Спиртийн агууламжтай хүнсний бус бүтээгдэхүүний худалдаанд тавьсан хоригийг дахин 180 хоног буюу зургаан сараар сунгаж байгаагаа ОХУ-ын Хэрэглэгчийн хяналтын газрын дарга Анна Попова аравдугаар сарын 20-ны Баасан гаригт мэдэгдлээ.
Өнгөрсөн 2016 оны арванхоёрдугаар сард “Боярышник” нэртэй спиртийн агууламжтай гоо сайхны бүтээгдэхүүнийг найруулан ууж хордсон хэрэг хэд хэдэн мужид гарсны дараа энэ төрлийн бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаанд хориг тавьсан юм. Анхны хоригийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 23-нд гурван сарын хугацаатай тавьсан. Үүний дараа дахин хоёр сар, бас дахин гурван сараар сунгаад байсан юм.
Хэрэглэгчийн хяналтын газрын гаргасан албан мэдээгээр спиртийн агууламжтай хүнсний бус бүхий л бүтээгдэхүүн, мөн найрлаганых 28-аас дээш хувийг этилийн спирт эзэлж байгаа хүнсний бүтээгдэхүүн энэ хоригт хамаарч байгаа юм.
Хориг тавигдсаны дараахан өнгөрсөн арванхоёрдугаар сард Хэрэглэгчийн хяналтын газрын шалгасан байгууллага бүрийн дөрөв нь, 2017 оны нэгдүгээр сарын шалгалтаар ес нь, тавдугаар сард 25 нь, есдүгээр сарын шалгалтаар 40 нь хоригийг зөрчсөн байсныг Хэрэглэгчийн хяналтын газар мэдээлж байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ