Отгонтэнгэр хайрханд авиралт хийж явсан 27 иргэний 19 нь буух замдаа ор сураггүй алга болсон байна. Тэд аравдугаар сарын 21-ний 16.00 цагаас хойш ор сураггүй болжээ. Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин н.Сүрэнжаваар ахлуулсан аялагчид Отгонтэнгэр ууланд авиралт хийжээ. Тэд бүгд мэргэжлийн уулчид биш зарим нь сонирхогчид гэдгийг албаны хүмүүс мэдээллээ. Ууланд авирсан хүмүүс гурван бүлэгт хуваагдаж цуваагаар бууж байжээ. Эхний бүлэгт явсан найман иргэн бүгд өчигдөр 18.00 цагийн орчимд уулнаас аюулгүй бууж иржээ. Тухайн үед гэгээ тасарч харанхуй болсон учир уулын хормойд хоноод өнөөдөр 13.00 цагийн орчим Отгонтэнгэр хайрханы байгаль хамгаалагчийг олж, хамт явсан нөхөд нь алга болсныг эхний багт явсан иргэн Саранчимэг, Алтанбагана нар мэдээлж, Завхан аймгийн Онцгой байдлын албаас тусламж хүсчээ.
Өнөөдрийн 14.40 цагт Онцгой байдлын ерөнхий газрын жижүүрийн утсанд уг ослын дуудлага ирсэн байна. Улмаар Завхан аймгийн Онцгой байдлын албаны дарга н.Ариунбуянаар ахлуулсан 10 аврагч сураггүй болсон иргэдийг эрж хайхаар замдаа гарчээ. Отгонтэнгэр уул нь аймгийн төвөөсөө 200 гаруй километрийн зайтай. Одоогоор аймгийн аврагчид замынхаа талд нь хүрсэн тухай мэдээлэв.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Бадралын мэдээлснээр, Шуурхай дуудлага авсан даруйдаа Онцгой байдлын ерөнхий газраас н.Мандахгэрэл даргаар ахлуулсан эмч, аврагчдын баг нисдэг тэрэгтэй гарсан байна. Тодруулбал, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дөрвөн эмч, онцгой байдлын аврагч эмч болоод алга болсон иргэдийг дроноор хайхаар мэргэжлийн хүнийг нь мөн багаж техникийн хамт авч явжээ. Одоо харанхуй болсон учир эрлийн ажиллагааг маргааш өглөө гэгээ оронгуут эхлүүлэх аж.