УИХ дахь 65-ын бүлгийн гишүүд дунд байнгын хорооны даргын марафон өрнөх болоод байна.
Учир нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл нар Засгийн газрын гишүүнээр томилогдсон тул тус байнгын хороодын дарга нарыг шинээр сонгох шаардлага үүссэн юм.
Мөн УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан УИХ-ын дэд даргаар сонгогдсон тул шинэ дарга дахин сонгох болж буй.
УИХ-ын даргын зөвлөл өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хуралдаж, шинэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дарааллыг гаргасан ч байнгын хороодын дарга нарыг сонгох асуудлыг багтаагаагүй байгаа юм. Гэхдээ 65-ын бүлэг томилгоотой холбоотой асуудлыг дараалал харгалзахгүйгээр шууд оруулж ирэх тохиолдол олон байдаг тул шинэ долоо хоногт багтаан байнгын хороо болон дэд хороодыг удирдах дарга нар шинээр тодорч мэдэх юм.
Г.ХОРОЛ