БНСУ-д ажиллах шалгуур өндөрслөө

Хуучирсан мэдээ: 2017.10.23-нд нийтлэгдсэн

БНСУ-д ажиллах шалгуур өндөрслөө

Даамчид ирэх сард тун завгүй байх бололтой.

БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулах шалгалтыг онооны тогтолцоонд шилжүүлэх шийдвэрийг өнгөрсөн Лхагва гариг (2017.10.18)-т гаргасан байна. Энэхүү шинэчилсэн шалгуур нь ирэх 2018 онд авах 14 дэх удаагийн солонгос хэлний төвшин тогтоох шалгалтад хамаарах юм. Шалгалт авах аргачлалыг өөрчилж, онооны тогтолцоонд шилжсэнээр шалгалтад багагүй өөрчлөлт орж буй юм.
Шалгалтын хугацаа: 70 минут байсныг 50 минут (унших 25, сонсох 25) болгосон байна. Асуултын тоо 50 байсныг 40 асуулт (унших 20, сонсох 20) болгон бууруулсан байна.  Өмнө нь нийт 200 онооноос 84 дээш оноо авсан иргэд тэнцдэг бол 2018 оноос эхлэн нийт 100 оноотой шалгалтад 44-өөс  дээш оноо авсан иргэдийг тэнцүүлэхээр чансааг өндөрсгөжээ. Сонгон шалгаруулах тоон хэмжээнээс хамгийн ихдээ хоёр дахин олон иргэнийг оноогоор бүртгэн авч, дарааллын сонголт хийнэ гэж талууд тохиролцжээ.
Шалгаруулалтын хоёрдугаар шатанд ур чадварын шалгалт заавал авах бөгөөд ажлын чадварын үнэлгээг мөн тооцохын сацуу бие бялдар, ярилцлага, суурь чадварын шалгалт нэмж өгнө. Тэнцсэн иргэдээс шаардлага хангасан иргэнд нэмэлт оноог олгоно. Ингэхдээ нэг жилээс дээш хугацаанд  аж үйлдвэрийн салбарт ажилласан туршлагатай иргэнд нэмэлт +3 оноо, улсын чанартай мэргэжлийн сертификат +1 оноо, техникийн чиглэлээр коллеж болон түүнээс дээш боловсролын төвшинтэй, мэргэжил олгох сургалтад 120 цагаас дээш суралцаж төгссөн иргэнд +1 оноог тус тус олгох юм байна.
Ийнхүү онооны тогтолцоогоор шалгаруулдаг болсноор ажил олгогчийн зүгээс тавьдаг шаардлагад тохирсон хүнийг сонгох боломж бүрдэнэ гэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Ким Сон Ун, ХХҮЕГ-ын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хэлтсийн дарга Т.Есөнтөмөр нар гэрээ байгуулахдаа үзсэн байна.

БНСУ-ын ажил олгогч эздийн шаардлага жилээс жилд чангарч байгаа. БНСУ-ын бизнес эрхлэгчид, ажил олгогч эзэд гадаадаас ажиллах хүчин авахдаа хэлний мэдлэг, боловсролоос гадна бие бялдар, ур чадварыг чухалчлах болсон байна. Урьд өмнөх жилүүдийн туршлагаас гадны ажилчид ур чадвар, туршлагагүйгээс үл ойлголцол үүсэх, ажлын байранд дасан зохицохгүй байх, үүнээс улбаалан ажлын байраа орхих, хууль бусаар хөдөлмөр эрхлэхэд хүрдэг юм. Энэ бүхний дээрээс БНСУ-д хууль бус хөдөлмөр эрхлэгчдийн тоо буурахгүй байгаа нь Монгол Улсад жилдээ олгодог ажиллах хүчний квот буурах, БНСУ-ын Хөдөлөмөрийн бирж дээр байршсан ажил хайгч монгол иргэдийг сонгох магадлалыг улам бүр бууруулсаар байгаа ажээ.

БНСУ нь энэхүү онооны тогтолцоог өнгөрсөн 2016 оноос нэвтрүүлжээ. Эхний жилдээ дөрвөн улсад, удаах жил нь (2017 онд) таван улсад онооны тогтолцоог нэвтрүүлж шалгалт авсан нь үр дүнтэй болсон гэж Солонгосын талаас мэдээлж байна. Ирэх  2018 онд Монгол болон Кампуч, Пакистан, Зүүн Тимор зэрэг оронд нэмж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй гэнэ.
БНСУ-д албан ёсоор буюу хөдөлмөрийн гэрээгээр ажиллахыг хүсэгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж буй юм. Солонгос хэлний түвшин тогтоох 2017 оны 13 дахь удаагийн шалгалтад нийт 8429 иргэн бүртгүүлжээ. Тэднээс 1635 нь солонгос хэлнийхээ шалгалтад тэнцсэн байна. БНСУ-ын Хөдөлмөрийн биржид 1432 иргэн ажил хайгчаар байршуулсанаас 1012 иргэнд цахим визийн зөвшөөрөл олгож, 106 иргэнд татгалзсан хариу өгсөн байна. Үлдсэн иргэд хүлээлгэд байгаа гэсэн үг ажээ.

Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын бүртгэл 2018 оны нэгдүгээр сард явагдана. Бүртгүүлэх иргэд дараах зүйлд  анхаарах ёстой.

  1. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгч чадах хэмжээний мэдлэгтэй иргэд бүртгүүлэх;

  2. БНСУ-ын Цагаачлалын албанаас  цахим визийн зөвшөөрөл олгохоос татгалзах тохиолдол нэмэгдэж байгаа тул БНСУ-д зөрчил гаргасан бол бүртгүүлэхгүй байх;

  3. 2017 оны солонгос хэлний төвшин тогтоох шалгалтад хүний оронд орох, өмнөөсөө хүн оруулахгүй байх зэргийг онцгойлон анхаарууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж