Ачааллаа дийлэхээ больсон нийслэлийн дэд бүтцийн асуудлыг инженерийн холболтоор шийдэхээр хотын удирдлагууд төлөвлөжээ. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн дэд бүтцийн барилга угсралтын ажлыг үе шаттайгаар барьж, төслийн 2 дугаар ээлжийн Дэнжийн мянга, Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн зураг төсөл боловсруулж, бэлтгэл ажлыг хангана. Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд цэвэр ус дамжуулах шугам 4 км, бохир усны шугам 4.9 км, дулаан дамжуулах шугам 1.1 км, авто зам 3.2 км, 35кВ-ын цахилгаан дамжуулах шугам 1.8 км зэрэг дэд бүтцийн ажлуудыг гүйцэтгэнэ.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Улаанбаатар хотын төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох боломжгүй гэр хорооллын дундын бүсэд бие даасан болон төвлөрсөн инженерийн хангамжийн ‘Дэд бүтцийн төв’-ийг 11 байршилд байгуулж нийт 3000 орчим айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбож дэд бүтцээр ханган агаар, орчны бохирдлыг бууруулна. Хотын гэр хорооллын төвийн бүсийн дахин төлөвлөн барилгажуулах төслийн дэд бүтцийн ажлуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр 2890 айлын орон сууцыг инженерийн дэд бүтцээр хангах боломжийг бүрдүүлэх юм байна. Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 15 орон сууцны барилгыг буулган барилгажуулах төсөл сонгон шалгаруулах, 816 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаас гадна гэр хорооллыг барилгажуулах, айл өрхийн ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор усан сангуудыг холбосон ус дамжуулах 4.0 км гол шугам, ариутгах татуургын 8.1 км шугамуудыг барина. Гэр хорооллын айл өрхийн ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх юм гэж НИТХ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Д.ЖАГАР