Холоос дүнсийн харагдах авч ойртоод очиход хүүхдүүд хөөрөлдөн, шуугина. Тэд бүгд л мэнд мэдсээр угтлаа. Нүүрэндээ инээмсэглэл тодруулсан ч гэлээ нүднийх нь цог гал хаашаа ч юм алга болчихсон юм шиг… Арга ч үгүй биз дээ, орхиод явсан аав, ээжээ тэд сэтгэлдээ, зүрхэндээ өдөр бүр хүлээж, хайрладаг л байж таараа.
Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/ хүчирхийлэл, хүний эрх зөрчигдөж байгаа тухай илтгэлээ УИХ-ын хэмжээнд танилцуулж, итгэлд дурьдагдсан сэтгэл сэрдхийлгэм тоо баримт, байдлыг хэвлэлийнхэн чадлаараа бичлээ. Ой дөрөвхөн сартай бяцхан хүүхдээс авахуулаад 17 нас хүртэлх 298 охин бэлгийн хүчирхийлэлд өртсөнийг хуулийнхан мэдээлэлдээ дурьджээ. Цаана нь мэдэгдэхгүй өнгөрч байгаа олон хүүхдийн асуудал байгаа. Ингээд тооцохоор өдөрт нэг хүүхэд ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртдөг байх магадлалтай. Хамгийн сүүлийн баримтаар тавхан настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн байж болзошгүй хэрэгт холбогдон, саатуулагдлаа. Хохирогч охин одоо хүүхдийн “Өнөр бүл” төвийн асрамж, халамжид очсон. 2017 он гарнаас хойш түүн шиг жаахан гурвын гурван охин бэлгийн хүчирхийлэлд өртөж, энэ төвд мөн иржээ.
Ийм тохиолдолд дүүрэг, хорооны төлөөлөл, цагдаа, хүүхдийн байгууллагынханы оролцсон хамтарсан баг хохирогчдын ар гэрт нөхцөл байдлын үнэлгээ хийдэг. Тэд ‘Цаашид хохирогчийг гэрт нь хүргэх боломжгүй. Ах, дүү хамаатан садан нь дэргэдээ аваад амьдрах чадваргүй’ гэж дүгнэвэл хохирогч хүүхдүүд “Өнөр бүл” төвд үлддэг.
ХЭҮК-оос саяхан ‘Өнөр бүл’ төвийн хүүхдүүд хэрхэн амьдардаг тухай сэтгүүлчдэд танилцуулахаар нэг өдрийг тус төвд өнгөрүүлсэн юм.
Хуучин дотуур байрны зохион байгуулалттай байсныг өөрчилж, нэг өрөө байртай айл шиг болгон тохижуулснаа “Өнөр бүл” төвийн ерөнхий захирал М.Өлзийчимэг ярьсан юм. Түүний хэлснээр, өрөөний өмнөх зохион байгуулалт, хоолны том заал зэрэг нь хүүхдийг шууд бэлэнчлэх сэтгэлгээнд сургадаг байжээ. 18 нас хүрсэн хүүхдүүд төвөөсөө явах болдог. Тэд өөрсдөө хоол хийхэд суралцаж чаддаггүй. Энэ нь цаашдын амьдралд нь сөргөөр нөлөөлдөг. Айл гэрийн зохион байгуулалтаар өрөөнүүдийг тохижуулснаар багш нь хүүхдүүдтэйгээ хамтарч хоол хийх, тэднийг сургах боломж бүрдэнэ гэж үзэж байв.
Аав ээж нь орхисон, эсвэл нас барсан болоод шүүхээс ял сонссон иргэдийн эцэг, эх байх эрхийг хязгаарласан гэх мэт шалтгааны улмаас 157 хүүхэд өнөөдөр /2017.10.23/ “Өнөр бүл” төвд амьдарч байна. Нялх багаасаа зовлон үзэж буй тэдний дунд сэтгэл, санаа нь цочирдон, архаг ядаргаанд орсон олон хүүхэд байдаг ажээ. Тухайлбал, 10, 12 настай мөртлөө орондоо бие засах тохиолдол нэг бус удаа гардаг гэж байв. Тэдэнд сэтгэл заслын эмчилгээ хийдэг ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгааг багш нар нь ярив.
Хүүхдүүдийн дэргэд гэр бүлийн асуудал буюу аав, ээжийнх нь тухай ярьдаггүй тухай “Өнөр бүл” төвийн асрамж, халамж үйлчилгээний хэлтсийн дарга Г.Ойнбаяр ярьсан юм. Асрамжийн хүүхдүүдийн хувьд хамгийн эмзэг сэдэв нь гэр бүл.
Эрэгтэй хүүхдүүдийн хувьд сэтгэл санааны гүн хямралаас болж PC тоглоомд донтох тохиолдол олон гардаг ажээ. Тоглоомонд донтсон хүүхдүүд аажимдаа хулгай хийж, худлаа ярих зэргээр буруу зуршилд татагдах магадлал өндөр. Тэдний зарим нь багш нарынхаа үгэнд оролгүй, алдах нь бий. Энэчлэн шийдэхэд хүндрэлтэй олон асуудал өдөр тутамдаа гарч байдаг тухай “Өнөр бүл”-ийнхэн учирлаж байлаа.
Төвийн багш нар хүүхдүүдийг 18 нас хүргээд бие даалгаж, явуулах бус 18-21 хүртэлх үеийнхнийг тусад нь амьдруулж, амьдралд хөл тавихад нь дэмжих нь чухал гэж үзэж байлаа.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ