Хоёр хэл хольсноос эх хэл аюулд орлоо

Хуучирсан мэдээ: 2017.10.23-нд нийтлэгдсэн

Хоёр хэл хольсноос эх хэл аюулд орлоо

Хоёр хэл хольсноос эх хэл аюулд орлоо

Манай дүү монгол хэлний хичээл дээрээ Би(B) авсан гэнэ ээ. Бидний үеийнхээр бол “сайн” гэсэн үг. “AZ хүүхдийн их дэлгүүр” гэж англи, монгол хольж бичсэнээсээ болоод эй(А) буюу “онц” авч чадсангүй. Тэгсэн мөртлөө багш нь англиар “Би” гэж дуудаад, латинаар “вэ” гэж бичдэг эрлийз дүн тавьж, хэрээ хэрээнийхээ харыг гайхдагийн үлгэрийг санууллаа. Багшийн буруу юу байх вэ дээ. Дүрэм журам нь тийм хойно яалтай билээ. Зургадугаар ангийн хүүхэд байтугай эрдэмтэн мэргэд нь чPhD(doctor of philosophy) буюу философийн доктор, ScD(doctor of science) буюу шинжлэх ухааны доктор, академич гэсэн англи нэртэй эрдмийн зэрэг, цолтой. Энэ бүхэн гадныхныг дуурайж, гадаадаар гангарсан гаж сэтгэлгээ юм уу даа.

Социализмын үеийн үнэр ч байхгүй хүүхдүүд хүртэл Эй(A), Би(B), Си(C), Ди(D)-д дасахгүй “онц, сайн, дунд, муу” гэж ярьж байгаа нь гангарсан гадаад үгс хэл, чих хоёрт хоногшихгүй байгааг харуулна. Ингэж хоёр хэл, хоёр бичиг хольсноос болж эх хэл минь “гоо сайхан”-гүй болоод байх юм аа. Иймд эрдэмтэд нь ч эр зориг гаргаж, ийм эрлийз үгээ халж, академчид “академич”-аасаа татгалзаж, билгүүн номчоороо дуудуулбал юутай сайхан…

Хэлний өөр дайснууд бас байна аа. Эхнийх нь, боловсролоороо гайхуулж, болсон болоогүй гадаадаар хольж ярьдаг нөхөд. Гадны төсөл дээр ажиллаж байхад манай нэг найз их л ууртай орж ирж ийн цухалдаж билээ. “Гурван үгийн нэгийг англиар ярьсан нэг хүүхэн бүүр дургүй хүргэчихлээ. “Экономик мийтинг(Economic meeting)-ийн хөтөлбөрт оролцох төлөөлөгчдийг бүртгэж байгаа.” “Менежер(manager) орон нутагт реформ(reform) хийхээр явсан.” ч гэх шиг. Хэн бэ тэр, одоо. Боловсролтой хүн болох гэж аядаад байгаа юм уу, хаашаа юм бэ! Тэгээд бас болоогүй, үгээ зөөж, хэлээ зажлаад л…Тэгэхээр нь уур хүрээд, “Та монголоор яривал ярьчих. Эсвэл хоёулаа англиар ярих юм уу?” гэсэн чинь жаахан гайхаад, учрыг нь асуудаг байгаа. Санаагаа хэлсэн чинь овоо ойлгосон бололтой, уучлалт гуйгаад, нэг юм засрахаа аядлаа.”

Үнэндээ  гадаад хэлийг гарамгай сурсан “яг боловсролтой”  хүн хэзээ ч хольж хутгаж ярьдаггүйг би ойр холын олон найзаараа жишээлж чадна. Ойр зуурын ганц хоёрхон үгтэй болсон нөхөд л ингэж маяглаад байдгийг ч бас мэднэ. Тэр нөхдийн сайхан явах гэж шалдан явна гэгчээр далий мурий, зөв буруу ярихыг сонсохоор бүүр яс хавталзаад байдаг юм…

“Егөөтэй 99 тайлбар” номын “Хэн хэлний “гоо сайхан”-ы дайсан бэ?” өгүүллийн хэсгээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж