэмэгдээд ч иргэдэд бодит дэмжлэг
болдоггүй шүү дээ. Үүнийг бодолцож үзсэн үү?

-Үзэлгүй яахав.
Наад үгээр чинь л Засгийн газар гурван жилийн турш ам хааж ирлээ. Одоо
боллоо. Өнөөдөр Монголд мөнгө үнэхээр дутмаг байна уу гэвэл үгүй юм.
Улсын хэмжээнд 7,1 триллион төгрөг эргэлдэж байна. Үүний 1,3 триллион нь
дарга даамлуудын захиргааны зардалд, хоёр триллион нь тендерээр хийгдэж
буй ажил үйлчилгээнд зарцуулагддаг. Нийт эргэлтийн хөрөнгийг нэмэх бус,
энэ 7,1 триллион төгрөгөөр олиграхуудад оногдож буй хэсгийг л авч эгэл
жирийн иргэдэдээ цалин тэтгэвэр болгон өгье гэж байгаа хэрэг. Ийм боломж
бий.  Үнэхээр байхгүй гэж үзэж буй хүмүүс бидэнтэй мэтгэлц л дээ.
Цалин, тэтгэврийг нэмэх боломжгүй, инфляци ингэж өснө гэсэн үндэслэлээ
гаргаад ир. Энэ бол зөвхөн эмч, багш нарын цалинг нэмэх асуудал биш шүү.
Албан бус секторт ажмллагсдын ч хөдөлмөрийн хөлс нэмэгдэх учиртай.
Ингэж байж л хүмүүсийн амьдрал дээшилнэ.

-Цалин, тэтгэврийг
нэмэгдүүлэхэд хэдий хэр хөрөнгө шаардлагатай вэ?

-Бидний
тооцоолсноор 336 тэрбум төгрөг. Гэвч энэ бол тулган шаардсан тоо биш.
Энэ хэмжээнд нэмье гэдгийг санал болгож байгаа хэрэг. Харин яаж шийдэх
нь Засгийн газрын хэрэг. Гэхдээ саяхнаас Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн
яамнаас цалин тэтгэврийг 20 хувь нэмнэ гэсэн “шоу” яриад эхэллээ. Ингэж
жижигхэн зүйлээр ам хааж болохгүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмээг нэг
дахин нэмэгдүүлэх байр суурин дээрээ бид бат зогсоно. 

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж