Дэлхийн улс төрийн тавцанд залуу удирдагчид цахиур хагалах цаг иржээ.
Өнгөрсөн долоо хоногт 30 дөнгөж гарсан хоёр улстөрч сонгуульд ялалт байгуулж, улсынхаа төрийн тэргүүнээр сонгогдсон нь Австрийн ерөнхий сайд 31 настай Сэбастиан Курц, Шинэ Зеландын ерөнхий сайд 37 настай хатагтай Жасинда Ардерн нар юм. 2017 оны эхээр Франц, Ирландад 30 гаруй настай улстөрчид төрийн тэргүүнээр сонгогдсон нь олон улсын улс төрд гарсан томоохон үйл явдал байв.
Харин одоогоос нэг жилийн өмнө дэлхийн улс төрийн дүр зураг огт өөр байсан билээ. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын ерөнхий сайд 49 настай Дэвид Кэмерон 59 настай хатагтай Тереза Мэйд халаагаа өгсөн бол АНУ-ын ерөнхийлөгч 55 настай Барак Обама 70 настай Доналд Трампт бүрэн эрхээ шилжүүлсэн юм.
Бид та бүхэнд дэлхийн улс төрд цахиур хагалан гарч ирж буй 10 улстөрчийг танилцуулж байна.
1. Австри: Себастиан Курц, 31 настай (1986 онд төрсөн)
Австрийн парламентын сонгуульд Консерватив үзэл баримтлалтай Ардын нам бүрэн ялалт байгуулж, сонгуулийн системийн дагуу шинэ засгийн газар байгуулж, Себастиан Курц Канцлер болсон билээ. Австрийн гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Себастиан Курц хамгийн залуу Канцлераар тодроод байгаа юм.
2. Сан Марино: Энрико Караттони, 32 настай (1985 онд төрсөн)
Австрид хамгийн залуу Канцлер тодрох хүртэл Энрико Караттони дэлхийн хамгийн залуу удирдагч байв. Сан Марино бол 33,000 хүн амтай, дэлхийн хамгийн жижиг Бүгд найрамдах улс юм. Сан Мариногийн Бүгд найрамдах улс нь хоёр ерөнхий сайдтай бөгөөд тэд эн тэнцүү эрх мэдэл хэрэгжүүлдэг. Энэ уламжлал нь бүр 1243 оноос хойш Ромын эзэнт гүрнээс өвлөгдөж иржээ. Сан Мариногийн 60 хууль тогтоогчтой ерөнхий зөвлөл ерөнхий сайдуудаа томилдог байна. Ерөнхий сайд буюу капитан регентийн бүрэн эрхийн хугацаа зургаан сар юм.
3. Хойд Солонгос: Ким Чен Ун, 34 настай (1983 онд төрсөн)
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлэхийн тулд төрсөн цагаасаа хойш бэлтгэгдсэн бөгөөд 2011 онд 30 настайдаа төрийн тэргүүнээр сонгогдсон юм. Сагсан бөмбөгт ухаангүй дуртай, Швейцарт хувийн сургуульд боловсрол эзэмшсэн залуу Кимийн амьдрал, тэмцэл нь дэлхийн бусад орны удирдагчдаас тун ч ялгаатай. Цөмийн зэвсгээр хөөцөлдөгч залуу удирдагч дэлхийн хамгийн хаалттай улс оронд өөр хаана ч байхгүй дэглэм тогтоосон юм.
4. Катар: Тамим бин Хамад Аль Тани, 37 настай (1980 онд төрсөн)
Шейх Тамим эцэг Шейхийг огцроход 33 настайдаа Катарын Эмир болсон юм. Лалын ертөнцийн бичигдээгүй хуулийн дагуу түүний ах, гэр бүлийнх нь ууган хүү Жасим бин Хамад бин Халифа Аль-Тани Эмир болох ёстой байсан ч 2003 онд энэ үүргээсээ сайн дураар татгалзаж, дүүдээ зайгаа тавьж өгчээ. Энэ оны эхээр Катарын хөрш зэргэлдээх орнууд Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн, Египет зэрэг орнууд терроризмыг санхүүжүүлсэн гэдэг үндэслэлээр тус улсаас дипломат харилцаагаа тасалсан билээ.
5. Шинэ Зеланд: Жасинда Ардерн, 37 настай (1980 онд төрсөн)
Шинэ Зеландын Хөдөлмөрийн намын лидер Жасинда Ардерн энэ сард болсон парламентын сонгуульд ялалт байгуулж, тус улсын ерөнхий сайд болсон билээ. Жасинда Ардерн парламентад орж ирсэн нэг жил хүрэхгүй хугацаанд улсынхаа төрийн тэргүүн болж, гэрлийн хурдаар дэвшсэн анхны эмэгтэй улстөрч юм. Жасинда Ардерн энэ оны хоёрдугаар сард Шинэ Зеландын Оакланд мужийн Маунт Албертаас парламентад сонгогдсон байна. Хөдөлмөрийн намын даргаар өнгөрсөн наймдугаар сард сонгогдсон тэрбээр ердөө хоёрхон сарын дараа засгийн тэргүүн болж чаджээ. Түүний тэргүүлж буй Хөдөлмөрийн нам хэдийгээр сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, парламентад олонх болж чадаагүй ч Ногоон намтай хамтран эвслийн засгийн газар байгуулахаар тохиролцсон байна.
6. Бутан: Жигме Хесар Намгьял Вангчук, 37 настай (1980 онд төрсөн)
Хесар бол Энэтхэг, Хятадтай хил залгаа оршдог Гималайн жижиг улсын дөрөв дэх үеийн “Луу хаан” ажээ. Бутаны хаан Жигме Сингье Вангчук 2006 онд хаан ширээнээсээ татгалзахад Хесар залгамжлагчаар тодорсон. Хаан ширээг залгамжлах үед Жигме Хесар дөнгөж 26 настай байжээ. Хаан ширээг залгамжлахаас өмнө Хесар АНУ-ын Оксфордын Магдален коллежид суралцаж төгссөн юм. Тэрбээр Бутаны хаан болсныхоо дараа улс орондоо ардчилал тогтоохоо амласан билээ.
7. Ирланд: Лео Варадкар, 38 настай (1979 онд төрсөн)
Лео Варадкар 2017 оны зургадугаар сард Ирландын ерөнхий сайдаар сонгогдсон. Ирландын экс ерөнхий сайд Энда Кэннигийн засгийн газарт хэд хэдэн албан тушаал хашиж байсан Лео түүнийг огцорсны дараа “Fine Gael” намын дарга болсон байна. Ирландын хууль тогтоох байгууллага түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхөд Лео Варадкар тус улсын түүхэнд хамгийн залуу удирдагч болсон юм. Лео Варадкар бол ижил хүйстэн гэдгээ ил шулуун зарласан анхны төрийн тэргүүн билээ.
8. Эстони: Юри Ратас, 39 настай (1978 онд төрсөн)
Юри Ратас 2016 оны арваннэгдүгээр сард Эстонид улс төрийн хуучин дэглэм нурахад тус улсын шинэ ерөнхий сайдаар сонгогдсон юм. 2005-2007 оны хооронд нийслэл Таллин хотын даргаар ажиллаж байсан Юри Ратас дараа нь Рийгигоку буюу үндэсний парламентын гишүүн болсон. 2016 онд Төв намын даргаар сонгогдсон Юри Ратас ердөө сар хүрэхгүй хугацааны дотор Эстонийн ерөнхий сайд болж чадсан.
9. Сан Марино: Маттео Фиорини, 39 настай (1978 онд төрсөн)
Маттео Фиорини бол Сан Мариногийн Бүгд Найрамдах Улсын хоёр удирдагчийн нэг. Эргэн тойрон Италийн газар нутгаар хүрээлэгдсэн Сан Мариног дэлхийн хамгийн анхны тусгаар тогтнолоо зарласан улс гэдэг бөгөөд үндсэн хууль нь хамгийн эртний хууль юм. Сан Мариногийн ерөнхий сайд нарын бүрэн эрхийн хугацаа зургаан сар юм. Тус улсын хоёр ерөнхий сайд хоёулаа дэлхийн хамгийн залуу 10 удирдагчийн жагсаалтад багтжээ. Маттео Фиоринигийн бүрэн эрхийн хугацаа 2018 оны дөрөвдүгээр сард дуусгавар болох юм.
10. Франц: Эммануэл Макрон, 39 настай (1977 онд төрсөн)
Эммануал Макрон Францын 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд Марин Ле Пенээс бараг хоёр дахин олон саналаар үнэмлэхүй ялалт байгуулсан нь улс орон даяар цуурайтсан билээ. Францын экс ерөнхийлөгч Франсуа Олландын засгийн газарт сайдаар ажиллаж байсан Макрон өөрийн намаа байгуулахаар Социалист намаас гарчээ.
Эммануэл Макроны “En Marche!” улс төрийн нам Францын үндэсний ассамблейд олонхын суудал авахын зэрэгцээ түүний улс төрийн нэр хүнд Францаас хэдийн хальсан билээ.