Мексик улсад автомашины хаб байгуулж магадгүй хэмээн худалдаа, аж үйлдвэрийн сайд Денис Мантуров Ням гаригт мэдэгдлээ.
“Өнөөдрийн хоёр улсын хоорондох худалдаа төвөгтэй байдалд байна. Латин Америкийн зах зээлд автомашин нийлүүлэхийн тулд энэ бүс нутагт автомашины хаб байгуулах талаар бодох хэрэгтэй болж байна. Хаб байгуулахад өрсөлдөхүйц газар нь Мексик” хэмээн Мексикийн Сан-Луис-Потоси хотод болж байгаа бизнес форумын үеэр сайд хэлжээ.
Мексикт хаб байгуулсан нөхцөлд Мексиктэй худалдааны сайн харилцаатай байгаа орнуудаас гадна Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдсэн орнуудад ч бүтээгдэхүүнээ нийлүүлэх давуу талтайг Денис Мантуров онцолжээ.
Мексик нь хөнгөн болон хүнд даацын автомашин үйлдвэрлэлээр дэлхийд долдугаарт, харин Латин Америкт нэгд байгаа юм. Өнгөрсөн 2016 онд Мексик өмнө байгаагүй олон тооны машин үйлдвэрлэсэн юм. Энэ онд 1.9 сая хөнгөн, 1.6 сая хүнд даацын машин үйлдвэрлэсэн байна. Мексикийн 14 мужид машин үйлдвэрлэж байгаа бөгөөд 48 төрлийн хөнгөн, 10 төрлийн хүнд даацын машин үйлдвэрлэж байгаа юм. Мөн эдгээр үйлдвэрт машины хөдөлгүүр үйлдвэрлэдэг. Мексикийн дотоодын зах зээлд 2016 онд 1.6 сая машин борлогдсон. Автомашины борлуулалтын жилийн өсөлт 7.3 хувь байгаа бөгөөд энэ хурдаараа явбал 2020 он гэхэд жилийн борлуулалт 1.8 саяд хүрэх юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ