Сайдын зөвлөлийн өргөтгөсөн хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Сайдын зөвлөлийн өргөтгөсөн хурал боллоо

Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн өргөтгөсөн хурал болж, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа сүүлийн үед эрүүл мэндийн салбарт хүний амь эрсэдсэн ноцтой алдаа, эндэгдлийн талаар мэдээлэл хийж, эрүүл мэндийн яамны харъяа төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, төвүүдийн дарга, захирал нартай хийсэн гэрээг шинэчлэн байгуулсан тухай болон “Үр хөндөлтийг зохицуулах журмыг шинэчлэн батлах тухай” Эрүүл мэндийн сайдын тушаалыг танилцуулж үүрэг даалгавар өглөө.
    Сайд С.Ламбаа эмнэлэг, төвүүдийн дарга нарын эрх үүргийг өргөтгөхийн зэрэгцээ байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл болон хууль бус аливаа үйлдлийг санаатайгаар нуун дарагдуулсан, ажил олгогчийн болон салбарын бодлого, шийдвэрийн эсрэг аливаа мэдэгдэл гаргаж албан ёсны байр сууриа илэрхийлсэн, удирдаж буй байгууллагын үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаатай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагыг удирдсан, хамт олныг улс төрийн үйл ажиллагаанд татан оролцуулсан,  төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэрийг, албаны бус зорилгоор ашигласан ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр гадаад, дотоодод зорчсон, ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр гадаадын байгууллагаас томилолтоор явахад зориулсан санхүүгийн дэмжлэг хүссэн, ажлын  үнэлгээгээр “дутагдалтай”, “хангалтгүй” гэж дүгнэгдсэн,төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 14 дүгээр зүйл,  төрийн албан хаагчийн болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг ноцтой зөрчсөн нь эрх бүхий  байгууллагын шалгалтаар нотлогдсон, ажил олгогчийн өгсөн үүрэг даалгаварыг 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй зэрэг тохиолдолд гэрээг шууд цуцалж ажлаас хална гэдгээ мэдэгдлээ.
Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын 105 тоот тушаалаар батлагдсан “Үр хөндөлтийг зохицуулах” журмын дагуу эрт үеийн үр хөндөлтийг эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцөл бүрдсэн, гарч болох хүндрэлээс сэргийлэх, эмчлэх бэлтгэлийг бүрэн хангасан, хүндрэл гарсан тохиолдолд арга зүйн дагуу найдвартай эмчлэх, 24 цагаар үйлчилгээ үзүүлэх, “Эх барих буюу эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах” тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн эмнэлэгт, хожуу үеийн үр хөндөлтийг мэргэжлийн эмч нарын дүгнэлт, зөвлөгөөний шийдвэрээр Эх нялхасын эрдэм шинжилгээний төв, Нийслэлийн амаржих газар, Аймгийн төрөх тасагт болон эх барихын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй магадлан итгэмжлэгдсэн хувийн хэвшлийн эмнэлэгт зөвхөн эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч гүйцэтгэхээр болсон тухай мэдэгдэж,  үр хөндөлтийн улмаас эхийн эрүүл мэндэд ноцтой хүндрэл учруулсан, үр хөндөлтийн тусламж үйлчилгээний стандарт, журмыг зөрчсөн нь нотлогдсон тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхлэх, эмнэлгийн мэргэжилтний “Эмчлэх, сувилах, эм барих” тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг холбогдох комиссын дарга нарт үүрэг болгосон байна.
Хуралдаанд Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн гишүүдээс гадна Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, ЭМЯ-ны удирдлагууд, ЭМЯ-ны харъяа төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, төвийн дарга, захирал нар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлэг, амаржих газруудын дарга нар оролцов.
                                        Б.Батжаргал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж