Румын улс байгуулагдав

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Румын улс байгуулагдав

Туркийн захиргаанд байсан Молдав, Валахи хоёр автономийн парламент 1859 онд нэгдэн нийлж Румын гэсэн нэртэй улсыг үүсгэжээ.
Румыны бояруудаас хамгийн нөлөө бүхий Александру Иоан Куза ван нь болсон ба тэрээр Туркаас тусгаарлах бодлогыг хүчтэй явуулж эхэлсэн байна. Эхлээд томоохон сүм хийдээс хураасан газар ба эд хөрөнгөөр тэр армиа бэхжүүлж авав. Гэвч армийн дээд хүрээ Европын ямар нэгэн гэр бүлээс хаан байвал тусгаар тогтнолоо авч болно гэж үзсэнээс 1866 оны юлианы хуанлигаар хоёрдугаар сарын 11-нд Кузагийн унтлагийн өрөөнд дайран орж түүнийг хаан ширээнээс татгалзуулаад Пруссийн Гогенцоллернуудын отгийн хүнийг хаан болгожээ.
“Зүсэм талхны төлөө Испанийг зуун жилээр захирахаас илүүтэй арга заль, авхаалж самбааг гаргах юм.”
(Францын жүжгийн нэр зохиолч Пьер Бомарше, 1732 оны нэгдүгээр сарын 24-нд төржээ)
Бомаршегийн хөрөг. Зураач П.К. Суайе,  Ж-Б. Грёзын таталбар зургаас зуржээ

Бусад ишлэлээс: “Бүхний мэд­дэгийг мэдэх­гүй дүр эсгэн хэний ч мэдэхгүйг мэдэж байх нь улс төрийн хууль юм”
“Нэр төрөөсөө илүүтэй би өөрөө шилдэг нь”
“Чадвал үзэсгэлэн төгс бол. Хүсвэл даруухан бол. Гэхдээ л чиний тухай сайнаар ярих ёстой”
“Англи хэл чинь яасан ч сайн юм бэ! Бага зэрэг мэдчихээд их зүйлийг бүтээж болох нь”

Испанийн нийслэл Мадридад нүүн ирэв

1606 он: Мадрид хот өөрийн түүхэндээ хоёр дахь удаагаа Испанийн нийслэл болов. Үнэн нэр төрт гэх III Филипп (1578–1621) хаан нийслэлээ Вальядолид хотоос Мадридад нүүлгэх зарлиг гаргасан нь Писуэрги голын манан түүний эрүүл мэндэд муугаар нөлөөлсөн учиртай гэнэ.  
Үнэн хэрэгтээ бол ордны хуйвалдаан газар авч байснаас үүнийг хийсэн ба дөрөвдүгээр сар гэхэд нийслэлийг Мадридад шилжүүлж дуусгасан байв.Сонирхолтой үүнээс таван жилийн өмнө хаанд Мадридын  хатуу өвөл таалагдаагүй гээд тэрээр ордноо Вальядолид хотод Мадридаас авчирсан юм.
Анх Мадридад нийслэлийг 1561 онд Толедо  хотоос шилжүүлжээ. Толедо гэх сайхан хотод тэлэх газар нутагтай байсан бол тэр Испанийн нийслэлээр үргэлж үлдэх байсан гэж түүхчид ярьдаг.
Мадридад нийслэл шилжин ирсний дараа 1625 онд түүний хүн ам тав дахин өсч 100 мянга болсон байлаа.  Хамгийн сүүлд 1936 онд Иргэний дайн ид явагдаж байхад Испанийн гол хотоор Валенсийг зарласан байгаад 1939 онд нийслэл нь дахиад л Мадридад ирсэн юм.

Калифорнийн “алтны халуурал” эхлэв

1848 он: Калифорнийн алтны халуурал гэж  1848–1855 онуудад Калифорнийн уулст алт олборлолт олны хамааран зохион байгуулалтгүйгээр явагдсаныг хэлдэг. Колома хотхоны ойролцоох Саттерын мод огтлох газарт 1848 оны энэ өдөр алтны халуурал нь эхэлсэн гэдэг.
Жон Саттерын ажилтан байсан Жеймс В. Маршалл гэгч Американ-Ривер голын усан тээрмийн дугуйнаас алтны хэсэг олжээ. Тэрээр олзоо Сартерт авчран тэр хоёр шалгахад тэр нь жинхэнэ алт байсан юм. Саттер энэ талаар элдэв яриа гаргуулах хүсэлгүй байв. Тэр өөрийн бизнест энэ нь муугаар нөлөөлнө гэж үзжээ. Гэтэл энэ мэдээ тэр даруйдаа тархсан ба удалгүй бусад мужууд ба гадаадаас 300 мянгаад хүн Калифорнид иржээ. Энэ алтны халууралын үр дагаврыг тооцох аргагүй байв. Хэдхэн жилийн дотор Сан-Франциско суурин том хот болон хувирав. Калифорнид зам, сургууль, сүм хийд байгуулагдан өөрийн хуулийн системтэй болсон байна. 1850 онд Калифорни албан ёсоор АНУ-ын муж болсон ба түүнийг “Алтан муж” гэж нэрлэж байдаг билээ. Гэхдээ байгаль орчныг сүйтгэж, индианчуудыг уугуул нутгаас нь шахсан сөрөг үр дагавар ч байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж