Ачаалал ихтэй нийтийн тээвэрт ахиц гарав уу?

Хуучирсан мэдээ: 2017.10.23-нд нийтлэгдсэн

Ачаалал ихтэй нийтийн тээвэрт ахиц гарав уу?

НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлнэ.

Автобусны хаалга онгоймогц л хойд, урд хаалгаар дайрч, ааштай кондукторт унааны мөнгөө хураалгадаг байсан цаг саяхан. Учир нь, Улаанбаатар хотын нийтийн тээвэр “ухаалаг” системд шилжээд, хоёр жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. 

Орчин үеийн хотуудын өнгө төрхийг нийтийн тээвэр нь илэрхийлж байдаг. Иргэдээ ая тухтай зорчуулахын тулд Улаанбаатар хотын нийтийн тээвэр хөгжилд ойртох эхний алхмаа хийгээд буй. Хотын хамгийн ачаалал ихтэй, бухимдал дагуулсан үйлчилгээ бол нийтийн тээвэр. Иргэдийн хувьд нийтийн тээврийн үйлчилгээнд цахим картын системийг нэвтрүүлсэнд ам сайтай байгаа ч ажилдаа очих, тарах цагаар ихээхэн ачаалалтай байдагт бухимдалтай байдгаа илэрхийлсэн хэвээр. Ингээд өнгөрсөн хугацаанд нийтийн тээврийн салбарт ямар шинэчлэл, ахиц гарсан тухай сонирхсон юм.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЦАХИМ КАРТАД БҮРЭН ШИЛЖСЭН

Нийслэлийн хэмжээнд карт борлуулах, цэнэглэх 492 цэгээр дамжуулан өссөн дүнгээр энгийн 797693 карт, хүүхдийн 222588 карт, Нийслэлийн нийгмийн халамжийн газар, Нийслэлийн боловсролын газраар дамжуулан хөнгөлөлттэй зорчих 266520 ширхэг цахим карт борлуулагдсан байна.

Мөн нийтийн тээврийн үйлчилгээнд хязгааргүй зорчих эрхтэй, сарын хугацаатай карт шинээр нэвтрүүлж, зорилтот бүлгийн иргэдэд 20000 ширхэг картыг хороодын нийгмийн ажилчидтай хамтран үнэ төлбөргүй тараажээ. Тэр дундаа нийслэлийн Засаг даргын 2017 оны А/626 дугаар захирамжийн дагуу “Хүндэт донор” иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчдог болгосон нь сайшаалтай.

2017 оны III улирлын шугамын орлого 36,865,685,694 төгрөг байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.6 хувиар өссөн байна. 

Олны хөл залгуулж, үргэлж цагтай уралдаж байдаг хүмүүс бол автобусны жолооч нар. Тэр ч утгаараа зорчигчдыг найдвартай, түргэн шуурхай, аюулгүй хүргэх нь тэдний эрхэм үүрэг билээ. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдэд сургалтыг шат дараатай зохион байгуулснаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт зам тээврийн осол зөрчил 22.2 хувиар, гэмтсэн хүний тоо 31.6 хувиар, нас баралт 92.8 хувиар, эмнэлэгт хэвтсэн 23.5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарчээ.

АВТОБУСНААС ЯЛГАРЧ БУЙ ХОРТ УТААГ БАГАСГАХААР АЖИЛЛАЖ БАЙНА 

Ингээд хотын нийтийн тээврийн үйлчилгээнд хийсэн бусад ажилтай танилцуулъя.

  • Иргэд “City pass” банкны болон нийтийн тээврийн хосолсон карт, “NFC” сим карт ашиглан гар утасныхаа сим картыг солиулан нийтийн тээврээр зорчиж байна.

  • Их, бага багтаамжийн автобусны чиглэлийн давхцлыг арилгаж, их багтаамжийн автобус хүрэх боломжгүй, алслагдсан суурьшлын цэгүүдэд дунд багтаамжийн 30 автобусаар нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байна.

  • Нийтийн тээврийн 139 автобусны зогсоолын мэдээллийн самбарыг шинэчилж, 121 зогсоолыг тэмдэгжүүлэв.

  • Нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлт цахим картад 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс бүрэн шилжсэнтэй холбоотойгоор 04 дүгээр сарын 01-нээс хойш шугамын орлогыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

  • Нийтийн тээврийн үйлчилгээний 13 дундын зогсоолд зогсоолын талбай гаргуулсан.

  • Нийслэлийн Засаг даргын 2017 оны өдрийн А/703 дугаар захирамжаар нийслэлийн өдрийг тохиолдуулан нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад тавигдах стандартын шаардлага, гэрээний үүргийн биелэлтийг хангуулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, үйлчилгээний чанар соёлыг сайжруулах зорилгоор болзолт уралдааныг зарлан, үндсэн чиглэлийн 21 аж ахуйн нэгж байгуулага, такси үйлчилгээ эрхлэгч 11 аж ахуйн нэгж байгууллага хамрагджээ.

  • Мөн Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Нийслэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа тээврийн хэрэгслүүдэд байгалийн шатдаг хий ашиглах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/562 дугаар захирамжийн хүрээнд Нийтийн тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт утааг багасгах, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Улаанбаатар хотын Хөгжлийн Корпораци” ХК-тай хамтран ажиллаж байна.

ИРЭХ ОНООС ТУСГАЙ ЗАМЫН ТЭЭВРИЙГ НЭВТРҮҮЛНЭ

Тусгай замын тээвэр

Нийтийн тээврийн салбарт яригдаж буй нэг ажил бол тусгай замын автобус. Олон жилийн өмнөөс энэ асуудлыг ярьж эхэлсэн ч улс төрийн тогтворгүй байдлаас болж, хэрэгжихгүй явсаар өдийг хүрчээ.

Уг асуудлаар 2012 онд анхны тооцоо судалгааг хийж, хэрэгжүүлэх санаачлагыг гаргасан ч тухайн үеийн шинэ хотын шинэ удирдлага энэхүү тусгай замын тээврийн төслийг төдийлөн дэмжээгүй удааширснаас болж, 4-5 жилийг алджээ. Харин 2016 оноос хотын Захирагч С.Батболдын санаачлагаар өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, Улаанбаатар хотод замын түгжрэл, нийтийн тээврийн урсгал хөдөлгөөнийг сайжруулахад тусгай замын тээврийг нэвтрүүлэх нь хамгийн оновчтой гэж үзээд, 2017 оны тавдугаар сард тусгай замын тээврийн төсөл хэрэгжүүлэх багийг байгуулжээ.

Энгийн жишээ авч үзвэл метроны нэг км замыг 130-150 сая ам.доллараар барих бол LRT /light rail transit/ буюу хөнгөн хэлбэрийн метроны нэгэн төрлийг хэрэгжүүлбэл нэг км замыг 35-50 сая ам.долларын өртөг гарах гэнэ. Харин тусгай замын тээврийг нэвтрүүлснээр нэг км замыг 5-8 сая ам.доллараар байгуулах боломжтой гэдэг тооцоог ажлын хэсгийнхэн гаргасан байна. Нийт 44.9 км гурван коридорт Тусгай замын автобусны системийг байгуулах өртөг нь 274,4 сая ам.доллар байхад энэ мөнгөөр зураг төслийн үнэ ороод дөнгөж 2 км гаран метро барих боломжтой аж. Төслийн эхний үе шат нийт 13.6 км бөгөөд 78.4 сая ам.долларт багтах гэнэ.

Энэ төслийн хүрээнд нийт 22 байршилд тохилог, дулаан, Улаанбаатар хотын шинж чанарыг агуулсан архитектурын шийдэл бүхий автобусны буудал барих, Арслантай гүүрийг шинэчлэх, Тусгай замын автобусаар үйлчлүүлэгчид зориулсан авто зогсоолын байгууламж, уулзвар шинэчлэлт, замын хучилтыг шинэчлэх, зорчигчдод зориулсан автобусны мэдээллийн систем гэх мэт олон ажлыг хийхээр багтаасан байгаа аж.

Тусгай замын тээврийг нэвтрүүлснээр эдийн засагт хэмнэлтэй төдийгүй замын түгжрэл буурч, нийтийн тээврийн хурд нэмэгдэж, олон хүнийг тээвэрлэх зэрэг эерэг дүр зургуудыг харж болно. Өмнө нь энгийн автобус цагт найман км/цагийн хурдтай явдаг байсан. Харин нэгдүгээр эгнээгээр зорчдог болсноор цагт 15-16 км/ цагийн хурдтай явдаг болжээ. Харин тусгай замын тээврийн системийг хэрэгжүүлснээр цагт дор хаяж 30 км/ цагийн хурдтай явах нөхцөл бүрдэх гэнэ.

Тусгай замын тээврийн төслийн хөтөлбөр гурван үе шаттай бөгөөд 2017-2021 оны хооронд хэрэгжих юм байна. Нэгдүгээр чиглэл нь Энхтайваны өргөн чөлөө. Хоёрдугаарт Их тойруу, гуравдугаарт долоон буудлаас Нисэхийн чиглэлд нийтдээ 44.9 км урттай, 60 автобусны буудлыг барих төсөл ирэх оноос хэрэгжинэ гэдгийг мэргэжилтнүүд дуулгав. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний 60 гаруй хувь нь уг өргөн чөлөөгөөр дамжин өнгөрдөг учраас хотын Захирагчийн зүгээс авто замын гол чиглэлээс эхлэн хэрэгжүүлэх шийдвэрийг гаргаад байгаа аж.

Харин өмнөх засгийн газрын үед 1.5 тэрбум ам.доллар буюу Тусгай замын автобусны системээс 20 дахин өндөр өртөг бүхий метрог Энхтайваны өргөн чөлөөнд барина хэмээн Тусгай замын автобусыг Энхтайваны өргөн чөлөөнд барихаас татгалзаж байсныг ийнхүү одоогийн хотын захирагч хэрэгжүүлэх шийдвэр гаргасан нь эдийн засаг хүнд байгаа үед нийтийн тээврээ дэлхийн жишигт хүргэхийн зэрэгцээ маш бага өртгөөр үр ашигтай хэрэгжүүлэх чухал шийдвэр болжээ.

Тусгай замын тээврийн үйлчилгээг анх Бразил улсын Куритиба хотод 1974 онд нэвтрүүлж эхэлсэн бөгөөд одоо дэлхийн 40 гаруй оронд амжилттай хэрэгжүүлжээ. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Азийн орнууд болох Хятад, Солонгос зэрэг олон оронд маш амжилттай хэрэгжүүлээд байна. “Төслийн багийнхан нарийвчилсан төлөвлөгөөг гаргалаа. Одоо Азийн хөгжлийн банкнаас олон улсын тендерээ явуулах зөвшөөрлөө аваад, энэ сарын 25-нд тендерээ зарлахад бэлэн болоод байна. Тендерээ зарласны дараагаар зургийн ажлыг хэрэгжүүлэх олон улсын компаниудыг шалгаруулах бололцоотой болно. Зургийн дагуу барилгын ажил явагдана” хэмээн төслийн зохицуулагч Б.Гансүх ярилаа. Тусгай замын автобусны системийн тухай www.facebook.com/brt-mongolia хуудаснаас мэдээлэл авч болно.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж