Японы парламентын ээлжит бус сонгуульд Шинзо Абэ ялалт байгуулж, ерөнхий сайдын байр сууриа бататгаж чадлаа. Тэрбээр ийнхүү Дэлхийн II дайнаас хойших Японы түүхэнд хамгийн урт хугацаанд төрийн эрх барьсан удирдагч болж байна.
Өчигдөр /2017.10.22/ болсон ээлжит бус сонгуульд Абэгийн Чөлөөт ардчилсан намын тэргүүлсэн консерватив эвсэл парламентын 465 суудлаас 312-ыг нь авчээ.
Шинзо Абэ дотоодод нүүрлээд буй хямралыг даван туулах хүсэл шаардлага тулгарсан гэх шалтгаанаар өнгөрсөн сард парламентаа тарааж, ээлжит сонгуулийн товоос бараг жилийн өмнө ээлжит бус сонгууль явуулахаар зарласан юм. Хямрал гэдэгт Пхеньяны зүгээс ирэх сүрдүүлэг, заналхийлэл, түүнийг хэрхэн шийдвэрлэх асуудлыг тэрбээр голчоо болгосон.
Харин одоо түүний байгуулсан эвсэл парламентад үнэмлэхүй олонх болж, гуравны хоёроос дээш хувийг эзлэхээр болсон тул Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэсэн зорилгодоо Абэ тун дөхөж байна гэж хэлж болох юм.
Тэрбээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар Японы “өөрийгөө хамгаалах хүчин” гэх статустай дотоодын цэргийг Үндэсний зэвсэгт хүчин болгож өөрчлөх хүсэлтэй байгаа юм. Ингэснээр Хойд Солонгосоос ирэх заналхийлэл, сүрдүүлгийг сөрөх боломжтой болно гэж үзэж байгаа ажээ.
С.ЦЭЛМЭГ