Долоо хоногийн ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

Хуучирсан мэдээ: 2017.10.23-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

Театрын оршин байх үнэ цэнэ, чанар чансааг илтгэдэг гэх, нөгөө талаас цаг үеийн шаардлагаар тавигддаг гэгдэх “Гамлет” Монголын драмын театрын тайзнаа 33 жилийн дараа дахин “морилох” гэж буй.

ДАВАА /X.16/

Монголын нийгэм одоогоор цаазын ялыг халах түвшинд хүртлээ хөгжөөгүй, хувь хүн төлөвшиж, нийгэм тогтворжсон үед уг ялыг халах тухайд ярих ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байгаа учраас уг ялыг сэргээх талаар хуульчдын ажлын хэсэг ажиллуулж байгаа талаар Ерөнхийлөгчийн албан ёсны сайтад мэдээлэл нийтлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Бага дунд боловсролын удирдлагын шинэчлэл” олон улсын чуулганыг Төрийн ордонд зохион байгуулав.

Хойд аавдаа хүчиндүүлсэн гэх таван настай охиныг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамгаалалтад авлаа. Гурван сарын өмнө охиноо айлд үлдээн, хөдөө явсан түүний ээжийг эрэн сурвалжилж эхлэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх Н.Энхбаяр мэдээлэл хийж, Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад олгож буй 1.2 тэрбум ам.долларын санхүүжилтын чиглэл, зориулалтын талаар танилцууллаа.
 

НӨАТ-ын мэдээлэл технологийн төвд 2017 оны наймдугаар сард хэвлэгдсэн баримтуудад явуулсан сугалааны азтануудад батламж гардууллаа. Дөрөв дэх удаагийн 100 сая төгрөгийн эзнээр 27 настай Х.Батдулам тодров. Тэрбээр гэртээ бага насны охиноо хардаг ажээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ХЗДХЯ, нийслэлийн Шүүх, нийслэлийн Прокурорын газар, нийслэлийн Цагдаагийн газар, Монголын Хуульчдын холбоо болон Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран “Нотариатчдын өдөрлөг”-ийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулав.

Морин хуурын чуулгын уран бүтээлчид мэдээлэл хийлээ. Аравдугаар сарын 21-нд тус чуулгын 25 жилийн ойд зориулсан баярын тоглолт болох ажээ.

Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж буй Монголын энхийг сахиулагчид аравдугаар сарын 15-16-нд шилжих шөнө гарсан зэвсэгт этгээдүүдийн халдлагыг амжилттай зогсоожээ. Д.Энхбаатар захирагчтай, VII ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн зэвсэгт этгээдүүд Бентиу хот дахь дүрвэгсдийн хуаранд байсан иргэдийг зодож, өмч, хөрөнгийг нь дээрэмдсэн үйлдлийг аюулгүй болгосон байна.

МЯГМАР /X.17/

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилуулах тухай саналаа Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүдийг зөвшилцөх албан бичигт хариу өглөө. Тэрбээр Сангийн сайдад Ч.Хүрэлбаатарыг томилох боломжгүй гэсэн санал илэрхийлж, бусдыг нь дэмжив.

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, Засгийн сайд нарын асуудлыг хэлэлцэв. Тус бүлгээс  уул уурхайн бизнестэй, ашиг сонирхлын зөрчилтэй, хууль бус үйл ажиллагаанд нэр холбогдож байсан учраас Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдад дэмжих боломжгүй гэсэн байр суурь илэрхийлэв.

УИХ-ын байнгын хороод хуралдаж, Засгийн газрын шинэ сайд нарыг хэлэлцэж, өргөн барьсан нэрсийг дэвжив.

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүн, сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг нар оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг хүлээн авч уулзав. Тэд хотын ажил, шийдвэрлэх асуудлуудын талаар санал солилцжээ.

ЛХАГВА /X.18/

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-аас зарим хуулийн төслүүдийг татан авах хүсэлт гаргажээ. УИХ-ын дарга М.Энхболд чуулганы хуралдаанд энэ тухай мэдэгдэж, төслүүдийг төрхөмд нь буцаалаа. Татан авсан хуулийн төсөлд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай болон холбогдох хуулийн төслүүд, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл, Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслүүд багтжээ.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Энэ өдөр Засгийн газрын 8 гишүүнийг томилов.

УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдаж, Засгийн газраас 2017 оны есдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

АНУ-ын Мэрилэнд мужид тавилгын компанийн ажилтан хамт ажилладаг залуусаа буудаж, хөнөөсөн хэрэг гарав. Алуурчны гарт амь үрэгдсэн таван хүний нэг нь монгол залуу байжээ. Талийгаач Т.Б нь 53 настай ба “The Advanced Granite Solutions” чулуун тавцан үйлдвэрлэдэг компанид ажилладаг байсан тухай эх сурвалжийн мэдээнд дурьджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг аравдугаар сарын 23-нд зохион байгуулах ажээ. Чуулганы хүрээнд энэ өдөр Иргэний танхимд  “Гэр хороололд үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам” салбар хуралдаан зохион байгуулав.

Салбар хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул нар хөтлөн явуулав.

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга Ш.Одончимэгийг ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргалын хамтаар цагдан хорьжээ. Авлигатай тэмцэх газрын байцаагч нар энэ өдөр “Хангарьд” ордны 8 давхарт байрлах ННҮГ-ын газарт буюу дарга Ш.Одончимэгийн албан өрөө болон санхүүгийн өрөөнд нь прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө хураан авчээ. Мөн бусад шаардлагатай нотлох баримтууд болон санхүүгийн бичиг баримтыг нь битүүмжилсэн байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын А/605 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан  Нийслэлийн Шилэн тендерийн журмын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа. 

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас Сонгинохайрхан дүүргээс 7, Сүхбаатар дүүргээс 4 иргэн, Чингэлтэй дүүргээс 2 иргэн, Баянзүрх дүүргээс 2 иргэн, Баянгол дүүргээс 1 иргэн тус тус

Урьдчилгаа төлбөрийн санхүүжилт авах шаардлага хангасан 16 иргэн “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас орон сууцны түлхүүрээ гардаж авлаа.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн 2018 оны 14 дэх удаагийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авах аргачлалд өөрчлөлт орж, онооны тогтолцоонд шилжиж буй талаар мэдээллээ.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын болзолт журмын дагуу “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн”-ийг 13 дахь жилдээ шалгаруулав.

МУБИС-ийн Биеийн тамирын сургуульд бакалаврын зэрэг олгох Хөлбөмбөгийн дасгалжуулагчийн анги нээгдлээ. 

ПҮРЭВ /X.19/

Аравдугаар сарын 18-19-нд шилжих шөнийн 01.30 цагийн үед Сэлэнгэ аймгийн Түшиг сумаас 4 км зайд 5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид мэдээлэл хийж, тус дүүргийн ИТХ-ын тамга хуурамч байсан гэж мэдэгдэв. Тэд ИТХ-ын дарга Ш.Ганчимэгийг тамгыг хуурамч гэдгийг нь мэдсээр байж төрийн ажилд ашигласан гэж үзэн, хуулийн байгууллагад ханджээ.

Цахим мөнгө крипто валют (Cryptocurrency)-ын талаарх ойлголтыг нэгтгэх, Монгол Улсын байр суурь хийгээд гадаадын улс орнуудын чиг хандлагыг тодорхойлох зорилготой  анхны чуулга уулзалт боллоо.  Монголын цахим мөнгөний холбооноос зохион байгуулсан чуулгад 130 гаруй залуус нэгджээ.

Хадгаламж, зээлийн хоршооны Олон улсын өдрийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос Хадгаламж зээлийн хоршооны хөгжлийн чуулганыг ‘Корпорэйт’ зочид буудалд зохион байгуулав. 

БААСАН /X.20/

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрдэж, шинэ сайд нар тамгаа гардсан энэ өдөр Засгийн газрын анхны өргөтгөсөн хуралдааныг зарлан хуралдууллаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг УИХ-ын дэд даргаар сонголоо. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 98.5 хувь нь УИХ-ын дэд даргаар сонгохыг дэмжиж, саналаа өгчээ.

Цэрэг татлага эхэллээ. Цэргийн жинхэнэ албаны 2017 он хоёрдугаар ээлжийн татлага Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/679 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд зохион байгуулж эхлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Гаалийн ерөнхий газрыг Монгол Улсад гаалийн алба үүсч хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан Алтан гадас одонгоор шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул гардуулан өгөв

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж