УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд эрчим хүчний салбарт хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй холбоотой мэдээлэл хийсэнтэй холбогдуулж, гишүүд асуулт тавьж хариулт авч байна. Асуултад Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хариулт өглөө. Тухайлбал, Эрчим хүчний системийн аюулгүй байдал ямар төвшинд байна вэ гэсэн асуултад дараах хариулт өглөө.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Эрчим хүчний системийн аюулгүй байдал хараат хэвээрээ, хямралын ард гараагүй хэвээр байгаа. ОХУ-тай холбож байгаа шугам тасарсан тохиолдолд 1990 оны хямрал дахиад үргэлжилнэ. Өнгөрсөн хугацаанд зээл тусламжаар станцуудаа найдвартай ажиллуулах талд сайжруулсан юм бий.
Усан цахилгаан станцын асуудлыг чухалчилж ирсэн. 220 мвт-аас дээш хүчин чадалтай станцтай болсон нөхцөлд аюулгүй байдал хангагдана. Эгийн голын усан цахилгаан станц барихаар болсон ч тодорхой шалтгааны улмаас хойшилсоор ирсэн. Цаашдаа эрчим хүчний бие даасан системтэй болъё гэвэл усан цахилгаан станцыг шийдэхээс аргагүй. Ямар оврын станц барих шарадлагатай вэ гэдгийг гаргах ёстой.
Унгар улстай хамтраад социализмын үед усны судалгаа хийж байсан, түүнийг эргэж харна гэсэн хариулт өглөө.
Г.ДАРЬ