Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ны мэдээлснээр бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо улсын хэмжээнд эхний есөн сарын байдлаар 25.4 мянга хүрсэн байна. Энэ нь нэг жилийн өмнөхтэй харьцуулахад 13.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 60.1 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Гэхдээ 2016 онд барилгын салбарт эрэлт ихээр буурсан, ипотекийн зээл олголт саарсны улмаас энэ салбарт ажиллагчид 16.7 мянгаар буурчээ. Харин энэ салбарын үйлдвэрлэл 4.7 хувиар буурсан аж.
Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд ядуурлын түвшин найман хувиар нэмэгдэж 29.6 хувь болсныг ҮСХ, Дэлхийн банкны хамтарсан судалгаагаар тогтоожээ. Бүс нутгаар нь авч үзвэл зүүн бүсэд ядуурал хамгийн их буюу 12.5, харин төвийн бүсэд 4.6, Улаанбаатарт 8.4 пунктээр нэмэгдсэн байх юм. 2016 оны байдлаар 900 мянга гаруй иргэн ядууралд орсон байна. Энэ нь нийт хүн амын гуравны нэг гэсэн үг. Ядуурлын шугамын үзүүлэлтийг 146 мянган төгрөгөөр тогтоосон ажээ. Дундаж амьдралтай иргэд сард дунджаар 290 мянган төгрөг хэрэглээндээ зарцуулдаг гэв. Харин ядуурал хамгийн их нэмэгдсэн зүүн бүсэд нэг хүн сард дунджаар 185 мянган төгрөг зарцуулж буй бол нийслэлд энэ үзүүлэлт 260 орчим мянган төгрөг байна.
Д.ЖАГАР