“Оддын академи” шоу продюсеруудыг танилцууллаа | News.MN

“Оддын академи” шоу продюсеруудыг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2017.10.23-нд нийтлэгдсэн

“Оддын академи” шоу продюсеруудыг танилцууллаа

“Оддын академи” шоу продюсеруудыг танилцууллаа

Урлагийн ертөнцөд байр сууриа олохоор хичээж буй шинэхэн уран бүтээлч эсвэл ард түмний сэтгэл зүрхэнд тодоос тод гэрэлтэх од болохоор мөрөөдөж буй залуучуудад бас нэгэн шинэ боломж гарч ирлээ. Энэ бол “Оддын академи” шоу нэвтрүүлэг.

“Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид ээлжит шинэхэн төслөө танилцуулсан нь охидын хамтлаг төрүүлэн гаргах “Оддын академи” шоу нэвтрүүлэг бөгөөд нэвтрүүлгийн бүртгэл эхлээд амжилттай үргэлжилж байна. Дэлхийн 44 оронд “Эндемол Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр хийгддэг тус шоу нэвтрүүлэг нь дуулах хүсэлтэй сая сая залуусын мөрөөдлийг биелүүлэх томоохон боломж болдог юм.

Нэвтрүүлэгт бүртгүүлсэн болон бүртгүүлэхийг хүсч буй хэн бүхэнд сонин байсан асуулт бол нэвтрүүлгийн чиглүүлэгч, продюсеруудаар хэн ажиллах вэ гэсэн асуулт байв. Үүнтэй холбоотойгоор уран бүтээлчид бямба гарагт нэвтрүүлгээ албан ёсоор танилцуулж хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд “Боловсрол суваг” телевизийн удирдлагууд, хамтран ажиллагч байгууллагын төлөөлөл болон чиглүүлэгч, продюсерууд оролцсон юм.

Никитон хамтлагийн ахлагч, дуучин Б.Батчулуун, “Киви” хамтлагийн дуучин Ц.Намуунаа, реппер Big Gee, ая зохиогч, хөгжмийн продюсер Б.Наранзун нар шинэ оддыг бэлтгэх энэхүү төслийн хамгийн гол үүрэгтэй продюсеруудаар ажиллах нь ийнхүү тодорхой боллоо.

“Оддын академи” шоу нэвтрүүлгийн хамгийн гол онцлог болоод бусдаас ялгарах давуу тал, үр өгөөж нь оролцогчид мэргэжлийн түвшний, салбартаа олон жил ажилласан туршлагатай багш, мэргэжилтнүүдийн хөтөлбөрийн дагуу шахуу хугацаанд дуучин болж бэлтгэгдэх юм. Өөрөөр хэлбэл, тэд урлагийн хүн болоход шаардлагатай бүхий л зүйлсийг энэхүү академиас суралцаж хоорондоо өрсөлдөх болно. Хоёр сарын турш үргэлжлэх энэхүү нэвтрүүлгийн туршид дуулах хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн охидыг хамгийн зөв, бодит арга замаар амжилтад хүрэхэд туслах хүмүүс нь эдгээр чиглүүлэгчид буюу продюсерууд билээ.

Шинээр суралцаж байгаа дуучдын авьяас чадвар, арга барил, давуу болон сул талуудад үндэслэн тэд шүүмжилж, магтаж, зөвлөж охидын хамтлагаа төрүүлэн гаргах юм. Уран бүтээлээрээ үзэгч сонсогчдынхоо хүндлэлийг хүлээж, хүлээн зөвшөөрөгдсөн эдгээр продюсеруудын үүрэг, нөлөө “Оддын академи” шоу нэвтрүүлэгт ямар их орон зайг эзлэх нь эндээс харагдаж байгаа болов уу.

Хуралд оролцсон продюсерууд тус нэвтрүүлэгт бүртгүүлэхийг хүссэн дуулах хүсэлтэй охидод зориулан үг хэлсэн бөгөөд мөрөөдлөө бодит болгож амжиж бүртгүүлэхийг уриалж байв.

“Никитон” хамтлагийн ахлагч, дуучин Б.Батчулуун:

Академи-Энэ бол сургууль. Ганцхан дуулж чаддаг хүн дуучин болдоггүй. Бүжиглэж, жүжиглэж, биеэ зөв авч явж, боловсрол мэдлэгээ дээшлүүлж байж тэр сайн уран бүтээлч болно. Бүх зүйлд чадварлаг байхыг шаарддаг энэ салбарт орохын тулд юу сурах ёстой тэр бүгдийг бид заах болно.

 “Киви” хамтлагийн дуучин Ц.Намуунаа:

Ард түмэндээ хүндлэгдсэн сайн уран бүтээлч болно гэдэг санаснаар болдог зүйл биш ч хүн өөрийгөө хэдий чинээ дайчилна, төдий чинээгээр хором бүрт өсөн дэвжиж болдог гэдгийг бид энэ шоугаар харуулахыг хичээнэ. Урлагийн ертөнцийн жаргал зовлонг мэдэрч, сайн уран бүтээлч болохыг хүссэн хэн бүхэнд манай шоуны үүд нээлттэй.

Реппер Big Gee:

Хүн болгон тэгээс байтугай хасахаас эхэлж болдог. Хүсэл тэмүүлэлтэй хүн амжилтад хүрч болдог гэдгийг бид батлан харуулах болно. Хичээл зүтгэл, хөдөлмөр, тэсвэр тэвчээр байсан цагт авьяасыг улам гялалзуулж болдог гэдгийг та бүхэнд үзүүлэхийг хичээнэ.

Ая зохиогч, продюсер Б.Наранзун:

Монголын хөгжмийн урлагт өөрийнхөөрөө гэрэлтэхийг хүссэн хүн бүрт яаж тэнд хүрэх арга замыг зааж өгнө гэдэг хүндтэй ажил юм. Энэ салбарт ажилласан олон жилийн туршлагаа ашиглаж шилдэг уран бүтээлчдийг бэлтгэн гаргахад чиглүүлэн ажиллах болно.

Монголын хөгжмийн урлагийн салбарт тун удахгүй гялалзах охидын хамтлагийн эрлээ тэд ийнхүү эхлүүллээ. Нэвтрүүлгийн бүртгэл үргэлжилсээр байна. 

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-23 43.228.129.229

Продюсерүүд сайхан үг хэлсэн байна

Avatar

ИРГЭН 2017-10-23 150.129.143.160

"ОД" гэж өөрөө өөрсдийгөө хөөрөгдсөн энэ үзлийн царайтнууд толинд ЧӨТГӨРИЙН дүрсээ нэг хараасай…..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж