Монголын спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай тэмцээн болох “Хүрхрээ үндэсний лиг”-ийн 2017 оны улирлаас нэгэн хүчирхэг баг мултарсан нь футзалын ‘дархан’ аварга “Унаганууд” юм.
Футзалын “Пепси дээд лиг”-ийн аваргын цомыг гурав дараалан өргөсөн “Унаганууд”, “Хүрхрээ үндэсний лиг” эхлэхээс өмнө талбайн улирлын бэлтгэлээ хангалттай хэмжээнд базааж чадаагүй гэхэд буруудахгүй. Учир нь дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир, багийн ахлагч П.Алтантулга, хаалгач М.Чанцал нар Азийн 20 хүртэлх насны АШТ-нд оролцсон Монголын 20 хүртэлх насны футзалын шигшээ багийн арын албанд ажиллаж, лигийн эхний хагаст клубтээ хангалттай хэмжээнд анхаарал хандуулж чадаагүй. Тиймдээ ч “Унаганууд” улирлын эхний хагаст ердөө дөрвөн оноо цуглуулсан.
Футзалын дархан аварга “Унаганууд” улсынхаа хамгийн өндөр шагналын сантай тэмцээнд үлдэхийн тулд улирлын хоёрдугаар хагаст сайн тоглох даалгавартай болсон. Гэсэн ч С.Эрдэнэ-Очир дасгалжуулагч 11 сард зохиогдох Азийн футзалын АШТ-ийн эрхийн төлөөх тэмцээний бэлтгэлдээ гарч “Хүрхрээ үндэсний лиг”-ийн тоглолтууддаа бүрэн анхаарч чадаагүй гэхэд хилсдэхгүй. Лигт амжилт гаргахын тулд бэлтгэл жигд хангагдах нь чухал боловч “Унаганууд” футзалын тоглолтууддаа анхаарч дээд лигийг орхисон юм.
Дээд лигээс унасан “Унаганууд”-ын тоглогчдоос бүрдэж, дасгалжуулагчаар нь удирдуулсан Монголын футзалын үндэсний шигшээ баг бэлтгэлийнхээ үр дүнг харуулан Улаан-Үд хотод хойд хөршийн шилдгүүдийн эсрэг гайхалтай тоглолт үзүүлж “Кубок Открытие” тэмцээний хэсгийн шатнаас шалгараад байна.
Б.ЭНХ