Хуучирсан мэдээ: 2017.10.22-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Эрх баригч Монгол Ардын намын хоёр дахь ээлжийн Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ. Өмнөх Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүхээр толгойлуулсан кабинет анхны хуралдаанаа өнгөрсөн Баасан гаригт хийлээ. Анхны хуралдаанаа 2017-2018 оны өвлийн бэлтгэлд зориулж өргөтгөсөн байдлаар хийсэн бөгөөд уг хуралдаанд 150 гаруй албан тушаалтан оролцсон нь ойрд байгаагүй нүсэр боллоо.

Байгаль цаг уурын болон улс төрийн хүчин зүйлээс шалтгаалан энэ өвөл амаргүй байх төлөвтэй байгаа. Энэ зун Монголын нийт нутгаар ерөнхийдөө хур багатай, гандуу байсан. Гандуу байна гэдэг бол мал тарга тэвээрэг муу авч, онд мэнд орохгүй байх эрсдэлтэй. ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшингийн өргөтгөсөн хуралдаанд хийсэн мэдээллээр ирэх өвөл нутгийн 30-аас дээш хувьд өвөлжилт хүндэрч болзошгүй гэжээ. ЦУОШГ-ын ажиглалтаар 10 жилд 1-2 удаа ган, зуд хавсарч байсан түүхтэй учраас энэ өвөл онцгой анхаарал болгоомж, бэлтгэлийг шаардаж буй. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газрын эхний сорил бол өвлийг өнтэй давах юм.

Улс төрийн хүчин зүйлийн хувьд энэ зун монголчууд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг хоёр долоо хоногийн зайтай хоёр удаа явуулж наадамтай золгосон, амралт наадмын үе дуусч ажлын сезон эхлэх үед Засгийн газраа огцруулсан нь төрийн албыг цалгардуулсан байх магадлал өндөртэй.

Өвлийн бэлтгэлийг шуурхайлахаас гадна ирэх оны төсвийг хэлэлцэн батлахад У.Хүрэлсүхийн багт ердөө хориодхон хоногийн хугацаа үлдэж байгаа юм. Зуун хувь парламентын олонхиос томилогдсон шинэ Засгийн газрын сайдууд толгой өндийх завгүй ажиллаж эхний сорилтуудаа давахаас өөр замгүй болж байна.

Энэ сорилтыг хэрхэн давахаас шинэ Засгийн газрын хувь заяа хамаарна. Эс чадваас Монгол Ардын намын гурав дахь ээлж анаж буй. Парламентын 76 суудлын 65-ыг дангаар авч баярын хундага тулгаж байсан Монгол Ардын намынхан ийм хурдан өөрсдийн засгийг унагана гэж зүүдлээгүй биз. Харамсалтай нь, үнэмлэхүй ялалт нь эргээд зовлон болж олодвол өлддөг гэдгийг бодитоор мэдэрлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж