Чилийн нэрт зохиолч Пабло Нерудагийн үхлийн шалтгаан хорт хавдар биш байсныг шүүх эмнэлгийн шинжээч мэдэгдлээ. Нэрт зохиолч 1973 онд Чилид генерал Августо Пиночет төрийн эргэлт хийснээс ердөө хэдхэн хоногийн дараа хорт хавдраар нас барсан гэдэг билээ.
Нас барсных нь дараа түүний жолооч Мануэл Арая ‘Зохиолчийг нууц ажилтнууд хордуулж алсан’ гэж ярьсан байдаг. Харин цогцсыг дахин шинжилсэн шинжээч түүнийг хорт хавдраар нас бараагүй болохыг баталжээ. Гэвч үхлийн шалтгааныг нь тодорхойлж чадаагүй байна.
Нэрт зохиолчийн цогцсыг шинжилсэн шинжээч Аурелио Луна хэвлэлийн хурал дээр хэлэхдээ “Шинжилгээний дүн түүний үхлийн шалтгаан болсон гэх дүгнэлттэй таарахгүй байна. Пабло Неруда түрүү булчирхайн хорт хавдартай байсан ч энэ нь үхэлд хүргэх шалтгаан болоогүй байна. Өөр ямар нэгэн хүчин зүйл нөлөөлсөн” гэжээ.
2013 онд зохиолчийн шарилыг дахин шинжлэх шийдвэр гарсны дагуу цогцсонд хортой бодисын шинжилгээ хийх бөгөөд хариу гарахад дахин нэг жилийн хугацаа шаардлагатай гэнэ.
Нобелийн шагналт зохиолч Пабло Неруда Чилийн социалист ерөнхийлөгч асан Сальвадор Аллендегийн дотны нөхөр, дэмжигч байжээ. Түүнийг нас барахаас гурав хоногийн өмнө Мексикийн Засгийн газар түүнд улс төрийн орогнол олгосон юм. Нэрт зохиолчийг улсаас гарч явуулахгүйн тулд амийг нь хөнөөсөн гэдэгт шинжээчид эргэлзэхгүй байна. Шинжээчийн таамаглаж буйгаар түүнийг унтаж байхад нь ямар нэгэн хортой зүйл тарьсан гэнэ.