Хөршөө “царайчлах” 110 км-ийн урт дараалал

Хуучирсан мэдээ: 2017.10.22-нд нийтлэгдсэн

Хөршөө “царайчлах” 110 км-ийн урт дараалал

Сэнди хар салхины улмаас америк иргэдийн амь нас хохирч, эд материалын үлэмж хохирол учирсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамад эмгэнэлийн захидал илгээв.

-Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ өсөлт рүү тэмүүлж буй. Яг энэ цаг үед байгалийн баялгаараа дэлхийд  тэргүүлдэг Монгол Улсын хувьд хамгийн том экспортлогч болох БНХАУ-ын талтай хэлэлцээрийн ширээний ард сууж, хил гаалиар нэвтрүүлэх асуудлыг шуурхайлах арга хэмжээг авах ёстой  гэх үгийг нүүрс тээвэрлэх олон жолооч хэллээ-

Өнгөрсөн тавдугаар сараас хойш Өмнөговь аймгаас урд хөршийг зорих нүүрсний машины цуваа Гашуунсухайт боомтоос нааш 120 км-ийн урт цуваа үүсгэсэн талаар бид өмнө мэдээлж байсан. Бодит байдал газар дээрээ ямар байгаа, сүүлийн гурван сарын хугацаанд нөхцөл байдал өөрчлөгдсөн эсэхийг сурвалжлахаар Өмнөговь аймгийг зориод ирсэн юм.

Гашуунсухайт боомт хүрсэн бид Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумдад байрлах уул уурхайн экспортлогч томоохон компаниудын үйл ажиллагаатай танилцсан цуврал сурвалжлагынхаа эхний хэсгийг хүргэж байна.

Жолооч нар 15 хоног урт дараалалд хонож, хил нэвтэрч байна

Говийн нар ээсэн дулаахан өдөр ч тоос, элсээр үе үе шуурах Ханбогд сумын нутаг дахь Гашуунсухайт боомт хүн, машин хоёртоо дарагджээ. Хүн, машин хоёроос өөр гялтайх зүйлгүй энэ боомтод ажиллаж буй Хил, Гааль, Мэргэжлийн хяналт гээд төрийн ажлаа хийж байгаа хүмүүстэй уулзахаас илүү жолооч нартай уулзахыг урьтал болгов.

15 хоногийн турш зам дээр алхам алхмаар урагшилсаар өнөөдөр хил давахаар зогсч буй Т.Ганболдтой уулзав. Зорьсон асуултдаа хариулт авахаар түүнтэй цөөн хором ярилцахыг хүссэн ч тэрээр “Хоёр сар гэртээ хариагүй, 15 хоног зам дээр хоносон халтар миний зургийг аваад хэрэггүй. Харин бодит байдлыг бол ярьж өгч болно шүү” гэсээр бид хэсэг ярилцав.

Т.Ганболд Орхон аймгийнх. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн нүүрс тээвэрлээд жил орчим болж байгаа гэх. Өмнө нь сард 4-5 удаа хил нэвтэрдэг байлаа. Гэтэл сүүлийн хэдэн сар сардаа хоёр гарвал л их юм болж байна. Зам дээр тоосонд дарагдаж гэрээ мартсан гэсэр болж байна. Манай төр барьж байгаа хүмүүс БНХАУ-ын талтай ярилцаад энэ асуудлаа шийдэж болдоггүй юм байхдаа л гэж бодож сууна даа. Биднийг ийн ярилцаж суутал, Хилийн зохицуулалтаас машинаа урагшлуулахыг дохиж, “За ахынх нь ээлж боллоо, өнөөдөртөө багтаад хил гараад, хурдан ирэх минь. Тэр дарга нарт, БНХАУ-ын талтай хэлэлцээрээ хурдхан хий гээд бичээд өгөөрэй” гэсээр цааш хөдлөв.

Бусад жолооч нараас гарч байгаа үг жолооч Т.Ганболдынхоос ялгаа багатай. Өөрсдөөс нь бус өрөөлөөс шалтгаалан жолооч нарын зовинол, миний ч зовинол болон үлдэв. Ингээд албаныхантай уулзахаар Гашуунсухайт боомтын Хилийн шалган нэвтрүүлэх постыг зорив.

Гашуунсухайт боомт нь:

-БНХАУ, Монгол хоёр улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрээр хоёр талын байнгын үйл ажиллагаатай боомтын статустай ажиллаж байна. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь хилийн зурваст байрладаг. Тавантолгой, ‘Оюутолгой’, ‘Эрдэнэс Тавантолгой’, Ухаахудаг зэрэг уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл 240 км. Боомт 08.00-20.00 цагийн хооронд нүүрс, баяжуулсан бүтээгдэхүүн болон зорчигч нэвтрүүлдэг.

Биднийг очиход Гашуунсухайт боомтын Хил болон гаалийн албаныхан өчигдөр /2017.10.20/ сүүлийн хоёр сард хамгийн олон машин гарсан өдөр байлаа. Нийтдээ 826 машин хилээр нэвтрүүлсэн “баярт” үйл явдал болж байна хэмээн хошигнон угтав. Гашуунсухайт боомтод Мэргэжлийн хяналт, Хил хамгаалах ерөнхий газар, Гааль гээд 170 гаруй төрийн албан хаагч ажилладаг.

Гашуунсухайт дахь Гаалийн газрын Хяналт, бүрдүүлэлтийн албаны дарга Ж.Мөнхбат “Боомт өнөөдрийн байдлаар бүрэн хүчин чадлаа ашиглахгүй байгаа. Яагаад гэвэл БНХАУ-ын талаас нүүрс тээвэрлэлтээ бууруулсан учраас бид ч гэсэн хоёр постоор автомашин шалган нэвтрүүлж байна. Биднээс болон жолооч нараас шалтгаалаад урт дараалал үүссэн зүйл байхгүй. Гашуунсухайт боомтын нэвтрэх бүсээс 50 гаруй  км-ийн урттай дараалал үүссэн байна. Цагаан хадны боомтод бас тодорхой тооны урт дараалал үүссэн байгаа. Гашуунсухайт боомтоор мах, самар гэх мэт хориглосон бараа нэвтрүүлэх оролдлого гардаг байсан ч тэр нь тийм их хэмжээтэй биш. 2017 онд хориглосон бараа нэвтрүүлэхийг завдсан зургаан тохиолдол гарсныг холбогдох албаныханд нь шилжүүлсэн байгаа. Сүүлийн жилүүдэд хориглосон бараа хил нэвтрүүлэх оролдлого  буурсан” гэлээ.

Тайлбар: 2017 он гарсаар нүүрс тээвэрлэгч машин хил нэвтэрсэн тоо. /Сарын дундаж/

   Цагаан хадыг хаах цаасан дээрх шийдвэр сураг “алдарчээ”

Гашуунсухайтаас 23 км-ийн наана байрлах Цагаан хадны боомт бол нүүрс тээвэрлэгчдийн дамжин өнгөрөх гол цэг. Цагаан хадны боомтыг Засгийн газраас хаах шийдвэр гаргасан ч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа нь хэвээр, цаасанд буусан Засгийн газрын шийдвэр энд ажиллаж, амьдрах хүмүүсийн нүдэнд тороогүй гэх. Зарим жолооч Цагаан хадны боомт хүртэл нүүрс тээвэрлэдэг бол нөгөө хэсэг нь уурхайгаас шууд хил нэвтрэх маршруттай. Гэсэн хэдий ч Цагаан хадны боомтоор мөн л дамжин өнгөрнө. Засгийн газраас Цагаан хадны боомтод гэмт хэргийн зөрчил ихтэй, байгаль экологид сөрөг нөлөөтэй гэж үзэн хаах шийдвэр гаргасан гэдгийг тодотгож байсан. 6000 гаруй жолооч нарын хооллох, амрах, нүүрсээ буулгах, ачих гээд ёстой л гол ажил өрнөдөг энэ газар 100 гаруй мянган хүн холхих аж. Олон хоног нүүрс тээвэрлэдэг жолооч нарын хувьд амралтын цэг нь болсон Цагаан хадны боомтын нүүрс тээвэрлэгчдийн цуваа мөн л 110 км урт үргэлжилнэ.

Нэг км-т 70-110 тонн багтаамж бүхий 35-40 авто машин дугаарладаг

Гашуунсухайтаас ялгаатай нь энд зарим компани нүүрсээ буулгадаг учраас хар тоосондоо дарагдсаныг нь хараад Цагаан биш Бараан хад гэмээр. Энд бүх төрлийн үйлчилгээ бий. Жолооч нарыг хэрэгцээг хангах дугуй засвар, дэлгүүр, сэлбэг, амрах газар, хоолны газрууд цөм энд л байрлана. Тиймдээ ч Цагаан хадны боомтод байрлах иргэд Засгийн газрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ онцолж байлаа.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж